Монголын асуудал “Рио тинто”

10-р сарын 1, 2013 11:18 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 831
Дэлхийн уул уурхайд шинэ хуудас эхлүүлээд байгаа Оюутолгойд Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүд солигдоод удаагүй байна.

Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн уул уурхайд шинэ хуудас эхлүүлээд байгаа Оюутолгойд Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүд солигдоод удаагүй байна. ТУЗ-ийн өмнөх гишүүдээс ялгаатай нь эдийн засгийн талаар шаггүй мэдлэгтэй хэмээн олон нийт тэднийг онцолж байгаа. Иймдээ ч шинэхэн гишүүд гадаад захирлуудтай ширээний ард суухдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн шийдвэрүүдийг үзэглэхэд тустай гэж зарим нь дүгнэж байна.

Энэ зуур өмнийн говийн энэ том ордын далд уурхайн бүтээн байгуулалтын дараагийн шатны санхүүжилтийг гацаанаас гаргахаар Монголын талын төлөөлөгчид Лондонд “Рио тинто”-той хэлэлцэхээр мордоод эхнээсээ нутагтаа хөл тавиад байгаа. Энэ тухай гадаадын хэвлэлүүдэд хэрхэн тоймлон нийтэлснийг хүргэж байна. Хилийн чанад дахь хэвлэлүүдэд энэ яриа, хэлэлцээний талаар өөр өөрсдийн өнцгөөс тайлбарласан мэдээлэл хэвлэгдсэн байна.

Дэлхийд захиалга, хүртээмжээрээ эхний аравт жагсдаг томоохон хэвлэлийн нэг болох Хятадын “Peopledaily” цахим хэвлэл ч “Рио тинто” болоод Засгийн газрын хоорондын яриа хэлэлцээнд ихээхэн анхаарал хандуулжээ. Тэд энэ тухай хэрхэн мэдээлснийг дор хөрвүүлэв.

 

Peopledaily: ДАЛД УУРХАЙ ОЮУТОЛГОЙН 80 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ

Монголд Оюутолгойн талаарх маргаан цаг авах зуур гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 41 хувиар буурсан юм. Тэгвэл “Рио”-чууд хөрөнгө оруулалтын замдаа түр “тоормоз” аваад байгаа энэ үед далд уурхайн бүтээн байгуулалт Оюутолгойн үнэ цэнийн 80 хувьтай тэнцэж байна.

Эдийн засаг нь уруудаж, валютын хомсдолд тийчилж буй Монголын Засгийн газар энэ цаг үед “Рио тинто”-г далд уурхайн ажил болоод хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийхийг шамдуулсаар буй. Өнгөрсөн өвлөөс хойш “Рио тинто” групп далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн саналыг Монголын Засгийн газраар батлуулахаар хичээж байгаа юм. Гэсэн хэдий ч Засгийн газар хариу өгөөгүй бөгөөд байр суурь нь ч тодорхойгүй хэвээр байна. “Рио тинто”-гийн мэдээлснээр Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, АНУ-ын экспорт импорт банк зэрэг дэлхийн тэргүүлэгч банкуудаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр дөрвөн тэрбум ам.доллар босгохоор болоод байгаа юм.

 

Australian mining: ОЮУТОЛГОЙГ АВСТРАЛИЙН ТАТВАР ТӨЛӨГЧИД САНХҮҮЖҮҮЛНЭ

Оюутолгойн дараагийн санхүүжилтийн эргэн тойронд мэдээлэл хуримтлуулаад буй дараагийн хэвлэл бол 1908 оноос хойш Австралийн уул уурхайн салбарын толь болоод байгаа “Australian mininig.com” юм. Тэд энэ тухай хэрхэн мэдээлснийг хүргэе.

Оюутолгой төслийн шинэ ерөнхийлөгчийг “Рио тинто”-гоос томилоод удаагүй байна. Шинэ ерөнхийлөгч Крэйг Киннель “Рио тинто”-гийн зэсийн салбарыг олон жил удирдсан туршлагатайг “West Australian” сонин мэдээлж буй. Далд уурхайн 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн асуудал гацаанд ороод байх зуур ийнхүү шинэ томилгоо биеллээ олсон юм. Ингэснээр шинэ ерөнхийлөгч нь “Рио тинто”-г Монголын Засгийн газартай холбох гүүр нь болно. Гэвч өнгөрсөн хугацаанд “Рио тинто” Монголын Засгийн газрын тэмцлийн үр дагаварт 1700 хүн уурхайгаас халагдсан билээ.

Гэвч шинжээчдийн дүгнэж буйгаар Монголын Засгийн газар, “Рио тинто”-гийн хоорондох далд болоод ил уурхайн менежментийн зардал, бүтээн байгуулалтын зардлын талаарх асуудлыг шийдэх хэлэлцээ ихээхэн цаг хугацаа авахаар байна. Анхандаа энэ тухай Монголын талаас парламентын шийдвэрийг хүлээх ёстойг учирласан бол сүүлдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэх шаардлагагүйг онцолсон билээ.

Ямартаа ч Оюутолгой төслийн санхүүжилт Австралийн экспорт кредитийн агентлагаас үргэлжлэн санхүүжих бололтой. Тус агентлагаас мэдээлснээр тэд Австралийн татвар төлөгчдийн мөнгөөр төслийн зарим хэсгийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.

 

Морган Стэнли: ОЮУТОЛГОЙН НЭГЖ ХУВЬЦАА 1.46 АВСТРАЛИ ДОЛЛАР

Хөрөнгө оруулагчдыг цаг үеийн мэдээллээр хангах зорилготой Австралийн “”eurekareport.com.au“ цахим хуудаст “Морган Стэнли” банкнаас Оюутолгойд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэснийг нийтэлснийг дор хөрвүүлэв.

“Морган Стэнли” банкны мэдээлж буйгаар “Рио тинто”-гийн эхлүүлсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт чамгүй хугацаа авах нь. Тус банкны шинжээч Брэндан Фитцпатрик “Оюутолгойн далд уурхайн ажил хойшилсон нь “Рио тинто”-гийн зэсийн тээвэрлэлтэд нөлөөлөхгүй байх” гэжээ. “Бид 2013-2014 онд учирч болох эрсдэлийг хамгийн доод хэмжээнд нь хязгаарлаж чадсан” хэмээн тэрээр бас ярьсан байна.

“Морган Стэнли”-гийн үзэж буйгаар Оюутолгой уурхайгаас 2015-2020 онд 33-37 сая тонн 0.9 хувийн зэсийн хүдэр олборлох боломжтой юм. Далд уурхай нь нийт зэсийн олборлолтыг 2015 он гэхэд хоёр хувиар өсгөх бол 2020 онд бүр 50 хувьд хүргэж нэмэгдүүлэх тооцоог тэд гаргажээ. Фитцпатрик Оюутолгойн одоогийн цэвэр үнэлгээг 103 тэрбум ам.доллар гэж үнэлсэн юм. Тэрээр Оюутолгойн бүх үнэт цаасыг 1.9 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцааг 1.46 австрали доллар хэмээн үнэлж байна. Энэ онд “Рио тинто”-гийн хувьцааны ханш 14 хувиар унаад байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *