“Монгол хүн уул зарж оффшорт нуухыг 1992 оны Үндсэн хууль батлагчид зүүдлээ ч үгүй”

4-р сарын 3, 2017 9:36 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 15
2-16

-Шинэ Үндсэн хуулийн төслийг  Архангай, Өвөрхангай аймгийнханд хүргэв-

 

Ч.Олдох

Шинэ Үндсэн хуулийн хөдөлгөөн орон даяар давалгаалан өрнөжээ. Аль ч аймаг, суманд очиход иргэд   сонссон дуулснаа бие биедээ хуваалцаж, дор бүрдээ эргэцүүлж, нэгийг сэтгэж, нөгөөг харьцуулсан яриа хөөрөөтэй угтаж байна.   Шинэ  Үндсэн хуулийн төслийг 21 аймаг, улс орон даяар  хэлэлцүүлэх МАХН-ын ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймагт ажиллахад ийм дүр зураг ажиглагдав.Архангайнхан “1992 оны Үндсэн хуулийг батлахад манай аймгаас 19 хүн Улсын Бага хурлын гишүүн байсан. Энэ түүхээрээ бид их бахархдаг. Харин одоо эргээд харж байхад оносон, алдсан зүйл бас байна. Өнөөдөр оффшорчид байгалийн баялгаа хулгайлан  гадагш нь гаргаж нууц дансанд хийчихжээ. Улсаа зараад хөлжчихжээ. Хяналт, хариуцлага гэдэг юм алга байжээ гээд ярьж, бичиж байна. Ер нь 1992 оны Үндсэн хуулийг батлагчдын санаанд монгол хүн  хэзээ нэгэн цагт нэг уул зараад хэчнээн тэрбум ам.долларыг оффшорт нуучихна гэдэг зүйл орох вэ. Тэр үеийн хүмүүсийн санаанд ч байтугай зүүдэнд нь ч  орохгүй зүйл” хэмээн ярьж байна. Иймээс тэд шинэ Үндсэн хуулийн төсөлд Ардын хянан шалгах хороог сэргээн байгуулахаар тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өвөрхангайчууд төрийг хяналттай болгох, хуулийг чанаржуулахад хоёр танхимтай парламенттай байх нь зүйтэй гэж үзэж байв.

Шинэ Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн нээлтэд   МАХН-ын дарга   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндсэн хуулийг яагаад өөрчлөх шаардлагатай вэ” сэдвээр илтгэл тавилаа. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан  Э.Эрдэнэжамъян хууль  хэрэгжилтийн талаар,  Дорнод аймгийн МАХН-ын Түмтийн дарга, Бага чуулганы гишүүн Ж.Энхжаргал ард түмний амьдрал, нийгмийн хандлагын тухай,   намын Бага чуулганы гишүүн Б.Ганцэцэг Үндсэн хуулийн наймдугаар зүйлийг эдийн засгийн өнөөгийн байдалтай холбон  илтгэл тавьсан юм.  Өвөрхангай аймгийн  иргэдийн уулзалт, хэлэлцүүлэгт ажлын хэсэг дээр  УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ нэмэгдэж улс орны өнөөгийн байдлыг Үндсэн хуулийн тодорхой заалтуудтай холбож иргэдийн саналыг сонсов.

 Д.Төрмөнх\Тариатын хийдийн лам\: Ард түмэн өөрсдөө батлах ёстой

-Монгол Улс 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлаад уджээ. Өнөөдрийн өндөрлөгөөс  эргээд харахад хоёр нийгмийн завсар шилжилтийн үед  энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс өнөөдөр шинэчлэх нь зөв. Өнөөдөр нийгмийн амьдрал ямар байна вэ. Төр, засаг маань бидэнд яаж хандаж байна вэ. Ард түмний ахуй амьдрал ямар байна. Эрх барьж байгаа хүмүүс яаж амьдраад байна. Энэ бүхнийг үндэс болгож Үндсэн хуулиа өөрчилж сайхан амьдралын төлөө нийтээрээ саналаа өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь монгол хүнээ төрийн хамгаалалтад авч, сайхан амьдруулна гэж хуулийн төсөлдөө оруулсанд талархан дэмжиж байна. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ дахь 76 гишүүн шийдэх эрхгүй. Нийт ард түмэн  хэлэлцэж, саналаа нэмэрлэж, эцэст нь батлах ёстой. Монгол хүн бид Элчин сайдын яамдаараа дамжуулаад дэлхийн 186 оронд очиж үзсэн хүмүүс. Дэлхийтэй хөл нийлүүлсэн, бас Монголынхоо онцлогийг хадгалсан Үндсэн хуультай байх ёстой.

Ц.Эрдэнэбаатар \Архангай аймгийн 1-р багийн  иргэн\: Хяналтын тогтолцоог хуулчьлахыг дэмжинэ

-Шинэ Үндсэн хуулийн төслийг Монголын ард түмэн бүгд  дэмжиж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг  наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэгт зохион байгуулагдаж, Архангай аймагт хүрч ирсэнд бид баяртай байна. 1992 оны Үндсэн хууль тухайн цагтаа зориулагдсаных уу, алдаа байсан. Тэр нь хяналтын тогтолцоог орхигдуулсан. Улсын Бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга байсан хүмүүс одоо  түүнийгээ хүлээн зөвшөөрдөг, хэлдэг юм билээ. Хуулийн энэ цоорхой нь Монгол Улсыг хулгайч нар хуйвалдан идэх эх үндэс болсон. Өнөөдөр оффшорчид, авлигачид улсынхаа байгалийн баялгийг гадагш зөөсөн онгорхой тэр юм. Төр 1+76 нийлээд 77  хулгайчтай болчихсон. Өнөөдөр дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл дэвтэр төд,бал төд хэрэгтэй гээд тооцоолол хийдэг болсон шүү дээ. Гэтэл бид Оюутолгой, Тавантолгой гээд баялгаа эргэлтэд оруулаад байх юм, олсон юм алга. Харин ч улсын өр талийж байна. Үүнийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Хулгайч нарын хурууг таслахгүй ч, мөнгөө эргүүлж авъя. Олон улсын шүүхэд өгье, бид нэг бөмбөрцөг дээр амьдарч байгаа учраас дэлхийн хууль бидэнд бас үйлчлэх учиртай. Хуульдаа үүнийг тусгая. Босоо заяатай монголчууд ядуу, дээр  нь ингэж  номхон хүлцэнгүй  амьдарч болохгүй. Сэрцгээе. Шинэ Үндсэн хуулийн төслийг Архангайчууд бид  дэмжье. Өөрчлөлт хийе.Улс орныхоо эзэн байя. Баялгаа  Үндсэн хуулиараа аргамжъя,  өөрсдөө захиран зарцуулъя. МАХН-ын дарга Н.Энхбаяр та болон танай намын  гишүүд  хичээгээрэй.

Т.Ядамсүрэн \Улсын Бага хурлын гишүүн асан\:Хоёр танхимтай парламент шаардагдаж байна  

-Архангай аймгаас Үндсэн хууль батлалцаж явсан 19 хүний нэг нь би. Эргээд харахад 1992 оны хуулийг батлахад  алдсан юм ч, хожсон юм ч байна. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн 26 жилийн туршлага үүнийг бидэнд харууллаа. Монголчууд 1924 онд Анхны Үндсэн хуулиа баталсан. Б.Цэрэндорж гэдэг хүн Ерөнхий сайд байхдаа найман улсын Үндсэн хуулийг харьцуулж судалж хийсэн. Үндсэн хууль Монгол Улсын цаашид ямар замаар явахыг заах баримт бичиг гэж үзэж засаглалын хэлбэрээ судалж, Үндсэн хуулиа хийсэн. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж оруулсан. УИХ, Улсын Бага хуралтай байх засаглалаар явсаар 1940 оны Үндсэн хуулиа өөрчилсөн. Ингэхдээ парламентаа мөн хоёр танхимтайгаар  баталсан. УИХ, Улсын Бага хуралтай байсан. Үүгээр 1947 он хүртэл яваад сүүлд сонгуулийн системээ өөрчилсөн. Үүнээс болж Улсын Бага хурлыг цомхотгосон. Энд би юу хэлэх гээд байна гэвэл парламент хоёр танхимтай байхгүй бол болохгүй. Хяналтын тогтолцоо алга. Үүнээс болж 76 хүн хэрэгт орж байна. 76-ийн дээр сахиус суухгүй бол болохгүй байна гэж би олон жилийн өмнө хэлж байсан, одоо ч ийм л саналтай байна.

З.Зундуй  \лам\:  Төр ард түмэндээ энэрэлтэй байгаасай

-Би Түвдэд сурч байгаад ирсэн лам хүн. Манай Үндсэн хуульд шашин төрөө хүндэлнэ  гээд нийтлэг нэг заалт бий. Тэгвэл энэ заалтыг дэлгэрүүлж  Төр, сүм хийдийн тухай хуульд  тодорхой  оруулах өгөх шаардлага байна гэж хардаг. Та бүхэн Үндсэн хуульдаа энэ талаар тодорхой болгож тусгаарай гэж хүсье.  Архангай аймаг маань 90500 хүн амтай. Үндсэн хуулиа өөрчлөхөд бүгдээрээ сэрэх хэрэгтэй. Цаашлаад гурван сая монголчууд сэрэх цаг болжээ.Та бүхэн ард түмэндээ энэрэлтэй байгаарай. Төр, засаг минь мөн тийм байгаасай.

Г.Дарьсүрэн \Монголын геологийн анхны өрөмдлөгийн мастер\: Хуулиа өөрчлөхөд нийтээрээ зүтгэх олон  шаардлага байна 

-Ард түмнийхээ сайн сайхны төлөө шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцүүлж яваа МАХН-ын удирдлагад баярлалаа. Энэ төслийг батлуулснаар монгол хүн бүрийн аж амьдрал дээшилнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хэлэлцүүлэгт ирсэн хүн бүхэн цааш цааш нь  аймгийнхаа бүх иргэдлэд хүргэж, сурталчилж, шинэ Үндсэн хуулиа батлуулах үйлсийг чин сэтгэлээс хөтлөн зүтгэхийг хүсье. Өнөөгийн төрийн тогтолцоо маш их гажуудсан. Үүнээс болж ард түмний амьдрал доройтож, нэг хэсэг нь хагартлаа баяжиж, нөгөө хэсэг нь туйлдан ядуурч байгаагийн илрэл шат шатанд тодорхой харагдаж байгаа. Яагаад ийм болов, ганц жишээ хэлье. Манай улсын газрын дээр, доор байгаа бүх баялаг ард түмний мэдэлд байна  гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, цөөн хэдэн зальтай этгээд, гадаадл, дотоодын пүүс, компанитай нэгдэн ард түмний өмч, улсын баялгийг цөлмөж баяжсан. Би геологийн салбарт, шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж  стратегийн  том ордуудыг илрүүлэхэд хүчин зүтгэсэн. Монголын анхны геологи, уул уурхайн өрөмдлөгийн мастер. Бор-Өндөр, Хар айргийн хайлуур жоншны бүлэг ордын хайгуул хийхэд оролцож, 1960-аад онд аймгуудыг түлшээр хангах нүүрсний хайгуулыг хийж байв. Төв аймгийн Эрдэнэсантын нутгаас эхлэн Баян-Өлгий хүртэл баруун аймгуудын хөрсөн доорх усны нөөц судлах хайгууд хийсэн. Хамгийн сүүлд Тавантолгойн усны нөөцийг тогтоох хайгуулыг хийж байсан. Тэгвэл олсон, илрүүлсэн энэ ашгаас  би болдоод над шиг олон монгол хүн, жирийн иргэд  нэг ч төгрөгийн ашиг хүртсэнгүй. Ард түмэн  ингэж амьдарч байна. Иймд шинэ Үндсэн хуульд тусгагдсан Ардын хянан шалгах хороог заавал байгуулах шаардлагатай. Шинэ Үндсэн хууль батлагдаж, тэр хороо байгуулагдвал оффшор дансанд ард түмний хөрөнгийг аваачиж нуусан этгээгдүүдийг илрүүлж, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Тэр хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж Монголын ард түмэн хэчнээнээрээ үхэж, амьд байгаа нь ядуурлын туйлд хүрч, зовж байгааг бид харж байгаа. Тооцоо хийх цаг болсон. Өнөөдөр Ардын нам өрийг өрөөр дарж, түр амсхийж байна. Тухайн үедээ зөв байх. Гэхдээ оффшорын дансанд энэ өрийг бүрэн дарах мөнгө байсаар байгааг Монгол Улсын төр мэдэж байгаа. Тэрийг авч өрнөөс салах хэрэгтэй. Арод түмний халааснаас хулгай хийсэн мөнгийг авчрах ийм л төр манай улсад үгүйлэгдэж байна. Ийм засаг манайд тогтвол ард бид боллоо. Монголын ард түмэн өргүй. Олон улсыг дамжсан том луйварчингуудтай тооцоо хийх цаг болсон. Иймд иргэд шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, идэвхтэй оролцох хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд сонгуульд оролцоо байсан. Сонгосон ч яалаа, байсан ч яалаа гэдэг болсон. Ядарсан иргэд ч оролцохоо байсан, амьдралд нь гэрэл гэгээ гарахгүй учраас тэр. Ер нь төрийн сонгуульд яаж оролцохоо иргэд ойлгохоо байсан. Аль нь гарсан ч тоохоо  байсан. Тийм учраас бидний амьдрал ийм болсон. Хүн бүхэн үүнийг ойлгох хэрэгтэй.Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар  Монгол Улсыг дээш нь гаргачихдаггүй юм гэхэд төрийн тогтолцоог дөнгүүр бариад явчих хүнээ олж сонгох нь иргэд бидний үүрэг юм. Бүтээлч Ерөнхийлөгчөө олж сонгохыг энэ дашрамд уриалъя.

Т.Нацагдорж: Хуулиа өөрчлөхөд хүн бүр зүтгэе 

-Шинэ Үндсэн хууль Монголд шинэчлэл авчирна. Монголчууд бүгд үр хүүхэдтэй, модоор бол үндэс мөчиртэй. Бидний үе өнгөрлөө ч үр хүүхэд минь сайхан амьдраасай. Бүгдээрээ үүнийг л бодож, зөвхөн аймаг, сум, хотол олон, улс нийтээрээ шинэ Үндсэн хуулийн энэ төслийг  батлуулахын төлөө зүтгэе. 

 Архангай, Өвөрхангай аймгийн иргэд шинэ Үндсэн хуулийн төсөлд  саналаа ийнхүү илэрхийлэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд МАХН-ын ажлын хэсэг иргэдийн хамт   Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Сайн Ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж,  хуулийн төсөл сурталчлах дараагийн аяндаа  гарлаа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *