Монгол хүнтэй анх нүүр тулсан Чех модерн хөгжим

11-р сарын 2, 2018 8:15 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 8
11-2-9

М.МӨНГӨНСҮХ

Хөгжим судлаач

Монгол Улсын Филармонийн танхимд Чехословак улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ойн ажлын хүрээнд “Чехийн хөгжмийн үдэш” тоглолт болж,  Э.Виклицкийн “Төгөлдөр хуурт зориулсан Ми мажорын гоцлол концерт”-ыг төгөлдөр хуурч Тунсагийн Цолмон гоцлон, Б.Батбаатарын удирдлагаар симфони найрал хөгжим хавсран анх удаа эгшиглүүллээ.

Төгөлдөр хуурч Т.Цолмон Чех улсад төгөлдөр хуурч, багшийн мэргэжил эзэмшсэн тул Чехийн хөгжмийн соёл, мэргэжлийн төгөлдөр хуурчийн хэмжүүр, эгшиг­лэгээний арга техникийг чадамгай эзэмшиж, Чехийн хөгжмийн боловсролын чансааг симфони хөгжмийн найралтай хам­руу­лан үзэгч сонсогчдын таа­шаалд амжилттай хүргэж чадлаа.

Чехийн орчин цагийн хөгжмийн зохиолч, жазз төгөлдөр хуурч Эмиль Виклицкий 1948 онд Ольмюцид төрж, Палацкийн их сургуульд математикч мэргэжил эзэмшсэн хэдий ч өөрийн сонирхлоо даган жазз төгөлдөр хуурч, импровизаци гоцлооч, хөгжмийн зохиомжийн мэр­гэж­лээр Берклейн хөгж­мийн коллежийг дүүр­гэн, улмаар “Чехийн жазз хөгжмийн нийгэмлэг”-ийг удирдан ажиллажээ.

Төгөлдөр хуурчийнхаа хувьд тэрээр Lou Blackburn – International Quartet,  Benny Bailey-Quintet, multi-instrumentalist Scott Robinson нартай дэлхийн улс орнуудаар лекц, аялан тоглолт хийсээр ирсэн юм.

Э.Виклицкий төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдийн зохицол найрсалд зориулан цөөхүүл хөгжмийн чуулгаас эхлэн томоохон бүрэлдэхүүнтэй найрал дуу симфони найрал хөгжимд бүтээлээ түлхүү туурвиж ирсний нэг нь “Төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулсан Ми-мажорын гоцлол концерт”-оос өнгөц шинжихэд хөгжмийн зохиолч Э.Виклицкий зөвхөн энэ л авьяас чадвартаа зориулагдсан жазз хэв маягийн онцгой мэдрэмжээрээ Морави үндэстний ардын хөгжмийн меланхолик блюз маягийн алгуур эгшиглэгээг аргил хоолойн хуйлран гялалзсан техникээр эсрэгцүүлэхээс гадна М.Равель, Ф.Лист нартай нэлээн төстэй, цаашлаад  Дорнын хөгжмийн эгшиглэгээтэй тун ойр сонсдох нь сонирхол татаж байна.

Чех улсын зүүн хэсэгт оршдог угсаатны суурьшлын түүхэн газар нутгийн баялаг түүхтэй Мораванчуудын хөгжим нь баруун зүүн Европын хөгжмийн соёлын гол уулзвар болсон чухал онцлогтой үндэстэн юм.

Түүний бүтээлд консонанс-диссонансын харьцааны ялгарамж, “хэвтээ босоо шугаман” зохиомжийн тэнцэл, арга барилын ухаалаг үзэгдэл, дэвсгэр хөгийн холбоос, эгшиг таталцлын хүрээ зэрэг олон  зүйлээр хэлбэршлийн үйлдлээ нотлон зохиосон байдаг тул тоглоочдоос сонгодог сэтгэлгээ, жазз хэв маягийн хосолмол гүйцэтгэлийн өндөр ур чадварыг шаарддаг аж.

Уг бүтээлд ардын хөгжмийн аялгууг олон хоолойн хэрэглүүрт ашиглаж ирсэн авч зохиомж /импровизаци/-ийн хувьд илэрхийлвээс гол тулгуур эгшгийн мэдрэмжийг алдахгүйгээр цомнолын тогтвортой болон хүрээлэн буй бусад өргүүдээс аялгууны бүтэц хөдөлгөөний хүчин зүйл хамаарах нийлэг оролдлого нь жазз хөгжмийн хүрээнээс аль хэдийнэ хол давсан гэж судлаачид үзжээ.

Тэрээр үндэсний дуу хөгжмийн сэдэв аялгууг хэмнэлийн хувьд эрчимтэй, ялгарамжтай харьцууллаар оруулж, дуурслын харьцааг ондоошуулах дэвсгэр гар­монийн эд эсийг баяжуу­лах аргаар аялгууны хэвтээ тогтлыг гармонийн эрчмээр соёолуулан жазз хэв маягийн техник, импровизаци хөгжилтэй хослуулан ашиглахыг хичээснээрээ онцлогтой юм.

Мөн түүний бүтээлд Морави үндэстний ардын дууны хэлбэршлийн хүчин зүйлийн нэг болох “Моравийн хөг шилжүүлэг /хөг шилжүүлэг/” хэмээн нэрлэгддэг хувилбар /вариаци/ нь хөгжмийн бүтцийн хувьд асар их баялаг боломжуудыг нээж өгснөөр хөгжмийн зохиолч олон өнгө төрхөөр үзүүлэх дэвсгэр хөгийн харьцааны хүчирхэг хэрэглүүрээр модуляцлах /хувиргах/ явцад үүсэх орон зайг нөхөж илэрхийлэх хөдөлгөөнүүдийн зарчмыг дориун ашиглаж чаджээ.

Тэрээр “Өнөөдрийн миний уран бүтээлийн гол танигдах шинж нь нэг талаас сонсогчдод илүү дотно хүрдэг ардын дууны аялгуунд үндэслэх, нөгөө талаас би тэрхүү аялгууг анхдагч эх сурвалжаас нь алслуулан сонсогчдод өөр хэв маягаар хүртээхийн тулд хэмнэлээр хувиргаж, регармонизаци буюу “зохиролжуулга үгүй” гэдэг барилыг  ашигладгаараа онцлогтой болов уу” хэмээжээ.

…”Хөгжим ба математикийн харилцан хамаарлыг та хэрхэн харж байна вэ хэмээн түүнээс олон удаа асуухад тэрээр үргэлжид “Жазз хөгжимчид бол интеллектуаль оюун санааны өөр сонирхолтой хүмүүс” гэдгийг ойлгох биз дээ” гэж хариулдаг билээ.

Э.Виклицкий залуу авьяаслаг уран бүтээлч­дийн оргилуун авьяасыг нээн илрүүлэхдээ Мора­вийн ардын урлагийн үнэ цэнийг таньж мэдэрсэн хөгжмийн идиоми хэллэгийг ХХ зууны жазз, сонгодог хөгжмийн өвөрмөц хэллэгтэй нийлмэгшүүлсэн бүтээлч эрэл хайгуулын дүнд “Шинэ хөгжим”-гээчийг нээж чадсан гэж үздэг аж.

Чехийн жазз төгөлдөр хуурч Э.Виклицкийн гайхамшигтай сүрдэм бас уянгалаг нандин тоглолт нь хүчлэгийн болон бүтэц зүйн нарийвчлалтай техникээр арвин. Харин түүний зохиомжийн жазз хэв маяг нь “гойд сонин адилтгал /синкретизм/”-ын хүрээнд угсаатны хөгжмийн үзэл санааг энгийн хэрнээ боломжит бүхий л мэргэжсэн /виртуоз/ техник, уран сайхны илэрхийллээрээ орчин цагийн дэлхийн жазз төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч гэдгээ  зарлан тунхагласааар байна.

Тиймээс манай төгөлдөр хуурч ами­луу­лан тоглож, үзэгч олны сонорт хүргэсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *