Мэргэжлээ зөв сонгоорой

3-р сарын 7, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 20
10
Ч.ГАНТУЛГА

Бид мэргэжлээ хэрхэн сонгодог вэ. Хэн нэгний шахалтаар уу эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлөөр үү. Ирээдүйгээ төлөвлөх, хэрхэн амьдрах нь сурагчийн ширээнээс тохой өндийсөн өдрөөс эхэлдэг гэвэл худал. Учир нь хүүхэд бүр өөрийгөө ямар хүн болох, ямар мэргэжил эзэмшихээ эртнээс төлөвлөх нь чухал аж. Удахгүй элсэлтийн шалгалт эхэлнэ. Тиймээс боловсролтой ажилгүйчүүдийн эгнээг нэгээр нэмэхгүйн тулд зөв сонголт хийгээрэй. Учир нь Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр өнөөдөр ажилгүйчүүдийн 30 хувийг дээд боловсролтнууд эзэлж байна. Гурван ажилгүй хүн тутмын нэг нь дээд боловсролтон байгаа нь харамсалтай. Эдгээр мэргэжилтнээ бид яах вэ?

МЭРГЭЖИЛ СОНГОХОД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ

Энэ асуултын хариуг олохын тулд сургууль төгссөнийхөө дараа биш мэргэжил сонгохдоо л эцэг эхтэйгээ сайн ярилцаж, зөвлөлдсөний эцэст шийдвэрээ гаргах ёстой аж. Нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг сонгосноор ирээдүйн амьдрал баталгааждаг. Үүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, нийслэлийн “Залуучуудын хөгжлийн газар”, “Нийслэлийн боловсролын газар” болон Германы хам­тын ажиллагааны байгуул­лагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төслийнхөн хамтарч “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд  эхлүүлсэн юм. Тус аянд нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах аж. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд “Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан байна. Харин багш нарын зүгээс мэргэжил сонголтод эцэг эхийн оролцоо хамгийн чухал гэж онцолсон юм. Хэрэв хүүхдүүд нийгэмд хэрэгцээтэй байгаа, өөрийн хүссэн мэргэжлээ зөв сонгож чадвал боловсролтой ажилгүйчүүдийн тоо буурна гэж тэд үзэж байна. Мэргэжил сонголтын тухай зарим эцэг эхийн сэтгэгдлээс хүргэе

 СХД-ийн иргэн Б.Баярмаа: ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛ ЧУХАЛ

-Манай хүүхэд энэ жил дунд сургуулиа төгсөнө. Өөрөө уул, уурхайн инженер болох сонирхолтой. Миний хувьд өөрийнх нь сонголтыг хүндэтгэж байна. Манай улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Тиймээс энэ салбар ирээдүйд улам хөгжинө гэсэн итгэлтэй байна. Тиймээс МУИС болон ШУТИС-ийг сонирхож байна.

 Баянзүрх дүүргийн иргэн Т.Төмөрбат: ОХИН МИНЬ АЖИЛГҮЙ БАЙГАА

-Миний том охин эмчийн мэргэжлээр хувийн сургууль төгссөн ч одоог хүртэл ажилгүй байна. Ажилд орох гээд очихоор улсын байгууллагууд авахгүй. Хувийн эмнэлгүүд ажлын туршлага заачих юм. Тиймээс энэ жил IX анги төгсөх хүүгээ заавал дээд мэргэжил гэхгүй коллежид оруулах бодолтой байна. Эцэг эхчүүд хуруу хумсаа хугалан байж дөрвөн жил хүүхдээ сургадаг ч ажлын байр олдохгүй болохоор яах вэ. Эсвэл энэ олон сургуулиа татан буулгамаар юм.

 СХД-ийн иргэн Оюуннасан: НИЙГЭМД ХЭРЭГЦЭЭТЭЙ, ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА МЭРГЭЖЛИЙГ СОНГООРОЙ

-Би багшийн мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Бид дөрвөн жил сурчихаад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй болохоор харамсалтай санагддаг. Тиймээс хүүхдүүддээ нийгэмд хэрэгцээтэй, хүлээлттэй байгаа мэргэжлийг сонгоорой гэж зөвлөдөг. Миний том охин банкинд эдийн засагч хийдэг. Хоёр жил гаруй ажилгүй байсны эцэст сая л ажилд орлоо.

 Сүхбаатар дүүргийн иргэн Мандахзаяа: ХҮҮХДЭЭ ХҮЧЛЭХ БИШ ӨӨРИЙНХ НЬ СОНИРХОЛ РУУ ЗӨВ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Хүүхдийн мэргэжил сонголтод эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж би боддог. Хүүхдээ хүчлэх биш өөрийнх нь сонирхол руу зөв чиглүүлэх хэрэгтэй. Хүү минь энэ жил ахлах ангиа төгсч байна. Өөрөө техникт сонирхолтой учир Автын инженер болохоор бэлдэж байна. VII ангиасаа математик, физикийн сонгонд явж эхэлсэн.

 ИНЖЕНЕРЭЭР ДУТАГДАЖ БАЙНА

Хэрэв мэргэжлээ зөв сонговол дээр дурдсан боловсролтой ажилгүйчүүдийн тоо эрс буурах юм. Тэгвэл өнөөдөр манай улсад ямар мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй байна вэ. Энэ тухай “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр инженерийн чиглэлээр сурах хүүхэд цөөхөн байна. Бид уул уурхай, барилга, авто, байгаль орчин гээд салбар бүрт инженерээр дутагдаж байна” гэж онцолсон юм. Харин СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Хүүхдүүд эхлээд мэргэжлээ зөв сонгох нь чухал. Аливаад хичээл зүтгэлтэй байвал амжилт ойрхоноос гадна энэ олон боловсролтой ажилгүйчүүд буурна” гэв.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *