Маргааш 11:00 цагаас бүх нийтийн их цэвэрлэгээтэй

4-р сарын 12, 2018 8:34 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 31
4-12-өйөй-550x300

М.БААСАНДЭЛГЭР

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их цэврэлгээний 90 минут” үйл ажиллагаа болон “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагын талаар мэдээлэл хийлээ.

Их цэвэрлэгээний ажилд ороогүй байгууллагыг торгоно

Энэ сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах аж. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчлахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж буй. Энэ 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа. Мөн их цэвэрлэгээний ажилд ороогүй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд торгох арга хэмжээ авна гэж зохион байгуулагчид мэдээллээ. 

Цэвэрлэгээг таван чиглэлд хуваах бөгөөд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх юм. Түүнчлэн гудамж, зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж, засварлана. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах юм байна. Түүнээс гадна байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах ажлыг хийхээр төлөвлөжээ.

500 гаруй ажлын байр санал болгож байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 13-нд Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар боллоо. Хөдөлмөрийн яармагт нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажлын байранд шууд зуучилна. Мөн нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, оператор, зоогийн газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгж 500 гаруй ажлын байрыг санал болгох аж. Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг тухай албаныхан хэллээ. Мөн тус арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *