Мэргэн хос

7-р сарын 2, 2018 8:33 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 47
7-2-2й1

Д.ЦЭРЭННАДМИД, Б.СОЛОНГО

Монгол түмэн дэнж хотойтол наадамлах цаг айсуй. Төрийн наадамдаа хүч, бяраа сорих тамирчид бэлтгэлийн сүүлийн өдрүүддээ хэдийнэ ороод байна. Харин бид “Амьдралын тойрог” буландаа оролцуулахаар зорьсноор улсын мэргэн гэр бүлийнд очлоо.

Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд уншигчидтайгаа уулзуулахаар эртнээс төлөвлөсөн зочид маань Монгол Улсын мэргэн, буриад, урианхай сурын спортын мастер Б.Батбаатар, Монгол Улсын даян мэргэн, буриад сурын гоц мэргэн, уламжлалт сурын дэлхийн аварга, олон улсын спортын мастер С.Энхтунгалаг нар билээ. Тэд бол 2015 он буюу Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд эрэгтэй, эмэгтэй ангилалд нэгэн зэрэг түрүүлж хос мэргэд болсон гэр бүл. Төрийн наадамд гэр бүлийн хоёр нэг наадмаар зэрэг түрүүлсэн анхны тохиолдлын энэ билээ. “Найрамдал”-д байх зуслангийн байшиндаа биднийг урихад нь “Сур харвааныхан бэлтгэлдээ ийм аажуу гардаг юм байх даа” гэсэн гэнэн бодол тээж явснаа нуух юун.

Харин манай хоёр зуслангийнхаа хажууд цэлгэр том талбайд зурхай засчихаад наадмын бэлтгэлээ базааж байсан юм билээ. “Ойр орчимд айл амьтан үгүй болохоор сэтгэл амар бэлтгэл хийчихэж болдог юм. Манайхан бид хоёрыг хамтдаа бэлтгэл хийе гэж дуудаад л байгаа.  Сурын талбайд нэг гарчихаар энэ халуунд хоргодох сүүдрэвч ч үгүй, бэрх. Энд бол хэдэн сум тавьчихаад орж ирж сэрүүцчихээд аятайхан байна. Уг нь ч залуу л байна л даа. Биднээс ахмад нь ажрахгүй харваад л байна. Гэхдээ л ядраад байдаг болчихож” гэснээр Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар бидэнтэй харваач гэр бүлийн амьдрал ахуй, тамирчин хүний ололт, амжилтаа хуваалцсан юм.

МЭРГЭДИЙН НУТАГ СЭЛЭНГИЙН ЕРӨӨ

Тэд хоёул Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас угшилтай юм. Зөвхөн энэ сумаас сур харваагаар 13 мэргэн төрсөн гэдэг. Монгол Улсын дархан мэргэн Мөнхцэцэгээс эхлээд Адилбиш, Лүндэг, Уушаан, Гүнтогтох, Гүнбадрал зэрэг цаг цагийн олон тамирчныг нэрлэж болно. Г.Батбаатар мэргэний аав Базар Ерөө сумын уугуул иргэн. Зүүн­баянгийн нефть, Сэлэнгийн модны үйлдвэрт ажиллаж байсан нэлээд сэргэлэн хүн байжээ. Харин Г.Батбаатар мэргэн өөрөө Улаанбаатарт төрж, долдугаар ангиа төгсөөд ТМС-д мужааны мэргэжил эзэмшжээ. Улмаар  гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд, ажил­чин залуучуудын оройн сургуульд суралцаж арав­дугаар ангиа дүүр­гээд  МУИС-ийн Худал­дааны ангид элсэн суралц­жээ. Ингээд сургуулиа төгсөөд 10 орчим жил Улаанбаатар, Хэнтий аймагт төрийн байгуул­лагад ажиллаад түүнээс хойш хувиараа бизнес эрхэлж амьдарч иржээ. Түүний сур харваатай хол­богдсон он жилүүд харьцангуй залуу боловч харвахаас дөлсхийж явсаар 40 гарсан хойноо буюу 2000 оноос төрийн наадамд  цэцээ сорьсон юм байна. Энэ тухай хойно дахин өгүүлье.

Харин С.Энхтунгалаг мэргэний хувьд Сэлэнгийн Ерөөгийн сангийн аж ахуйд, тус төвөөс 20-иод км-ийн зайд байдаг Сурын дов гэх газар төржээ. Архангай, Хэнтий аймгаас нийлсэн аав, ээж нь илгээлтийн эзэн болж тус сангийн аж ахуйд хөдөлмөрлөж байхдаа түүнийг төрүүлсэн байна. Мэргэн харваачдын өлгий нутаг болсон энэ газарт унасан нь түүний амьдралыг тодорхойлж, цэц мэргэн байх үндсийг тавьсан хэмээн бэлгэшээж, аав ээждээ талархаж амьдардгаа С.Энхтунгалаг мэргэн ярив.

 Тэрээр МУИС-д Түүхийн багш мэргэжлээр суралцаж төгсөөд мөн л найман жил орчим багшлаад, нөхрийнхөө ажилд тусалж эхэлсэн байна. Түүний хувьд нөхрөөсөө харьцангуй эрт буюу 1981 оноос төрийн наадамд харваж эхэлсэн бөгөөд 1986 онд түрүүлж, улсын мэргэн цолонд хүрсэн билээ. Харин дараа нь гурван хүүхдээ төрүүлж, өсгөх ээжийн ажилдаа анхаарч долоон жил спортоо завсарлаад 1994 оноос дахин орж, одоог хүртэл тасралтгүй хичээллэж байна.

НАЙЗУУДЫН ХӨТӨЛСӨН СПОРТЫН ЖИМ

Тэр хоёрт уугуул нутгаас эхлээд адил төстэй зүйл олон юм билээ. Онцолж сонирхуулахад сур харваа хэмээх энэхүү спортод хөтөлж оруулсан хүмүүс нь тэдний найзууд байв. С.Энхтунгалаг МУИС-д суралцаж байхдаа ангийн охин Сувдаагийнхаа санал болгосноор ангиасаа тавуулаа Сурын холбооны ерөнхийлөгч асан доктор, профессор Батхуягт шавь орж байжээ. Найз Сувдаа нь тэр үед Энхтунгалагтай тийм дотно найз байгаагүй ч ангийнхаа бүх хүүхдийг шинжиж үзээд түүнийг сонгож байсан гэдэг. Ач, буянтай ийм сайхан спортод хөтөлсөн найздаа баярлаж явдгаа мэргэн маань хэлсэн юм. Тавуулаа эхэлсэн спортдоо ганцаараа үнэнч үлдсэн түүний хичээл зүтгэл амьдралынх нь хамгийн баялаг түүхийг бий болгожээ. Харин Г.Батбаатарыг оройн сургуулийн найз Гарамсүрэн нь сур харваанд “уруу татжээ”. Гарамсүрэн бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Мухардай хэмээх харваачийн ач, спортын мастер хүн. Г.Батбаатарт энэхүү спортын талаар бүхнийг зааж өгсөн багш нь ажээ. Тэрээр Гарамсүрэнг дагаж сурын талбайгаар байнга эргэлдэнэ. Ингэж явахдаа тэнд байнга бэлтгэл хийдэг байсан С.Энхтунгалагийг олж хараад танилцаж байсан түүхтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, найз Гарамсүрэн нь амьдрал, спортын бүх замыг нь түүнд нээж өгсөн хэрэг. Г.Батбаатар хэдийгээр сур харваанд дуртай, бүх техникийг нь мэддэг, өдөр бүр сурын талбайгаар эргэлддэг байсан ч өөрөө харваж эхэлсэн нь нэлээд хожуу. Түүнчлэн эхнэрээ сур харваагаар хичээллүүлэх төдийлөн сонирхолгүй, бэлтгэлд нь ч явуулах дургүй байсан гэнэ. Уг нь эхнэр нь хүүхдүүдээ төрүүлэхээс өмнө аль 1986 онд улсын мэргэн болчихсон хүн шүү дээ. Харин өөрийнх нь аав, ээж бэрээ ихэд дэмждэг байсан ба хүүхдүүдийг нь харж үлдээд хүүгээсээ нуун байж бэлтгэлд нь явуулдаг байж. “Тэр үед зусланд айл ховорхон байлаа. Зурхайгаа засчихаад ганц нэг сум тавьж бэлтгэл хийдэг байж. Хадам аав нь нэг өдөр “Миний охин улсын мэргэн хүн шүү дээ. Ингээд суугаад байж болохгүй. Бэлтгэлдээ яв” гэж хэлсэн. Ингээд 1994 оноос хойш тасралтгүй харваж байна. Тэр ондоо төрийн наадамд шууд оролцоод хоёрт орж байлаа. Энэ нь хадам аав, ээжид минь их итгэл төрүүлсэн байх. Гурван хүүхэдтэй хүн гэр бүлийнхний дэмжлэггүйгээр ингэж явахад хэцүү шүү дээ. 2015 онд ханьтайгаа хамт улсын наадамдаа зэрэг түрүүлэхэд хадам аав, ээж минь байсан бол их л баярлах байсан даа гэж боддог” хэмээн С.Энхтунгалаг мэргэн ярив.

САЛХИ ХҮРТЭЛ НАМДАЖ ӨГСӨН 2015 ОНЫ НААДАМ

Сур харваа нь гэр бүлээрээ хичээллэхэд тун тохиромжтой спорт гэнэ. Харваачдын их гэр бүлд улсын чанартай тэмцээнд тогтмол оролцдог 20 гаруй хос байдаг аж. Харин улсын баяр наадамд нэгэн зэрэг түрүүлсэн тохиолдол Г.Батбаатар, С.Энхтунгалаг хоёроос өөр гараагүй байна. Г.Батбаатар мэргэн дээр хэлсэнчлэн 2000 оноос 40 гаруй насандаа сур харваж эхэлсэн. Харин 2010 оноос Монгол Улсын мэргэн Д.Цэцэгээр багшлуулж буриад сур харваж эхлэн улсын наадамд гурав түрүүлж, буриад, урианхай сурын гоц мэргэн цолд хүрчээ.

2015 онд улсын наадмын шигшээ найман харваачийг сум тавих үед их салхитай байжээ. С.Энхтунгалаг мэргэн энэ талаар “Би өөрийгөө тухайн үед азтай л байсан гэж боддог. Надаас бусдын сум салхинд хийссэн байх. Харин минийх яагаад ч юм салхи бага нөлөөлж байгаа оносон шиг байгаа юм. Дараа нь бичлэг харахад яалт ч үгүй их салхитай байсан шүү. Батбаатарыг шийдвэрлэх дөрөв дэх сумаа тавих үед ямар ч салхигүй болчихсон. Хэрэв тэр сумыг онож харвабал гарах байсан л даа. Би ч бушуухан тавьчихаасай, салхи намдчихлаа, амжих байгаа даа гээд суудал дээрээ тогтож чаддаггүй. Манай хүн бариад л байдаг. Батбаатар угаасаа их удаан барьж, тогтуун харж харвадаг. Би 1986 онд улсын мэргэн болчихоод түүнээс хойш дахиж түрүүлэх тухай бараг бодсонгүй. Дуртай спорт болохоор залуучууддаа үлгэр дууриалал үзүүлье, сайхан харвая гэсэн бодолтойгоор оролцдог. Харин бурхан тэнгэр биднийг ивээж, ханьтайгаа хамт төрийн наадамд түрүүлсэндээ туйлын их талархаж явдаг даа” хэмээв.  Түүний хувьд энэ наадамд эмэгтэйчүүдийн төрөлд мөн түрүүлснээр улсын хошой мэргэн болсон билээ. С.Энхтунгалаг 2010 онд Солонгос улсад болсон уламжлалт сурын харвааны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж үндэсний сураар анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Харин 2014 онд холч харвааны төрөлд түүний нэрийг андууран сольсноос эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдүүлж тавдугаар байр эзэлсэн гэдэг. Энэ үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн төрөлдөө тасархай түрүүлэхээр үзүүлэлт байсныг онцолдог юм. Тэгэхээр С. Энхтунгалаг мэргэнийг уламжлалт харвааны дэлхийн хошой аварга гэж хэлж болохоор. Түүнчлэн Өвөрмонголд зохиогдсон томоохон дөрвөн тэмцээний гуравт нь түрүүлж олон улсын спортын мастер болжээ. Уламжлалт сур харваа гэдэг нь улс орон бүр өөрийн нум сумаар ижил зайнд харваж өрсөлдөхийг хэлдэг юм билээ.  Америк, Мексик, Унгар,

Польш, Румын, Солонгос зэрэг олон оронд энэ спорт ихэд хөгжиж байна. Энэ жил манай улсад олон улсын жишгээр энэхүү уралдааныг зохион байгуулахад Г.Батбаатар мэргэн түрүүлжээ.

УРТААШАА УХААН, ӨРГӨӨШӨӨ БЯРНЫ ТОГЛООМ

“Харваачдыг заримдаа сурчид гэж хэлэх нь бий. Тэгвэл дээр цагт олон тооны сурыг давхарлан өрдөг хүмүүсийг сурчид гэж нэрлэдэг байжээ. Ялгаатай нэр юм шүү. Сур харваа хэмээх энэхүү спортыг уртаашаа ухааны, өргөөшөө хүч бярны тоглоом гэж хэлдэг. Бие барих, ухаанаа төвлөрүүлэх нарийн дэгийг тамирчнаас шаарддаг. Өөрөөр хэлбэл, нар, салхи, халуун хүйтэн гээд бүх зүйлээс шалтгаалдаг тул энэ бүхнийг зохицуулах тор­гон мэдрэмж хэрэгтэй. Эмэгтэйчүүд 50-55, эрэгтэйчүүд 55-65 паунд жинтэй нумыг өдөртөө 60-70 удаа татаж бэлтгэл хийж байна. Хүнээс асар их тэвчээр, хүч шаарддаг спорт. Архи, тамхи хэрэглэвэл ононо гэж байхгүй” гэж Г.Батбаатар мэргэн ярилаа.

Улсын наадамд зэрэг түрүүлдэг жил нь нум урлаач Ү.Чойдорж бэлтгэлийн үеэр тойрч явахдаа С.Энхтунгалаг мэргэнийг харчихаад  “Энэ жил нэг бараан зүсмийн хүн түрүүлэх нь дээ” гэж хэлсэн гэдэг. Өдөржин нар, салхинд зогсохыг шаарддаг энэ спорт нь эмэгтэй хүний гоо сайханд халгаатай гэдэг нь энэ гээд инээлдэв. С.Энхтунгалаг “Би хүүхнүүд дундаа хамгийн бор нь л доо. Яалт ч үгүй нарны өөдөөс хараад өдөржин зогсохоор ийм л болчих юм. Гэхдээ нүүр харлачихна гээд энэ спортоос буцсан хүүхнүүдийг би мэднэ. Аливаа юманд тууштай л байх хэрэгтэй. Бас хүн ямар ч үед хүнээрээ байх ёстой. Залуу тамирчид сурд цөөнгүй орж ирж байна. Заримыг нь танихгүй юм. Ах захаа хүндэлдэг, дэг жаягтай байхыг дүү нартаа захих байна” гэв.  Мэргэн хосынх гурван хүүхэдтэй, дөрвөн ачтай. Том охин нь Б.Жаргалсүрэн. Худал­дааны мэргэжилтэй, орос англи хэлтэй. Бага хүү нь Б.Төгс-Эрдэм. Том хүү нь Б.Төгсжаргал. Сурын харвааны спортын дэд мастер зэрэгтэй. Сурын харваа бол үе уламжлан үлдэх ёстой спорт гэж үздэг байна. Тиймээс хоёр хүүгээ өөрсдийг нь залгаж авч явна гэж боддогоо тэд хэлсэн юм. Хоёр хүү нь багаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд одоо хүүхдүүд нь бага, ажил, амьдрал нь жигдрэхэд хугацаа хэрэгтэй байгаа тул түр завсарлажээ. Бага хүү Төгс-Эрдэм нь аав, ээж хоёрыгоо наадмаас өмнө долоо хоног бэлтгэлд гаръя гэж гуйсан аж. Өдийд бэлтгэлийн талбай хүн ихтэй байгаа тул хаширлаад дэмжээгүй байгаа гэж ярьж байлаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 оны үндэсний их баяр наадамд аав, ээж, хүү гурвуулаа хүрэл медаль хүртсэн сайхан түүх эднийд бий. Хүүхдүүд нь аав ээжийгээ байнга дэмжиж, арын албыг нь сайн авч явдаг ажээ. Ийнхүү сур харваа гэх спортоос амьдралын олон амтыг мэдэрч, түүгээрээ бахархан, хүндэтгэж яваа нэгэн гэр бүлийг “Амьдралын тойрог”-ийнхоо уншигч тантай уулзууллаа. Ярилцлагын төгс­гөлд хоёр мэргэн маань үргэлж дэмжиж бай­даг “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ком­па­нийн хамт олондоо талар­хаж явдгаа манай сониноор дамжуулсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *