Монгол ноолуур, Улаанмөчиртэй төгсгөлийн хэсэг

6-р сарын 25, 2018 9:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 31
6-25-3
Сэтгүүлчдийн хамтарсан баг Улаанмөчир чуулгын тоглолтыг үзэж сонирхов. ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг Сөнөд баруун хошуу.

Б.СОЛОНГО

Түрүүч нь Хүрз хэрэглэхгүйгээр мод тарьж, услахгүйгээр ургуулж байгааг үзэв

Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилд бий болсон бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнтэй танилцсан сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.

МОНГОЛООС НЭГ КГ НООЛУУРЫГ 500 ЮАНИАР АВЧ БАЙНА

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан багийн аялал, сурвалжлага богино хугацаанд олон сэдвийг хамарч чадсан юм. Бид долоо хоногийн хугацаанд ӨМӨЗО-ы нутгаар явж өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнг үзэхдээ бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин гээд олон салбарын хөгжилтэй танилцаж чадсан. Энэ удаад Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунд ажилласан тэмдэглэлийг хүргэж байна. Сөнөд баруун хошуу нь мал аж ахуйн бүтээгдэхүүндээ тулгуурлан эдийн засгийн бүс болж чадсан нутаг юм. Энэ бүсд 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 33 нь ноос ноолуурын чиглэлийн компани байв. Жилд 15 мянган тонн цэвэр ноолуур, 5000 тонн хонины ноос, 7000 тонн ноолуур боловсруулж нэг сая ширхэг хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд угаах, самнах, будах, ээрэх, нэхэх гээд бүх дамжлагыг цогцоор гүйцэтгэж байв. Тэд 2017 онд 25 сая юанийн татварыг улсдаа төлж, 1602 хүнийг ажлын байраар хангажээ. Бидний сонирхлыг татсан нэгэн мэдээлэл бол “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монгол Улстай хамтран ажиллаж байгаа гэв. Манай улсаас ямааны ноолуур, хонины ноос худалдан авч бэлэн бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрт бид очсон юм. Тус компани 2017 онд монголоос 75 тонн угаасан ноолуур худалдаж авсан бол энэ жилийн байдлаар 175 тонныг авчихаад байгаа гэв. Тун удахгүй хонины 2000 тонн ноос худалдаж авахаар гэрээгээ үзэглэжээ. Манай улстай 2014 оноос хамтарч ажиллаж байгаа бөгөөд нэг килограмм угаасан ноолуурыг 500 юаниар худалдаж авдгаа хэлэв. Харин манай улсын ноос, ноолуур тэнд хөнжил, хувцас, цүнх, бэлэг дурсгалын зүйл гээд 40 гаруй төрлийн бэлэн бүтээгдэхүүн болж хятадын зах зээлд нийлүүлэгдэж байна.

ДУУ ХУУРААР ҮДҮҮЛЭВ

Сөнөд баруун хошууны бас нэгэн бахархал бол 1957 оноос өнөөдрийг хүртэл дуу хуураа таслаагүй Улаанмөчир чуулга юм. 37 монгол үндэстэн, есөн хятад үндэстэн, нэг хотон үндэстэн нийт 47 уран бүтээлчтэй тус чуулга нь Хятадын ууган Улаанмөчир юм. Улаанмөчир нь байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн турш үндэсний уламжлалт соёлыг дээдлэн, цаг үетэйгээ зохицуулан 2400 гаруй уран бүтээл туурвижээ. Тэдгээрээс “Мөнгөн буйлтай цагаан тэмээ”, “Монгол шатар”, “Малчны хайр”, “Эсгий ширдэг” зэрэг дуу бүжиг, дуурийн бүтээл болон “Амьдралын мод”, “Тал нутгийн гэрэлт сувд-Сайхантал” “Сөнөд ардын дууны эмхэтгэл” зэргийг дурдаж болно.

Сэтгүүлчдийн хамтарсан багийн сурвалжлагын сүүлийн цэг энд таарсан бөгөөд бидэнд зориулж тоглолт бэлтгэсэн байлаа. Уран бүтээлчид нь тус бүр 3-4 төрлийн үзүүлбэрт оролцох бөгөөд нэг хүн дуу дуулж, бүжиглэж, хуур татаж, ерөөл өргөх гээд олон талын авьяастай аж. Ийнхүү бидний сурвалжлагын төгсгөлийг дуу хуураар мялаасанд багагүй бэлэгшээн аяллаа өндөрлөсөн билээ. Хятад улсад өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийг “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Өвөрмонголоос сурвалжлан бэлтгэсэн тэмдэглэлийг тоймлон уншигч танд хүргэж дууслаа. Энэхүү аяллын зурган сурвалжлага болон дүрст мэдээллийг www.polit.mn сайтаас дэлгэрэнгүй үзээрэй.

ТАНИЛ ДОТНО “ТАЛЫН ДУУ ХООЛОЙ”

Тус аяллыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан бөгөөд зохион байгуулалтыг гардан гүйцэтгэж, бидэнд хөтөч болсон ӨМӨЗО-ы “Талын дуу хоолой” радиогийн хамт олонд дахин талархал илэрхийлье. Чадварлаг сэтгүүлчдээр баг хамт олноо бүрдүүлсэн тус радио 2013 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. “Мэдээ мэдээлэл”, “Солонго”, “Тэнгэрлиг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг тусгай найман хөтөлбөрийг бэлтгэдэг. Өдөрт 18 цаг 15 минутын эфиртэй бөгөөд Улаанбаатар хотод “Шинэ долгион 107.5” радиогоор дамжуулан найман цагийн турш нийтлэл нэвтрүүлгээ цацдаг.

“Хятадын өөрчлөлт шинэчлэлт энэ жил 40 жилийн ойгоо угтаж байна. Энэ хугацаанд эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, соёлын цэцэглэлт, ард түмний амьдрал гээд бүх талаараа амжилтанд хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа.  Энэ хөгжлийг элэг нэгт монгол ахан дүүсдээ үзүүлэх зорилгоор ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан энэхүү аяллыг зохион байгуулж ийнхүү өндөрлөж байна. Хятад, Монголын нийт 40 сэтгүүлч хоёр чиглэлээр сурвалжиллаа. Хэдийгээр томилолтын цаг давчуу байсан ч Монголын сэтгүүлчдийн сонирхлыг татах зүйлсийг үзүүлэхийг зорьсон.

Тухайлбал,  их хотод тулгардаг бүх саад бэрхшээлийг туулж гараад богино хугацаанд хөгжиж чадсан Хөх хотын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, тэр дундаа махны чиглэлийн гарц сайтай хонийг бэлчээрийн биш фермерийн хэлбэрээр өсгөж байгааг монгол сэтгүүлчид их сонирхож байлаа.  Мөн халцгай нүүдэл элс байсан Хөвчийн элсийг ойжуул­сан туршлагыг үзлээ. Бидний хамтарсан сурвалжлага маш үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна” гэж “Талын дуу хоолой” радиогийн дарга Баясгалан бидэнд ярьж байлаа. Өвөрмонголын сэт­гүүлчид маш чадвар­лаг, олон талын мэдлэгтэй байдаг нь сурвалжлагын явцад үзэж, харсан зүйлээ бүрэн ойлгож, гүнзгий судлахад бидэнд их дэм болж байсныг төгсгөлд нь онцлон тэмдэглэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *