Милан дахь анхны Монгол модель

5-р сарын 17, 2013 11:01 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг , Урлаг, спорт Уншсан: 1078
Барууны өрсөлдөөнт, тулаант ертөнцөд цойлж “Chanel”, “Hermes” зэрэг бүхий л алдартай шоуны тайзнаа алхсан загвар өмсөгч Д.Оюунномин эх орныхоо нэрийг дэлхийн загварын тавцанд гаргаж яваа нэгэн. Түүнийг загварын ертөнцийнхөн Nora Dagva нэрээр нь танина.

Х.МОНГОЛХАТАН

Барууны өрсөлдөөнт, тулаант ертөнцөд цойлж “Chanel”, “Hermes” зэрэг бүхий л алдартай шоуны тайзнаа алхсан загвар өмсөгч Д.Оюунномин эх орныхоо нэрийг дэлхийн загварын тавцанд гаргаж яваа нэгэн. Түүнийг загварын ертөнцийнхөн Nora Dagva нэрээр нь танина. 1999-с 2004 онд Монголдоо, түүнээс хойш одоог хүртэл Сингапур, Хонг-конг, Шанхай, Парис, Миланд 13 дахь жилдээ загвар өмсөж байна. Тэрээр Сингапурын алдарт “Diva models” агентлагт ажилладаг. Мөн Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг. Сингапур орныг сурталчлах зураг авалтад оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг төрхөөрөө чимсэн тэрээр “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны монгол модель юм. Нора хоёр жилийн өмнө “Cosmo”-гийн “Шилдэг модель” бүсгүйгээр шалгарсан билээ. Түүнтэй ярилцлаа.

-Загвар өмсөгч охидод гадаадад загвар өмсөх боломж ховор гардаг. Өөрийн чинь хувьд яаж яваад Сингапурт ажиллах болов?

-Тэр үед монгол залуу­чууд Сингапурт сурахаар их явдаг байсан. Манай эгч Сингапурт сурахаар явсан юм. Эгч минь бас загвар өмсдөг л дөө. Тэндхийн загварын агент­лагт орсон боловч хичээл ихтэй болохоор хэцүү байсан. Тэгээд эгч надад Сингапурт загвар өмсөх нээлттэй юм байна гээд санал болгосон.

-Монголд загвар өмсч байсан тухайгаа яриач. Олон тэмцээн уралдаанд оролцдоггүй байсан санагдана?

-Дархан хотод анх “Үнс­­гэлжин” наадамд орол­цож байсан. Сүүлд “Гоёл” наадамд оролцсон. Гэхдээ яг модель болоод байнга загвар өмсч байгаагүй. Жилдээ нэг “Гоёл” наадамд оролцоод явдаг байсан.

2004 онд намайг явах үед олон агентлаг байгаагүй, зураг авалт өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан. Харин одоо бол шинэ зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус маш их байна. Өнгөрсөн жил Хөвсгөл явахад бүр их мэдэрлээ. Дизайнерууд гоё хувцас хийсэн, зурагчид нь ажлаа сайн мэддэг. Мөн сүүлийн үед олон сэтгүүл гардаг болсноор, сэтгүүлийн нүүрний зурганд ач хол­богдол өгдөг, моделиудаа үнэлдэг болсон санагдлаа. 

-Таны хувьд хүний нутаг ээлээ өгчээ. Гэхдээ ганцаардах шантрах үе байсан биз?

-2005 онд би Сингапур явж, тэндхийн “International agency”-д орсон. Анхны хийсэн том ажил гэвэл Сингапурыг сур­талч­лах зурагт хуудаст зургаа авахуулсан. Энэ зураг авалтад Бразил, Сингапур, Орос, Италийн топ моделиудтай хамт ор­сон юм. Энэ постер маань Сингапур, Бээжингийн бүх гудамжны томоо­хон самбарт өлгөгдсөн. Олон охидоос сонгогдож чадсандаа би маш их урам зориг авсан.

Түүний дараа Сингапурын үндэсний их сургуульд гурван жил суралцахын зэрэгцээ давхар модель хийж байсан. Сингапур бол Азийн загварын төв гэдэг утгаараа орон орны алдартай моделиудтай. Янз бүрийн олон брэндтэй, загварын шоу их болдог учир ажил ихтэй.

Гурван жилийн өмнө Сингапурт “Chanel”-ийн шоу болоход олон моде­лоос сонгогдож, анхны монгол модель загвар өмс­сөн. Бас энэ хавар “Hermes” брэндийн шоу хий­сэн. Бас л олон зуун моделиудаас 10 модель шигшсэн. Үлдсэн 10 моделиос намайг сонгож, Азийг төлөөлж энэ шоунд оролцуулсан. Миний онц­лог гэвэл өндөр, нийтлэг биш төрхтэй. Монгол хү­мүүсийн царайны онцлог бусад азиудтай харь­цуулахад арай өөр байдаг. Түүгээрээ давуу талтай юм болов уу гэж боддог.

-Тэгвэл заг­варын охидыг эгнээндээ элсүүлэх бо­ломж хэр нээлттэй байна вэ?

-Бүх боломж нээлттэй байлгүй яах вэ. Эхлээд зохих хэм­жээний гадаад хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ одоо монгол охид нэг үеэ бодвол гадаад хэл сайн сур­чих­сан, бо­ловсролтой бол­сон байна. Зураг авалтад орж, олон зурагтай бо­лох хэ­рэгтэй. Тэ­гээд авахуулсан зургаа гадаадын 10 агентлаг руу явуу­лахад, бүгд зөв­шөөрөхгүй ч нэг нь нааштай хариу өгөхийг үгүйс­гэхгүй.

-Ази болон европ загвар өм­сөгчидтэй ажил­ладаг хүний хувьд тэдний ялгааг тодор­хойлооч. Ур чад­варын хувьд давуу болон сул та­лууд ажиг­лагддаг уу?

-Манайд гудамжаар явж байхад ямар нэг агентлагийн хүн ирээд өөрийг тань модель болгоё гээд санал тавих, сарын дараа Парист ч юм уу, өөр улс оронд загвар өмсүүлэх боломж байхгүй шүү дээ. Бид үнэхээр өөрсдөө дур­тайдаа, “бор зүрхээрээ” ажилладаг. Харин баруунд залуу охидыг маш их сонирхож, шинээр нээж илрүүлдэг. Загвар өмсөгч гэдэг ойлголт тэнд утгаараа, өндөр хэмжээнд хөгжсөн. Бидний хувьд ч ур чадвараа дээшлүүлэх бололцоо ихтэй. Шинээр гарч ирээд л туршлагатай моделиудтай өрсөлдөж эхэл­дэг. Залуу тусмаа шинэ дүр төрх гээд хүчтэй, үнэ цэнэтэй байдаг. Ха­рин манайд энэ байдал эсрэгээрээ шүү дээ. Заа­вал нэг туршлагатай, “гун­шин”-тай болсноор өр­сөлдөөнд ордог.

-Модель хүний ур чадвар гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

-Моделиудын type буюу төрөл гэж бий. Би өндөр, туранхай учраас high fashion талдаа тохиромжтой гэдэг. Ур чадварын хувьд ердөө мэдрэмж шүү дээ. Хүний хүссэнийг өгнө гэдэг хэцүү. Дизайнер хүн хувц­саараа юу илэрхийлэхийг зорьсон, түүнийг гаргана гэдэг мэдрэмжийн асуу­дал. Мөн моделийн амьд­рал үргэлж өрсөлдөөн дунд байдаг. Эндээс хүн маш их зүйлд суралцана. Ямар нэг шоуны шалгаруулалт болоход 50 модель ирээд хоёр нь шалгардаг. Нүүрэн дээр жижиг өө бий болох, багахан таргалсны төлөө хасах гэхчлэн хэцүү.

-Таны хамгийн том амжилт гэвэл?

-Би Миланд загвар өмсч байгаа анхны монгол модель. Бас “Chanel”-ийн шоунд оролцсон анхны монгол загвар өмсөгч. Миний хийсэн ажил бол­гон хамгийн том амжилт болов уу. Тэнд анх очоод ээмэг, зүүлтний брэндийн нүүр царай болж, олон сурталчилгаанд зураг авахуулсан. Тэгээд анхны гэдгээ нэг их тодотгохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь тэдэнд монгол модель ямар чадвар, чадалтай, мэдрэмжтэйг харуулж чадсан. Харин энгийн үедээ би хээгүй хүн л дээ. Хүмүүс загвар өмсөгч гэхээр л нүүрээ будсан, үсээ ороосон хүн мэт хардаг. Ажлаа хийх үедээ л тийм болдог.

-Нора найз залуутай юу?

-Үгүй. Нэг газар удаан байдаггүй болохоор одоохондоо найз залуутай болох зав байхгүй. Би хүнтэй нэг, хоёр сар найзалж байгаад болиод, ахиад найзлаад явахыг хүсдэггүй. Одоогийн байдлаар эхний нэг, хоёр жилдээ шаргуу, дайчин ажиллаад дараа нь хувийн амьдралдаа анхаарна гэж төлөвлөж байна. Найз залуутай болбол насаараа л хамт байна шүү дээ.

-Монголдоо хэзээ ирэх вэ. Загвар өмсөөд амьдрах боломж бий юу?

-Манайхан үнэхээр мэдрэмжтэй хувцасладаг. Сайхан хувцаслана гэдэг үнэтэй, чамин хувцас өмсөхөд биш юуг, юутай хэрхэн тохируулж өмсөх вэ гэдгийг л хэлээд байгаа юм. Яг өнөө маргааш гэж хэл чадахгүй ч удахгүй эх орондоо ирж ажиллаж амьд­рах бодол байгаа. Манайд үнэлэмж бага уч­раас загвараа үргэлж­лүүлнэ гэж хэлж мэдэхгүй байна. Харин сонирхлоороо стилист хийх боломжтой. Мөн гадаадад мэр­гэжлийн шоунд оролцож олон жил ажилласан, энэ хугацаанд багагүй зүйлийг анзаарч, сурч авсандаа тулгуурлан шоуны зохион байгуулагч хийж болох юм. Мэргэжлийн талаас нь санаа, оноо гаргах талаар ажиллах бодол байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *