Монголын баг дэлхийн цомд үзүүрлэв

3-р сарын 4, 2013 11:29 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 986
Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө 13 дахь удаагийн “World Cup-2013”

М.ТИЛЕК

Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө 13 дахь удаагийн “World Cup-2013” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт ухаа спортын цогцолбор”-т боллоо. Дэлхийн шилдэг найман багийн бөхчүүдийн дунд олимпийн наадамд оролцсон зургаан бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт хоёр бөх, дэлхийн аварга гурван бөх, ДАШТ-ний медальт 10 бөх,  залуучуудын дэлхийн аварга дөрөв, өсвө­рийн дэлхийн аварга нэг, оюутны дэлхийн аварга ес, тивийн наадмын аварга гурав, тивийн аварга найман бөх байгаа нь энэ удаагийн тэм­цээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгов.

Дэлхийн шилдэг найман баг А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдаж халз барилдав. А хэсэгт АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, В хэсэгт Монгол, Япон, Канад, Энэт­хэгийн багууд орж тэмцээний эхний өдөр хоорондоо хүч үзэв. А хэсэгт манай өмнөд хөр­шийнхөн Беларусийг 7:0, АНУ-ыг 5:2, Казахстаныг 6:1-ээр тус тус илүүрхэж нэгдү­гээр байраар шалгарч аваргын төлөө барилдахаар болжээ. Харин Беларусь, Казахстаныг тус бүр 7:0-ээр бут ниргэсэн АНУ-ын баг хэсэгтээ хоёрду­гаар байраар шалгарч Дэлхийн цомын гуравдугаар байрын төлөө өрсөлдөх эрхээ авчээ. Беларусийн охид Казахын багийг 5:2-оор дийлснээр хэсгээсээ гурваар гарч тав­дугаар байрын төлөө өрсөлдө­х­өөр болсон байна.

Харин В хэсэгт дэвжээний эзэн Монголын баг гайхалтай барилдаж үзэгч, хөгжөөн дэм­жигчдээ баярлуулан хэсгийн бүх өрсөлдөгчөө буулгаж авч, Дэлхийн цомын аваргын төлөө барилдах эрхтэй болов. Манай охид эхлээд Канадын багийг 4:3-аар ялж тэмцээнээ ам­жилт­тай эхлүүлэв. Манай бөхчүүдээс дэвжээн дээр хам­гийн түрүүнд гавьяат тамир­чин Ц.Энхжаргал гарч Кана­дын бөх Миан Жасминетэй гурван үе барилдаж 2:2, 1:2, 0:1 онооны харьцаагаар ялагд­лаа. Дараа нь 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг дэлхийн аварга Макдональд Жессикатэй ба­рилдсан ч туршлага дутаж дийлсэнгүй, 2:0, 3:5 онооны харьцаагаар ялагдав. Ийнхүү манай хоёр бөх ялагдсаны дараа байдал хэцүү болсон үед олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн канадын бөх Лавердюре Британнеетэй ба­рилдаж эхний үеийг нэг оноо­ны илүүгээр дуусгаж хоёрду­гаар үед цэвэр дарж манай багийн анхны ялалтыг авлаа. 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнх­туяа канадын бөх Мишель Фаззаритэй барилдаж эхний үед клинч барьцаагаар хо­жиг­дож хоёрдугаар үед 3:0 онооны харьцаагаар ялж итгэл төрүүл­сэн ч гуравдугаар үед 1:3 онооны харьцаагаар дийлд­сэн. Байдал ийнхүү хэцүү болж барилдааны харьцаа 1:3 болсон үед гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг гарч канадын бөх Бручард Жюс­тина Анжелаг нэгдүгээр үед гар ачиж 3 оноо авч төвөггүй ялж хоёрдугаар үед цэвэр дарж үнэхээр шилдэг бөх гэд­гээ харуулав. 67 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Насан­бурмаа Канадын бөх Биуденс Мегантэй барилдаж ур чадвар, туршлагаар илүүрхэж 3:0, 5:0 онооны харьцаагаар ялсан. Хоёр багийн онооны харьцаа 3:3 харьцаатай болсон хам­гийн эгзэгтэй үед гавьяат тамирчин О.Бурмаа Каллахан Лифтэй барилдаж нэгдүгээр үе дуусах үед мордох мэхээр нэг оноо авч ялалт байгуулж хоёрдугаар үед өрсөлдөгч нь хөмрөх мэх хийхэд нь үлдэж ард нь гарч нэг оноо авч давуу байдла хадгалсаар 3:2 онооны харьцаагаар дийлж багтаа хам­гийн чухал ялалтыг авчирсан. 

Дараа нь манай баг Энэт­хэгийг 5:2-оор буулгаж авав. Манайхаас Ц.Энхжаргал, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Б.Одончимэг нар ялалт байгуулж, Э.Даваа­чимэг, С.Цэрэнчимэд нар өрсөлдөгчиддөө ялагдав.

Гуравдугаар тойргийн ба­рил­даанд В хэсэгт тус бүр хоёр ялалт аваад байсан Монгол, Японы багууд халз тулав. Хоёр багийн аль ялсан нь нэгээр шалгарч Дэлхийн цомын авар­гын төлөө өрсөлдөх эрхээ авах учир маш хариуцлагтай барил­даан болов. Манай бөхчүүдээс дэвжээнд хамгийн эхэнд гавьяат тамирчин Ц.Энхжар­гал гарч залуучуудын дэлхийн аварга Юки Ириетэй барилд­сан ч 0:7, 2:4 онооны харьцаа­гаар дийлдэв. 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг Ю.Мияхарад,  55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Бямба­цэрэн залуучуудын дэлхийн аварга Чихо Хамадад тус ялаг­даж онооны харьцаа 0:3 болж манай баг нэлээд хүнд бай­далд оров. Ийнхүү үлдсэн тамирчид ялагдах эрхгүй болж 59 кг-ын Т.Мөнхтуяа Ю Са­каног цэвэр ялж хөгжөөн дэм­жигчдээ баярлуулав. Түүний дараа 63 кг-д гавьяат тамир­чин С.Батцэцэг, 67 кг-д О.На­санбурмаа, 72 кг-ид Б.Одон­чимэг нар өрсөлдөгчөө ялж манай охид түүхэнд анх удаа Дэлхийн цомын аваргын төлөө барилдах эрхээ авчээ.

В хэсгийн хоёрдугаар бай­раар шалгарсан Японы баг Энэтхэг, Канадын тус бүр 5:2-оор буулгаж авав. Харин Кана­дыг 4:3-аар ялсан Энэтхэгийн баг хэсгээсээ гурваар гарч тавдугаар байрын төлөө ба­рил­дахаар болжээ. Тэмцээний сүүлчийн өдөр долдугаар бай­рын төлөө Ка­захстан-Кана­дын багуудын халз барилдаа­наар эхлэв. Кана­дын охид Казахын багийг 6:1-ээр ялав. Дараа нь Энэтхэ­гийн баг Бе­лару­сийг 5:2-оор ялснаар Дэлхийн цомын тав­дугаар байрт оржээ.

Гуравдугаар байрт АНУ-ын багийг 4:3-аар ялсан Япо­ны бүсгүйчүүд оров. Аваргын төлөө Монгол, БНХАУ-ын багууд өрсөлдөж өмнөд хөр­шийн­хөн 4:3-аар ялалт бай­гуу­лав. Ийнхүү ма­най Монго­лын баг түүхэндээ анх удаа дэлхийн цомд хоёр­дугаар байрт оров.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *