Метрод болсон дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүний тоо 14-т хүрчээ

4-р сарын 5, 2017 8:47 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Халуун цэг Уншсан: 11
4-5-2

М.ХҮСЛЭН

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд уржигдар болсон  дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 14-т хүрчээ. Мөн 50 орчим хүн шархдаж бэртсэн байна.  Дэлбэрэлт орон нутгийн цагаар энэ сарын 3-ны 14.40 цагт болжээ. Метроны галт тэрэг Сенная плошадь, Технологический институт гэх хоёр өртөөний хоорондох хонгилоор зорчиж байх үед бөмбөг дэлбэрсэн тухай тус улсын Терроризмтай тэмцэх үндэсний хорооноос мэдэгдэв.

Дэлбэрэлтийн дараа Санкт-Петербург хотын метроны сүлжээг бүхэлд нь хааж, тусгай хамгаалалтад авчээ. Өдөрт хоёр сая гаруй зорчигч тээвэрлэдэг Санкт-Петербургийн метро нь дэлхийн хамгийн том метроны сүлжээний нэг юм. Өмнө нь тэнд халдлага гарч байсан удаагүй ажээ.

Дэлбэрэлт гарах үед Санкт-Петербург хотод байсан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэргийн газарт очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьжээ. Санкт-Петербург хотын захиргаанаас амиа алдагсдын ар гэрт тусламж болгон 23 сая рубль гаргаж байгаагаа хотын орлогч дарга Анна Митянина хэллээ. Талийгаачдын ар гэрт тус бүр нэг сая, хүнд бэртсэн хүмүүсийн ар гэрт 500 мянга, хөнгөн бэртсэн хүмүүст 250 мянган рубль хуваарилах ажээ.

Хэрэг гарах үед вагоны машинист нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, цувааг зогсоолгүй дараагийн буудал руу хүргэсэн нь зорчигчдыг шуурхай зөөвөрлөх ажлыг хөнгөвчилсөн гэж үнэлж байгаа ажээ.

Бишкек: ПЕТЕРБУРГИЙН ХАЛДЛАГЫН СЭЖИГТЭН КИРГИЗД ТӨРСӨН

4-5-2a1 4-5-2a2

Санкт-Петербург хотын метроны буудалд гарсан алан хядах ажиллагаанд холбоотой хүмүүсийг эрэн сурвалжилсаар байна. Хэргийг мөрдөж байгаа багийн таамгаар амиа золиослогч үйлдсэн байх магадлалтай гэжээ. Дэлбэрэлт болсон газраас олдсон хохирогчдын цогцсонд хийсэн эхний дүн шинжилгээгээр Казахстан улсын иргэн, 22 настай Максим Арышев байж магадгүй гэж байсан ч энэ таамаг нотлогдоогүй хэмээн “Интерфакс” мэдээллээ. “Санкт-Петербургийн Эдийн засгийн их сургуульд сурч байсан Максим Арышев хэрэг үйлдэгч биш хохирогч” хэмээн Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны орлогч дарга Нургали Билисбеков мэдээлснийг “Интерфакс”  иш татжээ.

Харин Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын хорооноос Санкт-Петербург хотын метрод дэлбэрэлт хийсэн байж магадгүй хэмээн сэжиглэсэн этгээдийг тус улсад төрсөн гэдгийг нотолсон байна. Киргизийн Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн төлөөлөгч Рахат Сулайманов “Эрх Чөлөө” радиод өгсөн мэдээлэлд сэжигтэн Киргизстанд төрж, дараа нь ОХУ-ын иргэншлийг авсан гэжээ. Тэрээр “Террорист халдлагад Киргизэд төрсөн, одоо ОХУ-ын харъяат болсон хүн хамааралтай байж магадгүй. Бид ОХУ-ын тусгай албатай холбоотой ажиллаж байна” хэмээв.

Киргизэд төрсөн Акбаржон Жалилов нь метроны хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Одоо 22 настай тэрээр Петербургт амьдраад зургаан жил болж байгаа бөгөөд түүний “Дэү Нэксиа” автомашиныг эрэн сурвалжилж байна. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар Жалилов “Площадь Восстания” буудалд дэлбэрэх бөм­бөгөө үлдээгээд дараа нь “Сенная площадь” буудлаас “Техно­логический институт” буудал руу хөдөлсөн цуваанд байсан бөмбөгийг ажиллуулсан гэж таамаглаж байгаа ажээ.

Хяналтын камерын бичлэгт дүрс нь үлдсэн Башкирийн нэгэн иргэ­нийг мөн сэжиглэн шалгасан ч тэрээр хэрэгт холбог­долгүйгээ нотолж чаджээ.

Санкт Петербург хотноо гурав хоногийн гашуудал зарлаад байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *