Монгол Улс агаарын хөлгийг сансраас удирддаг боллоо

6-р сарын 22, 2018 9:44 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Технологи , Шуурхай Мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 96
6-22-3

С.УЯНГА, Н.АНУ

Монгол Улс агаарын зайгаа бүрэн хянах ажиглалтын систем нэвтрүүлснээ зарлаж  автомат,  ажиглалтын “ADS-B” системийг  нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж эхэллээ. Ингэснээр нислэгийн аюулгүй байдал хоёр дахин найдвартай болж, агаарын хөлгийг газраас хардаг байсан бол сансраас удирддаг  болж байгаа юм. Мөн агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хэрэгжүүлж буйгаа өчигдөр ИНЕГ-ынхан хэллээ.   Манай улс “ADS-B” системийг  нэвтрүүлсэн Азийн зургаа дахь орон болж байгаа бөгөөд одоогоор энэ системийг дэлхийн 20-иод улсад ашигладаг юм байна.

Агаарын навигацийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа энэхүү орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан “ADS-B” системийг  ашиглаж эхэлснээр гарах бас нэг давуу тал нь  Монгол Улс агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн таатай, аюулгүй, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл  бүрдэж байгаа аж. Мөн нислэгийн үр ашиг дээшилж, чиг шулуун нислэг хийх боломжтой болсноор  дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм.

“ADS-B” систем нь нисэхийн салбарынхны олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн төдийгүй 12 иж бүрдэл автомат, ажиглалтын системийг суурилуулан бүсийн болон хөрш улс орнуудын төлөвлөгөөтэй уялдуулан аюулгүй ажиллагааны үнэлгээ, “ADS-B” системийн илрүүлэлтийн судалгаа, автомат системд илэрсэн үл нийцлүүдийг арилгах зэрэг цөөнгүй ажлыг үе шаттайгаар хийж иржээ. Үүний үр дүнд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас  Монгол Улс тэргүүн эгнээнд Автомат хамааралтай ажиглалтын “ADS-B” системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалт, удирдлагын зайчлалд ашигладаг болж байгаа нь энэ юм. “ADS-B” системийг  нэвтрүүлэхийн тулд 109 мэргэжилтнийг сургалтад хамруулсан нь ажлын ур чадвар, шаардлага шинэ түвшинд гарч байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Б.Алтанцом: “ADS-B”  СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСЭН НЬ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАС ЮМ

 Автомат системийн талаар ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом “ADS-B”  системийг нэвтрүүлсэн нь хөгжлийн шинэ хуудас юм. Өөрөөр хэлбэл, нислэгийн аюулгүй байдлыг одоогийн удирдаж буй системээс хоёр дахин илүү найдвартай болгож байна гэж ойлгож болно. Хоёр төрлийн системийг ашиг­лаж агаарын хөл­гүүдийн хоорондын зай, аюулгүй байдлыг хангаж байна гэсэн үг юм. Хуучин лакатороор онгоцоо удирддаг байсан бол давхар сансрын систем ашиглаж удирддаг боллоо. Монгол Улс дээгүүр өнгөрч буй 300-аад агаарын хөлгийг газраас харж хянахаас гадна сансраас хардаг удирддаг болсон гэсэн үг. Мөн бага зардлаар хийдгээрээ давуу талтай. Манайх  Азидаа сансрын аюулгүй байдлын системийг ашиглаж буй зургаа дахь улс болж байна. Үүнийг хийхэд амар байгаагүй. Залуучуудаараа бахархаж байна. Маш олон газраас баярын илгээлт ирж байна. Энэ системийг Австрали, Шинэ Зеланд арлын улсууд хөгжүүлсэн байдаг. Тэнд очиж туршлага судалж боловсон хүчнээ бэлтгэсэн. Үүнийг дагаад  гадаад хэлний болон сансрын холбооны талаарх мэдлэг илүү өндөр болох ёстой. Монгол Улсын дээгүүр дамжин өнгөрч буй агаарын хөлгийн тоо тасралтгүй өсч байна. Дэлхийд дунджаар 4-5 хувьтай байдаг бол манай улсад 8-9 хувьтай байна. Энэ нь хоёр том хөршийн  эдийн засаг сайжирч, жуулчдын тоо ихсэж байгааг илтгэж байгаа. Мөн Монголоор дамжихад аюулгүй гэдгийг илэрхийлж байна” гэлээ.

Сансрын хиймэл дагуул, агаарын хөлөгт байдаг тоног төхөөрөмж ашигладаг Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсон ч ямар нэг өөрчлөлт гарахгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *