Монгол залуус дэлхийд ур чадвараа гайхуулав

8-р сарын 20, 2015 1:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 50
tosloo 11

З.БОЛД

Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Пауло хотод энэ сарын 11-16-нд болсон. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийнхан уржигдар эх орондоо ирэв.

Сан Пауло хотын Энхэмби цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд 59 орны 1190 залуу, 1200 гаруй эсперт багш оролцжээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцсон бөгөөд манай залуус гагнуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах төрлөөр өрсөлджээ.

Монголын багаас мужааны төрөлд өрсөлдсөн Д.Нармандах хамгийн өндөр оноог авч “Үндэсний ялагч”-ийн шагнал хүртсэн. Мөн токарийн мэргэжлээр өрсөлдсөн Х.Лхагва, тогоочийн төрөлд хүч үзсэн Б. Мөнх-Эрдэнэ нар ч өндөр оноотой шалгарчээ.

Гагнуурын төрлөөр оролцсон Л.Ганцоож, үсчний Б. Ундармаа, гоо заслын Б.Номингоо, цахилгааны П.Галбадрах, өрөг угсрагчийн Ж.Энхчимэг, хавтанцар наах мэргэжлээр ур чадвараа сорьсон Б.Мөнгөншагай нар төрөлдөө өндөр оноо авч олон улсын анхааралд зүй ёсоор орсныг тэмцээнд оролцогчид,  багш нар хэлж байсан.

Түүнээс гадна манай залуус тэмцээний үеэр зохион байгуулсан бусад арга хэмжээнд ч тун амжилттай оролцсон байна. Токарийн мэргэжлээр өрсөлдсөн 40 орны оролцогчдыг хоёр багт хуваан хамгийн хурдан хугацаанд робот хийх тэмцээнд манай Х.Лхагвын баг түрүүлж, алтан медаль хүртсэн нь энэ тэмцээний бас нэг чимэг болсон байна.

1950 оноос хойш хоёр жил тутамд болохдоо хүрээ нь улам бүр тэлж буй Дэлхийн ур чадварын тэмцээний дараагийнх нь 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд болно. Харин 2019 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Казань авчээ.

“Анхныхаа тэмцээнд амжилттай оролцсон нь Монгол Улсын хувьд дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт гаргах том боломжийг нээж байна. Энэ тэмцээнд оролцоход тусалсан Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/ болон үндэсний компаниуд санхүүгийн, мэргэжлийн туслалцаа дэмжлэгийг харамгүй үзүүлсэнд талархаж байна”  хэмээн тэмцээнд оролцогчид хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

tosloo 21 (1)

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *