Монголд шударга шүүх байна уу?

9-р сарын 27, 2012 9:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 336

Ч.ОЛДОХ 

 

Нийслэлийн шүүх МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурлыг өөрийг нь оролцуулал­гүйгээр хаалттай хийж, Сүхбаатар дүүргийн шүү­хээс гаргасан анхан шат­ны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээсэн нь  ингэж асуухад хүргэж байна.

Нөгөө талаар, өмнөх  шүүх хурлыг гурван өдрийн турш телевизийн шууд нэвтрүүлгээр олон нийтэд хүргэсэн атлаа энэ удаа хэвлэл, мэдээл­лийнхэн, сэтгүүлчдийг оруулалгүй хаалттай хаал­ганы цаана шөнө дөл хүртэл хуралдан ийнхүү шийдвэрлэсэн нь хард­лага төрүүлж  байна.  Учир нь Сүхбаатар дүүр­гийн шүүх хилс хэрэг тулгаж,  улс  төрийн  зорилгоор ямар ч үндэслэлгүйгээр ял ногдуулсан.

Үүнийг  шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчид,  ажиглагчид, тэр бүү хэл  хууль гадарладаг  нь байтугай огт мэдэхгүй хүмүүс ч өрнөж  буй үйл явдал, шүүх хурлын явцаас дүгнэн хэлж байгаа. Хамгийн гол нь Н.Энхбаярт холбогдуулаад буй хэрэг гэгч нь ямар ч хохи­рогч­гүй, нэхэмжлэгчгүй, ха­риуц­лага тооцох үндэс­лэлгүй зохиомол гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль, хүний эр­хийг зөрчсөн шинэ цагийн хэлмэгдүүлэлт экс Ерөн­хийлөгч дээр хэрэгжиж буй.  Үүнийг давж заалдах шатны шүүх хурлыг даргалсан Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа ч хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сонирхолтой нь  “Анхан шатны шүүх хурал зарим хуулийг зөрчсөн байна. Ялангуяа өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Н.Энхбаярыг цагаатгах бус яллах талаас илүүтэй хандсан” гэж хэлсэн атлаа  түүний ам, ажил хэрхэн зөрж буйг  “Давж заалдах гомдлыг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа” гэсэн  шүүхийн шийдвэр батлан  харуулав.  Хоёр ч  шатны шүүхээс гаргасан  энэхүү шийдвэрийг одоо Дээд шүүх  хяналтын хурлаараа  хэрхэн хэлэлцэхийг харах л үлдлээ.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг гэгч нь   нэхэмжлэгч, хохирогчгүй. Дээр нь хэрэг үүсгэсэн үндслэлүүд  нь тодорхойгүй. Зүгээр л  олон жил хүмүүсийн дунд яригдсан цуу ярианд тулгуурласан  таамаг төдий зүйлүүд. Гол нь түүнийг яллах, аль болох олон жилээр нийгмээс тусгаарлах  зорилго хууль, шүүхийнхээр бамбай хийсэн  эрх мэдэлтнүүдэд  байна гэдгийг  ажиглагчид  хэлдэг. Нэг үгээр хэлбэл,  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх сонирхол илэрхий давамгайлж байна гэж олон нийт үзэж байгаа юм. Гэхдээ Монголын шүүх, шүүгч болгон бүгд  шударга бус болчихоогүй, асуудлыг шударгаар шийдвэрлэх  байх гэсэн итгэл, үнэмшил, хүлээлт  МАХН-ын удирдах төвшнийхнөөс эхлээд  жирийн гишүүд, дэмжигчид, олон нийтэд байсан. Тухайлбал,  Сүхбаатар дүүргийн шүүх улстөрийн нөлөөнд автаж нэг талыг барьсан, яллахыг гол зорилгоо болгосон бол давж заалдах шатны шүүх асуудалд нухацтай хандаж, шударга шийдвэр гаргана гэдэгт тэд итгэж байв. Гэтэл тэгсэнгүй. Харин ч анхан шатны шүүхээс гаргасан хүний эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан, илэрхий хэлмэгдүүлсэн, нотлох баримтгүй, үндэслэлгүйгүйгээр  хэрэг үүсгэж ялласан  тогтоолыг баталж, дахин хууль зөрчлөө. Хуулиа баримталбал, шүүх асуудалд шударгаар хандвал Н.Энхбаяр нарт үүсгээд буй хэрэг цагаадах, хэрэгсэхгүй болох олон үндэслэл бий. Нөгөө талаас,  харин ч хавтаст хэрэгт бүрдүүлсэн тэрхүү материалуудаас  АТГ болон хууль, хяналтын байгууллагууд анхаарч, мөрдөн шалгавал зохих хэргийн учиг ч анзаарагддаг. Тухайлбал, Н.Энхбаяр өөрийн хэвлүүлсэн номыг  МИАТ-ээр  тээвэрлүүл­сэн гэх асуудал байна. Тэрээр энэ асуудлыг няцааж,  анхан шатны шүүх хуралд хангалттай баримт тайлбарыг өгч байв. Нэгэнт  Н.Энхбаяр гэдэг хүн ном, ачаа бараагаа тээвэрлүүлээгүй юм бол өөр хэн түүний нэрийг “зээлдсэн” байж таарах вэ. Тэрхүү нууц ноёнтон хэн бэ. Тухайн үед  эрх мэдэл бүхий хэн  гээч этгээд МИАТ-д алба хашиж байв, тэр нөхөр ямар компани босгож, түүндээ хаанаас тоног, төхөөрөмж оруулж ирэв. Тэр нь тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярын ажлын айлчлал, гадаад томилолттой давхцаж уу  гэдгийг эргэн харж, хянаж шалгах учиртай биш үү. С.Нарангэрэл өмгөөлөг­чийн анхан шатны шүүх дээр асууснаар  тэр нь АТГ-ын дэд дарга Б.Хурц байсан ч юм бил үү.  Онцгой эрхт төлөөлөгч тэрээр тухайн үед ямар үүрэг гүйцэтгэж байв, ямар нууц нэр хэрэглэж байв,   эхнэрийнх нь  “Сарнайх” салон хэдэн онд байгуулагдлаа, тэр нь  Н.Энхбаярын МИАТ-аар ном тээвэрлүүлсэн гэх зохиомол хэрэгт авагдсан цаг хугацаатай таарч байгаа юм биш үү, үгүй юу гээд шалгаад үзэхэд ямар  хариу гарах бол. Хууль, хяналтынхан энэ мэтээр  ажлаа хийх ёстой байх. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлдэг  биш бодит үнэнийг  тогтоож чаддаг болсон цагт Монголд шударга шүүх, шүүгч байна гэж найдъя.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *