Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч байна

5-р сарын 3, 2018 6:13 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 48
6й6й6-550x300

Б.Туул

Хэвлэлийн хүрээлэнгээс  өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2018 оны тайлангаа танилцууллаа. Уг хэвлэлийн бага хуралд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах болон судалгааны мэргэжилтнүүд оролцож, сэтгүүлзүйн салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл  өгсөн юм.  “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” хэмээх  мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хийснээр  1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг судалгааны байгууллагынхан онцолсон юм. Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.  Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурчээ. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос ХМХ-ийн тоо 16-гаар багассан байна.  Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурсан гэдгийг албаныхан хэлэв.

Одоогоор 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна

Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг, нэгээр, телевизийнх хоёр цагаар хасагджээ. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурах хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарч байгаа аж.   Харин 2015 оноос сайтын тоо харьцангуй тогтворжиж, энэ оны эхээр 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна гэв.

Уламжлалт мэдээллийн хэрэгслээр агуулгаа цацах, сурталчилах, захиалга авах эрчимжиж байгаагаас фэйсбүүк чухал үүрэгтэй болж байна. Тодруулбал, ХМХ-ийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг болсон байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж байгаагаас тал нь сурвалжлагч, сэтгүүлч, редактор байна. Харин нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Энэ салбарт ажиллаж байгаа хүний 55 хувь нь телевизид ажиллаж байна. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн боловсон хүчний өнөөгийн байдлын талаар энэ тайланд нэгтгэн оруулжээ.  Энэхүү 2017 оны ХМХ-ийн тоон мэдээлэл бүхий судалгааны мэдээллийг бүрдүүлэх ажил 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл хийгдсэн байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудаас ирүүлсэн мэдээлэл болон тус хүрээлэнгийн мэдээллийн бааз дээр үндэслэж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй, орон нутаг дахь 100 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг нэгтгэсэн байна.
Эрэн сурвалжилсанэх сурвалжтай мэдээллийг түгээх нь чухал байна

Өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа 400 орчим хэвлэл мэдээллийн мэдээллийн хэрэгсэл нь 3 сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишигтэй харьцуулахад дээгүүрт орох нь тодорхой. Харин энэ байдал нь манай улс дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлээгүй гэсэн хэрэг биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжих хандлага нэмэгдэхийн зэрэгцээ мэдээллийн хурд эрс өсч, цар хүрээ нь өргөжсөөр байна. Үүнтэй зэрэгцээд хуурамч, сенсаац хөөсөн мэдээлэл газар авах хандлага илэрхий өсөн нэмэгдэх болов. Иймд эрэн сурвалжилсан даацтай, эх сурвалжтай мэдээллийг иргэд, хэрэглэгчид үгүйлэх болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэд нь өөрийн ашиг сонирхолд ашиглах байдал манай хэвлэл мэдээллийн салбарт ердийн үзэгдэл болсныг ч иргэд ихэд шүүмжлэх болсон. Өнөөдөр хараат бус шударга өрсөлдөөн, ус, агаар мэт Монголын хэвлэл мэдээллийн салбарт үгүйлэгдсээр байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *