МАН зөвшилцлийн гэрээгээ зөрчив

1-р сарын 21, 2015 8:53 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 567
Парламентаар улс орны эдийн засагтай холбоотой томоохон хуулийг өчигдөр батлав.

М.ЦЭЦЭГ

Парламентаар улс орны эдийн засагтай холбоотой томоохон хуулийг өчигдөр батлав. Эдийн засгийн хямралтай холбогдуулан энэ жилийн төсвийнг тодотгов. Мөн улсын өрийн хэмжээ хуульд зааснаас илүү гарсан тул Засгийн газраас санал болгосноор хэлэлцэн батлав.

Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ сарын 15-ны өдөр өргөн барьсан юм. Уг хуулийн төсөлд Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2015 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувьд гарахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үүднээс өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэж бууруулахаар төсөлд тусгажээ.

Харин Төсвийн байн­гын хорооны өн­гөрсөн долоо хоногийн хуралдаанаар хуулийн төс­лийн анхны хэлэл­цүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийн өрийн хязгаар болон үйлчлэх хугацааны талаар маргаантай асуудлууд, ойлголтын зөрүү байгаа тул нэгдсэн шийдвэрт хүрсний дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм. Гэхдээ байнгын хороо өчигдөр өглөө хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй гурван санал гаргаснаас хоёр нь хуулийн төсөлд тусгагдаагүй асуудлыг хөндсөн учраас санал хураалгах шаардлагагүй гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдээд үлдсэн нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахаар болов. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын гишүүд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны ху­рал­даанд оролцсон гишүү­дийн олонхийн дэмжлэг авч чадаагүй аж. Ингээд байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 45 нь буюу 91.8 хувь нь татгалзсан санал өгөв. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 60 хувь” гэснийг “58.3 хувь” гэж өөрчлөхөөр болж хуулийн төслийг эцэслэн батлав.

 

58.3 хувь нь одоо байгаа хэмжээ, эсвэл энэ оны эцэст хүрэх хувь гэж янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Хэрэв 58.3 хувьд одоогоор хүрчихсэн бол манай улс энэ жилдээ гадаадаас зээл авахгүй. Харин зарим гишүүний тайлбарлаж буйгаар оны эцэс гэхэд улсын өрийн хэмжээ 58.3 хувьд хүрэхээр бол манайх зээл авна, эсвэл одоо авчихсан байгаа зээлээ ашиглахад ийм үзүүлэлтэд хүрэх болов уу. Энэ бүхний ялгааг УИХ-ын гишүүд ч тайлбарлахгүй байгаа бөгөөд Сангийн сайд болон өмнөх сайд нь өөр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Ямар боловч УИХ дахь МАН-ын бүлэг АН-тай хамтран Засгийн газарт ажиллахдаа зөвшилцлийн гэрээ байгуулж түүнд хэд хэдэн заалт тусгасан юм. Үүний нэг нь улсын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалт бөгөөд өмнөх байр сууриа хамгаалсан билээ. Гэвч тэд энэ удаад гэрээгээ зөрчив. Үүнийг нь Ц.Нямдорж нарын зарим гишүүн хатуу сануулав. Цаашид Засгийн газар өрийн хязгаарыг нэмэгдүүлж, хууль зөрчвөл хариуцлага тооцно гэдгээ ч гишүүн Ж.Батзандан хэллээ.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Precio Viagra Hombre cialis Generic Levitra Paypal

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *