Мандал сумыг тойрсон ойн түймрийг хэн захиалдаг вэ?

3-р сарын 3, 2015 8:46 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 596
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, эмэгтэйчүүд “Ноён уулын асуудлаар төр бүх шатандаа ногоон гэрлээ асаачихлаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, эмэгтэйчүүд “Ноён уулын асуудлаар төр бүх шатандаа ногоон гэрлээ асаачихлаа. Нутаг маань алтны нөөцөөсөө болж эдийн засгийн алуурчдад онилогдож, мөхлийн ирмэгт ирлээ. Биднийг Хонгор сумынхны нэгэн адил харамсалтай хувь тавилан хүлээж байхад зүгээр сууж болохгүй. Ц.Мөнхбаярын нэгэн адил тэмцлийн хэлбэрийг сонгохоос аргагүй” хэмээн ярьж байна. Тэдний яриан дундаас олон зүйл анхаарал татсан нь хавар болж газар шорооны ажил эхлэхийн түрүүчээс Мандал сумын эргэн тойронд гардаг том, жижиг ойн түймэр юм. Тэрхүү ойн түймрүүд  бидний сүүлийн хэдэн сар шуугиж буй Ноён уул, түүний доорх алтны арвин нөөцтэй холбоотой гэх хүн ч цөөнгүй байна.

Нутгийн иргэд болон ахмадууд сэтгүүлч биднийг тэр талаар  бичихгүй байна, сэдэв хөндсөнгүй гэхчлэн нүүр нүдгүй загнах юм. Тэдний ярьж буйгаар Мандал сумын алтны нөөц ойн санг даган байршсан шороон ордууд байдаг тул уул уурхайнхан ажлаа явуулахын тулд их хэмжээний ойг огтлон ашиглалтын талбайгаа бэлддэг гэнэ. Нөгөө талаас ой мод сүйтгэлээ гэсэн тэмцэл хөдөлгөөн иргэдийн зүгээс гарч хэл ам таталдаг. Тиймээс ойн түймрээр далимдуулан ашиглах газар, хайгуул хийж олборлолтын тал­байгаа бэлддэг юм биш байгаа хэмээн ярьж бай­на, тэд. Гэхдээ түй­мэр тавьж байхыг нь барин тавин үзсэн хар­сан хүн алга. Эртнээс ийм хардлага олны ам дамжин яригдаж ирсэн, хаврын хаварт тэрхүү за­хиалгат түймрийн золиос болчихгүй юмсан гэх болгоомжлол ч иргэдийн дунд үүсдэг гэнэ.

 

ЭНЭ ҮНЭН БОЛ “МИ-8”-ИЙН ОСОЛ ЗАХИАЛГАТ АЛЛАГА ЮМ БИШ ҮҮ?

 Мандал сумын иргэн, өндөр настан Б /Тэрээр нэрээ гаргахыг хүссэнгүй. Учир нь суманд нь улстөржилт их. Түүнийг хэвлэлд ганц нэг үг хэлчихээр үр хүүхдийг нь хавчиж хяхдаг тул ийнхүү нууцлав/ “2007  оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал,” Ерөө сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар үүрэг авч тийшээ ниссэн “МИ-8” нисдэг тэрэг осолдож, 15 авран хамгаалагч амь эрсэдсэн гашуун дурсамжийг яриад “Тэд ээлжит  захиалгат түймрийн золиос болсон доо хайран хүмүүс. Би хувьдаа тэгж боддог” гэв. Түүнтэй ярилцаж суух зуур  галын дүгнэлт тухайн үед хуурайшилтаас үүдсэн, мөн авран хамгаалагчид амь эрсэдсэн нь ослоос  болоогүй гэхчилэн ээдрээтэй сонин тайлбар дүгнэлтүүд шил даран гарч, эцэст нь хэн ч хариуцлага хүлээгээгүй нь санаанд зурсхийв.Тэгсхийгээд л аврагчдын ар гэрийнхэнд тэтгэлэг өгч, гэрч нарын амыг мөнгөөр хаасан гэх мэдээллүүд саармагжиж, хэрэг явдал бүрхэг хэвээрээ дарагдсан. Өнөөдөр тухайн үеийн мэдээллийг шүүж үзэхэд хэрэгтэй мэдээллүүд нь бүгд устсан байх юм. Цахим хуудсуудаас бүгд арчигдаж, тоймтой мэдээлэл үлдсэнгүй. Байдаг л түймэр, гардаг л осол юм бол яагаад хэрэг явдлыг  ингэтэл  нууцлав.  Тэгэхээр хэрэв уул уурхайнхан түймэр тавьж, түүнийг нь унтаарах гэж Онцгой байдлын  авран хамгаалагчид амь насаа алдсан бол энэ захиалгат аллага гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Тиймээс Мандал сумын иргэдийн айдас  хүйдэс, хэвлэлд шуудхан ярьчихаж чадахгүй ч хэвлэл, мэдээллийнхнийг  анхаарч өгөхийг хүссэн   хүсэлтүүд доторх энэ сэдэв  нэгийг хэлж, хоёрыг сануулж байна. “МИ-8”-ийн ослыг яагаад сэргээн шалгаж болохгүй гэж… Бас Мандал сумын түймрийн хэргүүд, ойн санг сүйдэлсэн хэргүүдийг…

 

ОЙН АНГУУЧИД…

“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр иргэдийн ийнхүү  жиг жуг гэлцэж буйгаас улбаалан 2007-2008 оны үйл явдлыг нэхэн сануулахад тухайн үед МАН эрх барьж,  С.Баяр Ерөнхий сайдаар, М.Энхболд Шадар сайдаар ажиллаж байв.  Мөн тэр үед С.Баяр Ноён уул, Гацууртын орд орчмын ашиглалтын асуудлаар гадныхантай гэрээ хэлцэл хийж, тус нутагт уул уурхайн ажил өргөжсөн түүхтэй.

Ойн түймрийн тухайд  уул уурхайд хамааралтай хэн нэгэн захиалаад байна хэмээн мандалчууд хардаж байгаа бол эхлээд ойн санд өшөөтэй эрхмүүдийг олж тогтоох ёстой байх. Гэтэл ой модыг ихээхэн сүйтгэдэг хүмүүсийн эхэнд  иргэд нь сумынхаа удирдлагуудыг нэрлэдэг юм билээ. Тухайлбал, 2012 оны хавар Мандал сумын  Засаг даргаар ажиллаж байсан Б.Цээпилдорж,  мөн тухайн үед сумын мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байсан Н.Нямдаваа /одоогийн Засаг дарга/ нарт холбогдох нэгэн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан шалгасан байна. Энэ тухай  цахим хуудсуудад үлдсэн мэдээ, баримт ч цөөнгүй.

 

МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Засаг дарга Б.Цээпилдорж болон тус сумын мэргэжлийн хяналтын байцаагч Н.Нямдаваа нарт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ойн тухай хууль тогтоомж зөрчснөөс экологид онц их хэмжээний хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэгт буруутгаж буй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Цээпилдорж, Н.Нямдаваа нар тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сентерра гоулд” компанид хууль бус зөвшөөрөл олгосноос дээрх компаниуд 70 га талбайн ой сүйтгэсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Нутгийн иргэд “Дээрх компаниуд ой модыг сүйтгэсний улмаас асар их хэмжээний хохирол учирч, байгаль нүд халтирмаар болсон” гэж хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаснаар дээрх хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Дээрх хоёр хүний хэн нь хэчнээн төгрөгийн хохирол учруулах зөвшөөрөл олгосныг нарийвчлан тогтоохыг шүүхээс даалгажээ.

Эх сурвалж: 24 цаг.мн 2012.05.24

 

НОЁН УУЛ ХОЁР ДАХЬ ОЮУТОЛГОЙ, С.БАЯРЫН САНААЧИЛСАН АЖИЛ ГЭВ

Мандал сумын ир­гэд­тэй уулзаж явахад Ц.Чимгээ гэдэг эмэгтэй “Монгол Улс Оюутолгой, Таван­толгойгоосоо ашиг олоо­гүй байж Ноён уулаа ухуулъя гэж байгаа нь буруу. Өнөөдөр бид хоёр­хон улстай хиллэдэг, дотоод­доо гуравхан сая хүн амтай, байгалийн баялаг нь ямар билээ.  Төр, засаг иргэдээ сонсохгүй шийдвэр гаргаж болохгүй. Татварын дарамтаар туйлдуулж болохгүй. Ажилгүй, орлогогүй байл­гаж болохгүй. Цөөн хэсэг нь баяжаад ард түмнээ ядуу байлгаж байгаа нь буруу. Тийм болохоор байгалиа ухуулахыг бид дэмжихгүй. Ноён уулаа гадаадынханд өгөхгүй.  Хэвлэлийнхэн, сэтгүүлч та бүхэн Ноён уул, Гацууртын асуудал хоёр дахь Оюутолгой болоод байгааг анхаарч, бидний эрх ашгийг хамгаалан дуугарч өгөөч” гэв. Харин иргэн Г.Болд “Оюутолгойн ажлыг эхлүүлсэн хүн нь С.Баяр, одоо Ноён уул, Гацууртын  асуудлыг ч 2008 оны үеэс С.Баярын Засгийн газар санаачилсан шүү дээ” хэмээн бухимдаж байв. Үнэхээр газар доорх баялаг, алтны арвин нөөцөөсөө болж эдийн засгийн алуурчдад онилогдож  мөхлийн ирмэгт ирээд буй  Мандал сумын нутаг  Ноён уулыг тойрсон асуудал өнөөдөр Оюутолгойн гэрээг бат­лах үед үүссэнтэй адил нөхцөл байдлыг бий бол­гоод байгаа нь бодит үйл явдал. Нэг хэсэг нь ашиг­тай, нөгөө нь ашигтай байсан ч байгаль орчин, үндэсний түүх соёл, улс орны аюулгүй байдал хөндөгдөх тул эсэргүүцэн талцаж байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн, “Босоо Хөх Монгол” ТББ-ын залуус, өлсгөлөн зарла­сан иргэд, тахилга тайлга үйлдэж буй лам, бөө, үзмэрч зурхайч юу ярьж байгааг бүгд мэдэх хойно энд нуршихаа азная. Харин УИХ, Зас­гийн газар Гацууртыг ашиглах асуудлаар шийд­вэрээ нэгэнт гаргаж, одоо зөв­хөн төр 20 хувийг эзэмших тухайд хүлээж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд хий­сэн хэлэлцүүлгээс нэгд, Хүннүгийн булш уур­хай­гаас хол учраас аюул­гүй, тэсэлгээ хийхэд хөн­дөг­дөх зүйлгүй, хоёрт ШУА ордын орчим булш байх­гүй талаар дүгнэлтээ гаргасан, гуравт архео­логчдийн судалгаа хийл­гэж нийгмийн зөв­шил­цөлд хүрэх тухай лоо­зогносноос хэтэр­сэн­гүй. Ерөнхийдөө бол шийд­вэрлэх төвшинд  Ман­дал сумынхны хэлсэнч­лэн Ноён уулын алтны шороон ордыг ашиг­лах бүх “Ногоон гэрэл” нэгэнт асчихсан. Оюутол­гойн гэрээг батлах үйл явц тухайн үед ийм сце­нараар явсан, танил так­тик байгааг ҮХАҮТ-ын тэргүүн Б.Лхагважав саяхан хэлж байсныг уншигч та санаж байгаа байх.

 

МАНДАЛ СУМ ХОЁР НОЁН УУЛТАЙ, СЕНТЕРРА ГОУЛД ХОЁР ЯНЗЫН ГАЗРЫН ЗУРАГТАЙ

Улаанбаатарт Ноён уулаа хамгаалах  яриа хөөрөө үүсч, улс орон даяар шуугиж байгаа бол Мандал суманд бас л янз бүрийн үйл явдал өрнөж байгаа юм. Зах зухаас нь хэлэхэд, Ноён уул руу очихоор яваа сэтгүүлч гэдгээ учирлан зам асуухад  захын хүн “Манай сум  нэг биш нэлээн хэдэн Ноён уултай болсон шүү дээ. Аль нь юм бол доо” гэж байх юм. Ноён уул энэ биш ээ, тэр. Та нарын яриад байгаа чинь эндээс хол шүү дээ” гээд өөр тийшээ зааж төөрүүлж, төөрөгдүүлдэг явдал Мандал суманд газар авсан байна лээ. Сумын ахмадууд, иргэний хөдөлгөөний гишүүд л Ноён уулаа гэж мэдэхээс залуус, хүүхдүүд газар нутгаа сайн мэдэхгүй байгаа нь цаашид юунд хүргэх бол. Тэд сумынхаа газар нутгийг мэдэхгүй байхад эндээс очсон бид  яаж мэдэх билээ. Цаашлаад  Ноён уулын Арцатын ам,  Гацууртын орд бүхий  Сентерра Гоулд  компани дээр очиход  хоёр янзын газрын зураг гаргаж тайлбарлах юм. Төвөөс очсон албаныхан, сэтгүүлчид, иргэний хөдөлгөөнийхөнд  үзүүлдэг нь өөр, өөрсдөө бариад олборлолт, хайгуулын ажлаа явуулдаг  газрын зураг нь бас нэг өөр. Хэлдэг үг нь өөр, хийдэг ажил нь ч ондоо. Ийм л байна.

Тиймээс тэмцэх гэдэг үг монгол хүн, тэр дотроо мандалчуудын амнаас   гарч байгаа юм. Мандал сумын бас нэг эмэгтэйтэй уулзахад П.Сувдаа хэмээн өөрийгөө танилцуулаад  “Бид ирээдүйдээ юм үлдээмээр байна шүү дээ. Тиймээс би “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Тэмцэлд нэгдэхээ илэрхийлье. Манай сумынхан бүгдээрээ ийм санаа бодолтой байгаа. Мандал сум маань Хонгор шиг болох вий гэхээс айж байна. Тиймээс тэмцэцгээе” гэж байна лээ. Тэмцэл, хөдөлгөөний эхэнд ээжүүд, эмэгтэйчүүд Ц.Мөнхбаяртай агаар нэг арга хэрэглэнэ гэж байхад төр, засагт юу бодогдож байгаа бол.

 

“…Газар нутаг руу минь өнгөлзөн шунах аваас сэлэмний ир, нумны зэвийг үзүүл”  хэмээн зарлигдсан Модун Шаньюй нүүдэлчин монгол­­чуудын анхны  төрт улсыг байгуулан төвлөн сууж байсан  Мандал сумын нутаг, Ноён уулс бүтэн, Монгол минь бүрэн байг.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Levitra Generique Danger cialis tablets for sale Viagra Y Antibioticos Propecia Agito Minoxidil Orlistat From Mexico

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *