Мэдэгдэл

11-р сарын 7, 2017 8:55 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 8
f9482081998834262909ebf0c5c305d8

2017-11-03.

Улаанбаатар хот.

МАХН үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй  байдал, иргэдийн эрх чөлөө, эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Харин монголчуудын нийтлэг эрх ашигт хор хохирол учруулж, ард түмнээ ядууруулж, улс орноо нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд оруулсан, цөөн хэдэн  хүний  эрх ашгийг дээдэлсэн олигархи  бүлэглэлтэй  тэмцэж, Монголын гурван сая  иргэн үндэсний баялагтаа эзэн байх, эх орондоо эрх чөлөөтэй, баян тансаг  амьдрах нөхцөл бололцоог хангах, төрийн тогтолцоог эрүүлжүүлэх, хууль ёс, шударга  ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор хамгаалах олон талт үйл ажиллагааг явуулж ирсэнээр ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээж, улс төрийн  гурван  том намын нэг болж төлөвшиж байна.

МАН-АН бүлэглэлийн бодлого, үйл ажиллагаа явцгүй болж, нэр хүнд нь унаж, ард түмний итгэл алдарч байхад нэр цэвэр, эв нэгдэлтэй, үндэсний шилдэг удирдагчтай, саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардуулсан болохоос биш үнэн хэрэгтээ ялсан нэр дэвшигчтэй, улс төрийн хариуцлагатай хүчин МАХН-ын нэр хүнд дээшилж, Монголын улстөрийн амьдралд эзлэх байр суурь, нийгэмд гүйцэтгэх  үүрэг рольд итгэх ард түмний итгэл, хүлээлт улам бүр нэмэгдэж байгаа учир МАХН-ыг хагалан бутаргах, эв нэгдлийг нь задлах, удирдлагын  нэр хүндийг унагах зохион байгуулалттай  үйл ажиллагаа идэвхжиж, улайрч байна.

Үүний нэг тодорхой жишээ бол, МАН-АН-ын олигархи  бүлэглэлийн дэмжлэг,  тэдний санхүүгийн туслалцаатайгаар зохион байгуулагдсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн  шууд удирдлага дор боловсрогдсон “МАХН-ын  дарга Н.Энхбаяр болон Гүйцэтгэх товчооны  гишүүдэд” гэж хаягласан шаардлага, мөн тэдний Их тэнгэрт зохион байгуулж хийсэн цугларалт юм. Эдгээр нь холбогдох хууль, МАХН-ын Дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн, хэдэн хүний дураар авирласан үйл ажиллагаа юм гэдгийг юуны урьд онцлон тэмдэглэж байна.

Бага чуулган зэргийг хуралдуулах эсэх нь МАХН-ын Дүрмийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл МАХН-д ирүүлсэн “Шаардлага”  гэгчийн дор  гарын үсэг зурсан хүмүүсийн нэрсийг судалж үзвэл, Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Хамаг Монголын Хөдөлмөрийн Намын зэрэг өөр намын, МАХН-ын Бага чуулганы  гишүүн байгаад намын дүрмийн  дагуу ротацаар  болон эрүүл мэндийн улмаас, эсхүл өөрийн хүсэлт зэрэг шалтгаанаар чөлөөлөгдсөн нэр бүхий хүмүүсийн нэрийг МАХН-ын Бага чуулганы гишүүн мэтээр ашигласан, нэр бичсэн боловч гарын үсэг зурагдаагүй, МАХН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдсөн, Бага чуулганы гишүүн байгаагүй эрээвэр хураавар хүмүүсийн нэрийг оруулсан болох нь тогтоогдов. Үүнээс гадна олон хүний нэрийн ард гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурсан нь эрүүгийн гэмт хэргийн шинж бүхий  байгааг тэмдэглэж байна. Эндээс үзвэл эдгээр баримт бичгийг боловсруулсан, зохион байгуулсан хүмүүсийн үйлдэл хууль, намын дүрмийн заалтыг ноцтой зөрчиж байгаа нь батлагдаж байна.

О. Баасанхүү нарын зохион байгуулсан цугларалт нь эхлээд Төрийн ордонд хийхээр төлөвлөгдөж урилга нь тараагдаж байснаа, дараа нь жирийн гишүүд, дэмжигчдийн бухимдал дургүйцлээс айн зугтахдаа төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэр цогцолборт шилжин хийгдсэн хуйвалдаан болсон юм. Тэд энэ хуйвалдааныхаа тухай хэвлэлийн бага хурлыг хийхдээ УИХ-ын гишүүн биш өөр хүмүүс Төрийн ордонд хийж байгаагаас үзвэл тэдний ард өнөөдөр засгийн эрхийг барьж байгаа улстөрийн хүчин, түүний удирдлага байгаа, их хэмжээний санхүүжилтээр ивээн тэтгэж, өөрсдийн нөмөр нөөлгөнд зохион байгуулж байгаа нь дэндүү тодорхой байна.

Энэ цугларалтыг зохион байгуулагчид нь  өөрсдийн  хууль бус арга хэмжээнд аль болох олон хүмүүсийг татан оруулахын тулд цалин, орон сууц, бүр машин унаа, цаашид өөрсдийн байгуулах намд албан тушаал хүртэл урьдчилан амалж байгаа нь улстөрийн зарим хүчний урьд хэрэглэж байсан бохир арга заль бөгөөд чухамдаа эцсийн зорилго нь тусдаа нам байгуулах санаатай гэдэг нь ил тодорхой болж байна.

МАХН-ын Дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа МАХН-ын удирдлага, Гүйцэтгэх товчооны  ажлыг илтэд  үгүйсгэх, намыг хүчгүйдүүлэх, нэр хүндийг нь унагах ажлыг  хууль бус, ямар ч хамаагүй аргаар хийж байгаа нь үүний урьд зарим улс төрийн  намыг задлан тараах ажлыг  зохион байгуулалттай хийсний адил  МАХН-ыг дотроос нь  задлах, үүний тулд тусдаа  хурал цуглаан хийх, намын дарга, удирдлагыг давхардуулан сонгох, тамга тэмдгийг нь авах зэрэг  бохир технологийг энэ удаад манай намд хэрэгжүүлэхийг санаархаж буй нь нууц биш  болж байна.

МАХН-тай өс тооцоогоо үргэлжлүүлж, түүний удирдлагыг ямар ч үндэслэлгүйгээр хэрэг, асуудалд хүчээр холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах, шүүхээр  авч хэлэлцдэг хууль бус ажиллагаагаа даамжруулж, хилс зохиомол хэрэгт холбогдуулах зохион байгуулалттай үйлдлийг идэвхтэй үргэлжлүүлэн явуулж байна. Үүний нэг тод жишээ бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг булхай луйвраар өөрсдийн талд гаргасан шившигтэй асуудалдаа сэтгэл нь ханаж цадахгүй, олон сонгогчдынхоо санал авч ялсан боловч луйвардуулсан  С.Ганбаатарт зохиомол хэрэг үүсгэн шалгасаар, шүүхэд шилжүүлж, шүүх нь үнэний өмнө арга мухардахдаа “С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах” тухай туйлын хөгийн бөгөөд хариуцлагагүй шийдвэрийг хүчээр тулган гаргаснаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Энэ нь “зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив” гэгчтэй адил юм болж байгааг олон түмэн анзааран анхаарч байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Амин хувиа хичээсэн, өөрийн үзэл бодлыг намын олонхид  тулгахыг оролдож, үүгээрээ нэр хүнд олохыг хичээдэг, намын  ажлын дотоод ардчилалд захирагдах  дургүй, МАХН-ын ач буян, нэр хүнд, гишүүдийн уйгагүй хичээл зүтгэлээр улс төрд болон намд тодорхой  албан тушаалд байснаа мартаж, намын өдөр тутмын ажилд огт оролцохоо больж, намаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, хувийн санал бодлоо намын эрх ашгаас дээгүүр  эрэмбэлэх болсон зарим  ухвар мөчид хүмүүс бусдын гар хөл болж намаасаа, намын хамт олноосоо далдуур элдэв зүйлийг санаачлан зохион байгуулж байгаа нь улс төрийн хар технологи хэрэглэдэг, бохир ажиллагаанд гаршсан олигархи бүлэглэлийн хорт ажиллагаанд тусалж, тэднийг бодол санаагаа хэрэгжүүлэх аятай орчин нөхцлийг бүрдүүлж байгаад харамсан буруушааж байна.

Улсын Их хурал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үед намын­хаа, ард түмнийхээ  эсрэг явж байсан О.Баасанхүү мэт хэсэг хүн одоо МАХН-ыг хагалан бутлах, эв нэгдлийг сарниулахын төлөө чиглэсэн зорилготой ажиллаж байгаа нь үнэхээр гутамшиг мөн.

МАХН ард түмнийхээ талд байж тэдний язгуур эрх ашгийг хамгаалан тэмцдэг,  байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг улс төрийн  цорын ганц хүчин билээ. Үүний хамгийн сүүлийн жишээ бол, Эрдэнэтийн 49 хувийг хувийг оффшорт бүртгэлтэй нэгэн компанид өгөхийн эсрэг байж, урьд нь үр ашгаа ард түмэндээ өгч байсан энэ үйлдвэрийг төрийн мэдэлд бүрэн авч монголчууд хувь хүртэх боломжийг хангах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Үүнд олигархууд үнэндээ хорсч МАХН-ын эсрэг кампанит ажлаа өрнүүлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь УИХ дээр энэ асуудлаар санал хуурахад ард түмэндээ биш, олигархуудад авч өгөхийн төлөө санал өгсөнөөр түүний энэ алхам Эрдэнэтийн 49 хувийг хүчээр булаан авахыг хүсч байгаа олигархи бүлэглэлийн цагаандаа гарсан гэмт  үйлдлийн үргэлжлэл болсон юм.

Энэ бүгд нь МАХН-ын үйл  ажиллагааг  сулруулах биш, харин ч улам эрчимжүүлэхийн чухлыг  сануулж, манай намын  улс эх орон, ард түмнийхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлын зөв зүйтэйг баталж, улам хүчтэй ажиллах  урам зоригийг өгч байна. МАХН-ыг айлган сүрдүүлэх, хэлмэгдүүлэхийн төлөө аль ч аргаар оролдсон биднийг  зорьсон зорилгоос ухрааж чадахгүй!

Элдвин муу аргаар МАХН-ыг гаднаас нь  болон дотроос нь хагалан бутаргах, хүчийг нь сулруулах, эв нэгдлийг  нь  бусниулахыг зорьж байгаа аливаа оролдлого бүтэхгүй!

Журмын нөхдийнхөө итгэл сэтгэлээр тоглож, сонгогч ард түмнийхээ талд байж чадахгүй байгаа зарим хүмүүсийн үйл ажиллагаатай эвлэрч, тэднийг өөгшүүлэх, намын дүрмийг  илтэд зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг дуугүй харж суух ямар ч боломжгүй бөгөөд харин ч  ийм илрэлтэй  эвлэрэшгүй  тэмцэж, таслан зогсоох, үнэн нүүр царайг нь олонд илчлэн харуулах болно.

Цаашид МАХН-ын бодлого, үйл ажиллагааны эсрэг энэ хүмүүсийн  зохион байгуулсан аливаа  арга хэмжээ, хурал цуглаан  хууль бус, дүрэм бус гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МАХН улс төр, нийгэм эдийн цогц өөрчлөлтийг хийхийн төлөө, баялгийг  иргэддээ тэгш хуваарилахын төлөө, хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоохын төлөө итгэл төгс ажиллах  болно. Үүний тулд  БНМУ-ын Дээд үндсэн  хуулийн төслийг боловсруулснаа бүх ард түмнээр хэлэлцүүлж батлуулахын төлөө  ажиллах болно.

МАХН, түүний  гишүүд дэмжигчид сонор сэрэмжээ өндөржүүлж, ажлын эрч хурд, эв нэгдэл, зохион байгуулалтаа бэхжүүлэн  ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МАХН-ын Гүйцэтгэх товчоо

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *