Мерит зарчмаар явсаар орж ирсэн гишүүд “лифт”-нийхнээс ялгарч харагддаг юм

11-р сарын 20, 2017 7:45 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 26
11-20-3

Б.ДАМДИН-ОЧИР

Анх 1883 онд АНУ-д сонгуулийн үр дүнгээр улс төрийн намуудад төрийн албан тушаалыг хуваарилдаг, төрийн албанд улс төр хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоог өөрчилсөн Төрийн албаны шинэтгэлийн акт буюу Пендлтоны хууль гээчийг баталжээ. АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтон санаачилж батлуулсан хэрэг л дээ. Энэ цаг мөчөөс хойш АНУ-д төрийн албаны мерит тогтолцоо бүрдсэн байдаг.

Ерөөс мерит зарчим гэдэг бол гавъяа зүтгэл, чанар чансаа, сайн тал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх мэт утгыг агуулж буй юм. Шууд утгаараа төрийн аливаа албан тушаалд зайлшгүй хэрэгцээтэй шалгуур, шаардлагуудыг бүх талаараа бүрэн хангасан шилэгдмэл хүн томилогдох үйл явцыг илэрхийлдэг..

Хамгийн гол нь төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал гэж санаачлагчид нь үзжээ.

Мерит зарчмыг Азид ч үзэл баримтлалаа болгочихсон томоохон улсууд бий. Япон, БНСУ төрийн албандаа мерит тогтолцоог нэвтрүүлжээ. Энэ хоёр улс л гэхэд Дэлхийн II дайны дараа Пендлтоны хуулийн үзэл баримтлалыг нутагшуулан хэрэгжүүлж, мерит зарчмыг төрийн албандаа баримталж цэгцэлсэн нь тийнхүү хурдтай хөгжих бололцоо олгосон гэж судлаач, шинжээчид үздэг юм байна.

Харин манай Монголд бол мерит зарчим бэлгэ тэмдгийн төдий яригдсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Пендлтоны хууль буюу мерит зарчмын яг эсрэгээр явдаг. Сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд төрийн албан тушаалыг гартаа авч, хуваарилалт хийдэг. Төрийн албанд улс төр маш хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоо үйлчилсээр байгаа.

Төрийн албаны тухай хуульд тусгагдсан “…Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” буюу мерит зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дээр дурдсан харилцааг өндөр хөгжилтэй орнуудын төрийн албаны ижил төрлийн харилцаатай харьцуулж үзвэл дутуу зүйлгүй мэт харагддаг. Гэвч тэдгээрийн хэрэгжилт ямар төвшинд байна вэ гэдгийг авч үзвэл сэтгэл түгшээсэн асуудал олон бий. Үүнийг Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлсэн сүүлийн арав гаруй жилийн үр дүнгээс тодорхой харж болно. 1996-2016 оны хоорондох УИХ-ын сонгууль бүрийн дараа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг холбогдох хууль тогтоомжийг зөрчин халах, чөлөөлөх, сонгох, томилох зүй бус үйл ажиллагаа явагдаж ирсэн байдаг. Энэ нь зөвхөн удирдах албан тушаалтнаар ч хязгаарлагдахгүй байгаа нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн алба, төрийн жинхэнэ албан хаагчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажлын явцаас тодорхой харагддаг юм. Үүнээс гадна төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлийн нэр дээр ирүүлсэн үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн тухай маргааны тоо сонгууль бүрийн дараагийн жилээс огцом өсөн нэмэгддэг болсон.

Хамгийн харамсалтай нь, үүнийг байх ёстой гэсэн хандлага нийгэмд нэгэнт бий болоод байгаа. Төрийг доройтуулж буй хамаг аюул нь энд байгаа юм.

Гэхдээ манайхан үүнийг ярихгүй биш ярьдаг. Хэдхэн хоногийн өмнө Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “…Мерит гэдэг нь чадавхийн зарчим гэсэн үг. Чадавхийн зарчимд суурилна гэдэг нь хүнийг ажилд авах, чөлөөлөх, дэвшүүлэх бүх зүйлд зөвхөн мэргэжил, боловсролыг нь, ур чадварыг нь, туршлага, ажлын үр дүнг нь харгалзан дэвшүүлдэг тогтолцоог хэлнэ. Хоёрт, Төрийн албаны тухай хуульд тусгасан хамгийн гол зүйл бол шатлан дэвших тогтолцоог бий болгож байгаа. Төрийн алба шатлан дэвших тогтолцоотой болно гэсэн үг. Тухайлбал, мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга, хэлтсийн даргаас газрын дарга, газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга зэргээр шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлнэ. Өмнөх албан тушаалд ажиллаагүй бол албан тушаал ахин, дэвших боломжгүй. Тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга өмнө нь газрын даргаар 8-аас доошгүй жил ажилласан байх ёстой.  Төрийн албаны хуулийн үндсэн зарчим нь нэгд, мерит, хоёрт, карьерын зарчим үйлчилдэг болно. Өмнө нь карьерын зарчим үйлчлээгүй учраас сонгуулийн дараа хэн нэгэн дурын хүн улс төрийн намын дэмжлэгээр ч юм уу, албан тушаалын дэмжлэгээр ч юм уу, эсвэл танил талаараа ажилд ордог үзэгдэл байсан. Төрийн албаны хуулийн үндсэн концепци хэрэгжсэнээр энэ үзэгдэл байхгүй болно” гэж ярьжээ.

Бас үүнээс ч өмнө, 2011 онд Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Төрийн албаны зөвлөл ч үндсэндээ меритэд суурилсан төрийн албыг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Меритэд суурилсан төрийн албатай болно гэдэг нь ерөөсөө л шударга томилгооны асуудал. Энэ зарчмын гол агуулга нь сонгон шалгаруулалтгүйгээр нэг ч хүн төрийн албанд томилогдох ёсгүй. Харин сонгон шалгаруулалт нь тухайн ажлын байрны бүх шаардлагыг бүрэн хангасан хүнийг шалгаруулж чаддаг байх ёстой. Меритийн энэ зарчмыг хэрэгжүүлж чадвал төрийн алба чанаржина. Чанартай сайн боловсон хүчин томилогдоно гэдэг тэр хүн тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж, төрийн албаны үйл ажиллагааны үр нөлөө сайжирна гэсэн үг. Тэгэхээр меритэд суурилсан улс төрөөс ангид томилгоо бол төрийн албыг эрүүлжүүлэх хамгийн чухал асуудал юм” гэж ярьсан байдаг. Гэсэн ч өнөөдөр бахь байдгаараа л байна.

Тэр бүү хэл, ингэж явж ирсэний уршиг нь УИХ дээр ч ил тодорхой харагдах болов. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй олон буюу 65 суудлыг МАН-ынхан эзэлж байна. Олдохоор өлддөгийн үлгэрээр 65 гишүүний дунд чанарын асуудал илт анзаарагдаж байна. Яахав, эдэн дунд УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд ялгарч байгаа юм л даа.

Гэхдээ нэг ил байгаа зүйл бол мерит зарчмаар явсаар УИХ-ын гишүүн болсон нь нөгөөдүүлээсээ огт өөр байдаг юм байна.  Тийм гишүүн цөөн юм.

Хамгийн түрүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг нэрлэнэ. Түүний намтар, явж ирсэн түүх нь мерит зарчмын л жишээ. Д.Хаянхярваа нь Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч, Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-ын дарга, Дархан хотын АДХГЗ-нд эдийн засагч, орлогч дарга, Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, Дархан хотын АДХГЗ, АЗДТГ-ын хэлтсийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 оноос УИХ-ын гишүүн, улмаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганболд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч, Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч, Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, Улаанбаатар хотын Чингэлтэй ЗДТГ-т Санхүүгийн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.  2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

УИХ-ын гишүүн “Өвөрхангайн” Д.Тогтохсүрэн байна. Тэрээр Арвайхээр сумын ЗДТГ-ын ажилтан, Тамгын газрын дарга, Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, Аймгийн ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажилалж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

Бас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мерит зарчмаар дээшилсээр энд хүрсэн хүмүүсийн жагсаалтад зайлшгүй багтана. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-д нягтлан бодогч, Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын  Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргааар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн, Ж.Эрдэнэбат. Хэн тэднийг муу гишүүн гэх юм. Тэд дээд тал нь гурав, бас анх удаа сонгогдож байгаа гишүүд. Гэхдээ компани дээрээсээ юм уу, МАН-ын Тусгаар тогтнолын ордноос шууд УИХ руу орж ирээгүй нь тэдний хэн бэ гэдгийг хэлээд өгнө. Аймаг авч явна гэдэг захын хүний хийдэг ажил биш ээ. Аймаг байтугай сум удирдах тэнхээгүй олон хүн кнопчин болж орж ирсэн энэ үед тэд ялгарч харагдаад байгаа юм. Хар байж цагаан нь ялгардаг шиг гэх үү дээ.

УИХ-ын чуулган дээр эдний хэлж ярьж, асуудалд хандаж байгааг хараарай. Энэ бол магтаал бус бодит байдал. Адаглаад л биеэ авч явж байгаа нь бусдаасаа ангид байдаг юм.

Мерит зарчмаар ажиллаж энд ирсэн гишүүдтэй зэрэгцээд УИХ-д орж ирсэн олон хүнийг “лифт”-нийх гэвэл зохино. Ийм гишүүн энэ Их хуралд маш олон байгаа. Тэд төрийн албаны мерит зарчмыг үзэн яддаг. Яагаад гэвэл мерит зарчим бол тэднийг үгүйсгэдэг учраас тэр.

Намтрыг нь сөхвөл, дандаа намын идэвхтэй ажил хийж байсан. Эсвэл хэн нэгэн том даргын туслах буюу “цүнх баригч” байсан байдаг юм. Уг нь нам, төрийн ажил гэдэг хоёр тусдаа, шал өөр асуудал байдаг. Ер нь бол социализмын үеийн ойлголт л доо. Гэвч өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн ажлыг эрх баригч нам нь хийдэг болсон. Нам дээр “сонгон шалгаруулалт” болдог.

Тиймээс л дан ганц намд ажиллаж байгаад төрийн өндөр алба руу үсэрчихсэн нөхөд төрийн албыг самардаг болоод байгаа юм. Сая У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрдэх үед “…Яамаа сайн мэдэхгүй. Гэхдээ сайд болно” гээд явж байгаа гишүүн хүртэл байсан.

Ерөөс “лифтний хүн”-ийг хэдхэн үгээр тодорхойлж болно. Хамгийн эхэнд хэн нэгний дэмжлэгээр нам руугаа орж ирдэг. Төрийн өндөр албан тушаалыг өөрийнхөө очих ёстой суудал гэж ойлгодог. Эрх ашгийг нь хангадаг нэгэнт хүрсэн албан тушаалаа алдах тун дургүй. Тэр үедээ Төрийн ордонд төрсөн юм шиг л аашилна. Гэхдээ дураа хүрвэл төрийн ямар ч чухал, өндөр ажил, албан тушаалыг хэзээ ч хаяад явчих чадвартай. Бас явсан шигээ гэнэт хүрч ирээд том албанд тухалчихна.

УИХ, Засгийн газар дээр ямар ч асуудалд улс төрийн өнцгөөр ханддаг. Ер нь бол төрийн үйл хэргийг улс төрийн намын үйл ажиллагаа мэт ойлгодог. Популистууд тэднээс л төрдөг.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс хөгжье л гэвэл Япон, Солонгос шиг төрийн албаа мерит тогтолцоонд шилжүүлэх учиртай болсон байна. Дээр дурьдсанчлан мерит зарчмынхан болоод “лифтний хүмүүс”-ийн ялгаа ийм байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *