Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгана

10-р сарын 4, 2017 9:32 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 20
10-4-8

Ц.БАЯР

Улаанбаатарт ойрын өдрүүдэд Орос, Монголын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны үйл явдлаар амьсгалж байна гэж хэлж болно. Орос, Монголын  найрамдлын өдрүүдийн нээлт  Соёлын төв өргөөнд болов. Мөн  “Мишээл экспо”-д “ОХУ-д үйлдвэрлэв” бизнес эрхлэгчдийн  үйлдвэрлэл, техникийн үзэсгэлэн зохион байгуулж,  өчигдөр “Блью Скай”-д “Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт эхлэв. Энэ оны эхний хагаст Монгол, Оросын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сайн үзүүлэлт хэдий ч хоёр талын худалдаанд тэнцвэргүй байдал хэвээр байна. Иймд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын тэнцвэргүй байдлыг арилгаж эдийн засгийг улам тэлэх шаардлага байна гэж Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил онцлов. Сүүлийн хэдэн жилд хоёр орны худалдааны хэмжээ багассан ч 2017 оны эхний долоон сард Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 46.8 хувиар өссөн дүн юм. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-руу 33.4 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол ОХУ-аас 671.9 сая ам.долларын барааг импортлон авчээ. Импорт 80 хувь, экспорт 20 хувь болсон худалдааны балансгүй байдлыг цаашид тэнцвэржүүлэх асуудлыг  Монголын талаас хөндөж, гарц хайж эхэлжээ. Манай улс ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй үнэ болон бусад саадыг арил­гах зорилгоор ЕвроАзийн эдийн засгийн  чөлөөт худалдааны хэлэлцээр бай­гуулах саналыг дэв­шүүл­сэн аж. Нийт бараа эргэлтийн 70 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй хориг саадыг хамтын хүчээр арилгахад Оросын талаас идэвхтэй ажиллаж байна гэж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Оросын Олон улсын хамтын ажиллагааны Холбооны тэргүүн С.В.Калашников хэлсэн үгэндээ тэмдэглэв. Манай улс газар зүйн байршил нь хоёр том улс, Ази, Европ тивийг холбох боломж, давуу талтай. Давуу талаа ашиглахын тулд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг урагш­луулахын тулд Төмөр замын төвийн кори­­­дор, Азийн авто замын сүлжээ, Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулахаар тохиролцсон байна. Энэ нь Монгол, Орос, Хятад улсын эдийн засаг, дэд бүтэц сайжрахад чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, хоёр орны бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хөгжийг шинэ шатанд гар­ган хөгжүүлэх ач хол­бог­долтой. ОХУ-ын том  хотуудын нэг Ново­сибирскийн захирагч А.Е. Локоть хэлэхдээ “Манай хот Улаанбаатар хоттой ижил уур амьсгалтай, утаа болон, барилгын дулаан алдалт гэх зэрэг тулгамдсан асуудал ижил. Манайх  энэ асуудлаа шийдвэрлэж чадсан. Тиймээс манай технологийг танайх ашиглах боломж байна. Нөгөө талаар барилга, аж үйлдвэрлэлийн сал­барт хамтарч ажиллах, хөгжлийн шинэ ханд­лагыг бий болгохыг зорьж байна” гэв. 2016 оны эдийн засгийн чуулга уулзалтыг Новосибирск хотод зохион байгуулсан. Энэ удаад Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл хамтран “Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уул­залтыг зохион байгуулж байна. ОХУ-аас Оросын Олон улсын хамтын ажиллагааны Холбооны тэргүүн С.В. Калашников тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулган салбар хуралдаанаар хоёр өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *