Манжуурын чуулганаар гурван улсын эдийн засгийн амжилтыг ярилцав

1-р сарын 7, 2019 7:45 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 14
1-7-3

Б.ТУУЛ

Гурван улсын хилийн боомт гэгддэг Манжуур хотынхон энэ жил газар зүйн ашигтай байрлалдаа тулгуурлан  “Цас мөсний  баяр”, Орос, Хятад, Монгол улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг “Нэг зам-Нэг бүс” аялал жуулчлалын бодлоготой уялдуулан амжилттай зохион байгуулж байна. Энэхүү форумыг 2015 оноос зохион байгуулж эхэлсэн юм байна. Өдгөө гурав дахь жилдээ хуралдаж байгаа ажээ.

Өвлийн наадам нь гурван улсын эв найрамдлын гүүр болж байгааг онцлов

Манжуур бол хөрш зэргэлдээ улс оронтойгоо авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот. Тиймээс БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд  энэ ажлынхаа хүрээнд хөрш улс оронтой хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг болжээ. Тиймээс форумд оролцогчид Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан цас мөсний баяр амжилттай болж байгааг онцлоод, энэхүү өвлийн наадам нь гурван улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болж буйг тэмдэглэсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд Манжуур хотноо гурван улсын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармагууд өргөжиж, тогтмолжиж байгааг тодотгоод, цаашид спорт, соёл урлаг, хүмүүнлэгийн салбар, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт  хамтран ажиллах болно гэдгийг Манжуур хотын удирдлагууд хэлж байв. Мөн форумд оролцсон гуран улсын төлөөлөгчид эдийн засгийн сэдвүүдээр сэдвүүдээр илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм.

Энэхүү форумыг ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо, Манжуур хотын Засгийн газрын ордон, Хөлөнбуйр түрээсийн худалдааны газар, ОХУ-ын Чита хотын Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ, Чойбалсан хотын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа аж. Хуралд тавьсан илтгэлүүдээс онцлоход,  БНХАУ-ын Худалдааны яамны Европ болон Евроази судлах газрын дарга Люү Хуачинь Орос, Хятад хоёр улсын эдийн засгийн амжилтуудыг тодотгож хэлсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байв. Тэрээр хэлэхдээ “Манжуур бол хуурай газрын хилийн боомт хот. Мөн БНХАУ-ын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг хот. Гурван улсын энэхүү хамтарсан арга хэмжээнүүд нь харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээс гадна Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконгийн эдийн засгийг өсгөхөд чухал хувь нэмрээ оруулж байгааг онцолсон юм. Мөн Хятад, Орос эдийн засаг, худалдааны салбарт гарч буй гол гол амжилтуудыг дурьдсан юм. Тухайлбал, хоёр улсын Ерөнхийлөгчид энэ жил дөрвөн удаа уулзаж, өнгөрсөн есдүгээр сарын эхээр Дорно дахины эдийн засгийн форумд оролцож, Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг түргэтгэх шинэ замыг нээж өгсөн. Мөн дээрх хоёр орны Ерөнхий сайдууд, албаны хүмүүс Бээжин хотноо уулзаж, ажил хэргийн уулзалтуудыг хийсэн. Орос, Хятадын эдийн засгийн өсөлт үр ашигтай байгааг онцлоод,  хоёр улсын эдийн засгийн өсөлт 2018 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 97 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэдгийг дуулгав. Мөн Хятад, Оросын бүс нутгуудад олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгааг онцолсон юм.

Монгол Хятад хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрчээ

Хуралд оролцогчид энэ үеэр хөрш орнуудын дэд бүтэц, худалдааны гол хөтөлбөр болох “Талын зам”, “Нэг бүс, нэг зам” санаачлагын уялдаа холбоог хангаж, хөгжүүлэх чиглэлд цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа хэлэлцсэн юм. Мөн Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа гэгддэг Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам”, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байгааг сайшааж байв. Хятад, Орос, Монголын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асар том орон зай, боломж бий. Хятадын талаас энэ ажлын хүрээнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийг хөгжүүлэх, гурван улсын бизнес эрхлэгчдийг дэмжих, хамтарсан үзэсгэлэн яармаг арга хэмжээнүүдийг цаашид амжилттай зохион байгуулна гэдгийг хэлж байв.

Монгол Улсын хувьд, 90 хувийн бүтээгдэхүүнээ Хятад улсад экспортолдог бол 30 хувийн бүтээгдэхүүнээ Хятад улсаас импортолдог. Тоон мэдээллээс үзвэл, Монгол Улсад 1990 оноос хойш хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс  БНХАУ байна. 2018 оны эхний есөн сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байгааг Монголын талаас оролцож буй албаны хүмүүс хэлж байв.

Хөгжлийн гарц, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

Форумд, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Олон улсын харилцааны хүрээлэнд ажиллаж байсан эдийн засгийн судлаач, доктор Х.Мандухай илтгэл тавьсан юм. Тэрээр хэлэхдээ “2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой болно. Энэ бол манай хоёр орон, ард түмний хувьд чухал үйл явдал юм. Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд харилцан ашигтайгаар өрнөж, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хятад, Монгол хоёр улс нь эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлсэн.

1990-2017 хүртэлх хугацаанд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дотор 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна. Монголоос Хятад руу гарч буй бүтээгдэхүүний дийлэнх нь уул уурхай, малын гаралтай түүхий эд болон зарим боловсруулсан бүтээгдэхүүн, мод модон эдлэл, металлургийн гэх мэт бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол шинээр хөгжиж байгаа эрдэс баялгийн том орон боловч Хятадын зах зээлээс хэт хараат байдал давамгайлах болов. Энэ нь хоёр орны нийт харилцааны үйл хэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс энэхүү тулгамдаад байгаа асуудлыг шийдэх нэг боломжийн гарц бол БНХАУ-ын “нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах тухай төслийг үр дүнд хүргэх нь чухал байгааг онцолсон.

Энэ хөтөлбөр нь Хятадын “Нэг бүс нэг зам” үзэл баримтлал, стратегитай нэгэн цогц юм. Өөрөөр хэлвэл “Нэг бүс нэг зам”-ын зорилт төсөөллөөс бодит байдал руу биежиж, манай Монголын “Талын зам” хөтөлбөрийн стратегитай холбогдох боломжтой болж байгаа юм. Хятад, Оросыг идэвхтэй оролцуулсан “Талын зам” төсөл хэрэгжсэнээр манай улс хурдны зам, төмөр зам, байгалийн хий, газрын тосны хоолойг хөгжүүлэх боломж бүрэлдэхээс гадна Хятад, Оросын хооронд транзит тээвэр явуулах бүрэн бололцоотой болох юм. Торгоны замын эдийн засгийн бүсийн бас нэг голчилж буй зүйл нь дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. Тийм учраас Монголын Хятад, Оростой холбосон 997 км хурдны зам, 1100 км цахилгаан дамжуулах шугам, Монголыг дамнасан төмөр зам, байгалийн хий болон газрын тосны хоолой гэсэн таван төсөл бүхий Талын замтай угталцан нийцэж, бодитой ашигтай хэлхээ холбоог бий болгох ач холбогдолтой” хэмээн ярьсан нь энэхүү форумд оролцогчдын анхаарлыг нэлээд татаж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.7 № 4 (5971)