“Мэдээлэл технологийн үндэсний паркыг түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газар болсон” гэв

4-р сарын 10, 2018 2:07 pm Нийтлэгч: Ангилал Иргэний индэр Уншсан: 91
_MG_3696

М.БААСАНДЭЛГЭР

Мэдээлэл технологийн үндэсний паркийн өмнөх үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Лхагвасүрэн болон “Хос дэнс” клуб ТББ-ын тэргүүн А.Гантамир нар Мэдээлэл технологийн үндэсний парк болон захирал Ц.Содномдамбын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

“Хос дэнс” клубын тэргүүн А.ГантамирIT PARK жирийн нэг түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газар болоод байна

“IT PARK” гэдэг нь мэдээлэл технологийг хөгжүүлдэг байгууллага. Гарааны бизнес эхлүүлж байгаа компаниудыг бойжуулж, дараагын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь хангах байгууллага. Харин өнөөдөр энэ байгууллага нь гарааны бизнес эрхлэгчдэд үнэгүй талбай түрээслэн дэмжих гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчин жирийн нэг түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газар болоод байна. Одоогоор тэнд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ, Хуулийн фирм, “Зандан шатар” шатрын клуб гэх мэт газрууд үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь энэ өрөө тасалгааг IT чиглэлийн компаниудыг хөгжүүлэхэд ашигладаг инкубатор байсан. Одоо бүх өрөөнд түрээсийн газрууд байгаа. Өнгөрсөн оны зургадугаар сард АТГ-аас Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт хандаж номдол шалгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. АТГ-аас зөрчил гаргасан гэж хариу ирсэн  ч ТӨБЗГ-аас ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Мэдээлэл технологийн үндэсний паркын ҮЭ-ийн дарга асан Б.Лхагвасүрэн:Олон компанийн үйл ажиллагааг боосон

Засгийн газрын тогтоолоор парк гэдэг нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж заасан учраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаасаа ашиг олдог болсон. Тиймээс зарим өрөө тасалгааг түрээслэнэ. Гэхдээ “IT PARK”-ын хоёрдугаар давхарыг зөвхөн инкубаторын компанииг 2.5 жил бойжуулж, төгсгөж гаргахад зориулж тохижуулсан байдаг. Харин Ц.Содномдамба захирал орж ирээд хоёрдугаар давхарыг тохилог гэж үзээд өндөр түрээс төлдөг газруудаа оруулж ирсэн. Түүний уршгаар тэр өрөөнүүдэд байсан гарааны компаниуд бүрэн төгсөж дуусаагүй гарсан. Мөн өмнө нь хэрэгжиж байсан бүх төсөл хөтөлбөрийг зогсоосон. Жишээ нь оюуны өмчийн биржийн төсөл. Үүгээрээ олон компанийн үйл ажиллагааг боосон. Би ҮЭ-н даргаар ажиллаж байхдаа төр, ажил олгогч, ажилтан гурвын хамтын гэрээг байгуулж байсан. Гэтэл энэ гэрээний заалтыг Ц.Содномдамба захирал дандаа зөрчиж байсан. Энэ үйлдлийг нь эсэргүүцэж та гэрээний дагуу ажил гэсэн албан бичиг өгөхөд “Чи битгий улстөржөөд бай” гэсэн хариу өгсөн.

Энэхүү хурлын дундуур мэдээлэл тэхнологийн үндэсний төвийн удирдах ажилтан болон одоогийн ҮЭ-ийн дарга Х.Лхагвасүрэн нар байр сууриа илэрхийллээ. Тэд сахилгын хариуцлага тооцуулж ажлаас чөлөөлөгдсөн хүн байгууллагын нэр барин ёс зүйгүй хурал хийж, гүтгэж, буруу ташаа мэдээлэл тарааж байна гэсэн юм.

Х.Лхагвасүрэн: Байгууллагын нэр барьж хурал хийж байгаа энэ хүмүүст ямар ч ёс зүй алга

Б.Лхагвасүрэн нь ажлын хариуцлага алдаж, удаа дараа сануулга авсан ч ажилдаа ирэхээ больж хаяж явсан гэдгийг хэлмээр байна. Мэдээлэл технологиийн үндэсний парк төрийн өмчит компани нь зөвхөн түрээсээрээ амьдардаг. Өмнө нь төрөөс санхүүжилт аваал 40 гаран ажилтнаа цалинжуулдаг байсан ч 400 сая төгрөгний өртэй. Үүнийг шийдэх гэж ажилчидтайгаа хамтарч маш их хөөцөлдсөн. Мөн “Өргөө 2” кино театр нь манай байрны 50 хувийг ашигладаг ч мкв-г нь 6000 төгрөгөөр түрээслэдэг. Гэсэн ч манайх нэг ч удаа ажилчдынхаа цалинг тасалж байгаагүй. Хийх ажлаа боломжоороо хийж байхад ингэж улстөржиж болохгүй. Ажлаас гарчихаад байгууллагын нэр барьж хурал хийж байгаа энэ хүмүүст ямар ч ёс зүй алга. Намраас хойш манай байгууллага таван шалгалтанд орсон. Ямар ч алдаа мадаг гараагүй.

Мэдээлэл технологийн үндэсний паркын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх: Одоогоор манайд 11 гарааны компани бойжиж байгаа

АТГ-аас хууль зөрчснийг тогтоосон гэж энэ хүмүүс ярилаа. Энэ хүмүүс гомдол гаргасан нь үнэн. АТГ-аас ТӨБЗГ-т энэ байгууллагын асуудлыг шийдвэрлэ гэсэн бичиг явуулсан. Тэгээд ТӨБЗГ-аас ажлын хэсэг байгуулагдаж манайд шалгалт хийсэн. Түүний дараа дахин нэг хуваарьт шалгалт манайд ирсэн. Санхүүгийн аудит ирсэн. Холбогдох шалгалт хийсний дараа стандартад нийцэж “Зөрчилгүй санал дүгнэлт” гэсэн үр дүн гарсан.Өөрөөр хэлбэл АТГ-д гаргасан гомдолыг үндэслэлгүй гэж үзсэн байгаа юм. Мөн манайд “Утааны эсрэг ээж аавууд” гэж ТББ байхгүй. Хэрвээ байгаа бол би ажлаа өгөхөд ч бэлэн байна. Одоогоор манайд 11 гарааны компани бойжиж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *