МАН жигүүрлэж, гишүүд нь өөр нам бодож эхэлжээ

11-р сарын 6, 2013 9:37 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 1162
МАН-ын шинэчлэл доройтол болж хувирлаа.

Ч.ОЛДОХ 

МАН-ын шинэчлэл доройтол болж хувирлаа.  Шинэ багт намынхаа хувь заяаг даатгах,  бү­лэг­лэл, фракциудын нө­­лөө­нөөс ангижрах гэсэн зорилт нь ч талаар болов. Хэдийгээр намын гишүүдийн олонхийн саналаар намын даргаар М.Энхболдыг сонгосон ч шинэчлэлийн бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байж. Гэтэл эсрэгээрээ намынх нь  бүх эрх мэдэл “Хотын фракц”-ийн гарт орж, ухралт болсон байна. Уг нь МАН-ын XXV их хурлаас “Элсний 13”-ын эхлүүлсэн шинэчлэлийн дүнд түүнийг намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулж байсан удаатай. Хотын газрын наймаа, авлига хээл хахуультай нэр холбогдсон “Хотын фракц” намын нэр хүндийг гутаалаа, сонгуулийн дүнд ч сөргөөр нөлөөлнө хэмээн тус хуралд үг хэлсэн эрхмүүд хэлж байсан нь одоо ч хурлын протоколд нь бий. Сая болж өнгөрсөн хурлаар ч нэр бүхий гишүүд тэр тухай сануулж байжээ.

Тэгэхээр өнөөдөр өрнөж  буй үйл явдал,   тус намын XXVII их хурал нь   өөрсдийнх  хийсэн гээд байгаа шинэчлэл гээчид   том хариулт, мөн том сургамж, урагшлах бус ухралт   болсныг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа нь оргүй биш юм.

 

НАМЫН ДАРГА  “ГОЦ МӨРГӨЖ”, ГЕНСЕК  НЬ АМАН  МЭХЭЭР ТУГ ТОЙРОВ  

Ажиглагчдын үзэж буйгаар МАН-ын их хурлын эхний хоёр өдрийн үйл явц гольдрилынхоо дагуу зөв  явжээ. Харин гурав дахь өдрийн хурал­даанаас  дүрмээ зөр­чиж,  буруу тийш эргэсэн гэл­цэж буй. Тэр нь  М.Энхболд намын дарга болохын тулд бүлэглэл, фракциудын дэмжлэгийг авч, гарч ирүүтээ амнаасаа буцсанаас үүдэлтэй гэнэ. Түүний хувьд Т.Аюурсайханыг эс тооцвол өрсөлдөгчгүй шахам намын дарга болсон. Залуу гишүүний хувьд намын дарга бол­чихно гэхээс  илүүтэй өрсөлдөөд гарч ирэхгүй ч    нам доторх нэр хүндээ өсгөе гэсэн бодлоор зүт­гэсэн. Эцсийн дүнд болох ёстой юм болдгоороо бол­сон. Харин намын их хурлыг шаардаж ху­рал­дуулсан нь яах арга­гүй Шинэчлэлийн хо­рооны байгуулсан гавьяа байв. Хурлын үеэр тус хорооноос 15 хүнээ Хяналтын зөв­лөлд дэвшүүлж ба­гаараа ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч Т.Аюур­сайханаас бусдыг нь оруу­лаагүй. Даргаа сонгосны дараа генсекээ сонгох гэж МАН дотооддоо багагүй хэл ам, хэлцэл зөвшилцөл өрнөж, эцэст нь Ж.Сүхбаатарыг тавихаар хатуу тохирчээ гэсэн мэдээлэл гарсан. Ингэхдээ Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нарын нэрийг хурлаар хэлэлцүүлнэ гэж байв.  Явцын дунд Д.Цогтбаатар нэрээ татаж Ж.Сүхбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болох байж. Гэтэл М.Энхболд намын дарга болонгуутаа тохирооноосоо буцаж Д.Цогтбаатарын нэрийг татуулж, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатыг генсект өрсөлдүүлэхээр оруулж иржээ. Их хурал, Бага хурлын бүтэц, оролцоо, гар өргүүлэх тактикийн талаас “Хотын фракц” эхнээс нь авахуулаад дуустал   ажилласан тул генсек аман мэхээр туг тойрчээ.

 

“ХОТЫН ХОРЧИН”   Т.БАДАМЖУНАЙ ГЭВ  

Генсект нэр дэвшүүлэх үеэр  Ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ  дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан  Элчин сайд асан Б.Энхмандах  Бага хурлын үүдийг сахиж суусныг эх сурвалжууд хэлж байгаа юм.  Учир нь түүнийг  намын Их хурал, Бага хурлын алинд ч оруулаагүй. Ингээд  үүдэнд нь сууж байгаад нэр дэвшүүлэх үеэр орж танилцуулгаа өгчихөөд буцаж гарсан гэнэ. Эцсийн шатанд шийдвэр гарахад Ж.Сүхбаатар ч, Б.Энхмандах ч ихээхэн гомдолтой үлджээ.  Энэ бүхний эцэст намын Их,Бага хурлын  улс төрийн хорны тунг тааруулсан гол хүнээр  Ж.Сүхбаатарын хэлснээр Т.Бадамжунай тодроод байна. Түүний  твиттертээ бичсэнээр бол  намын их хурлыг наанаа М.Энхболд удирдаж, хөшигний ард Т.Бадамжунай ажиллаж байсан гэнэ.

 Тухайлбал, тэрээр   өөрийн гарын хүн МАН-ын нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйгаар Ж.Сүхбаатарыг дэмждэг гишүүдийн нэрийг даруулж, хуралд оруулаагүй. Хурлын төлөөлөгчдийг оролцуулахдаа эхнээс нь судалгаа хийчихсэн, аль аймаг, сумаас хэнийг хуралд ирүүлэхийг, мөн хуралд хэнээр үг хэлүүлэхийг ч хүртэл  намын даргаар нь дамжуулаад үүрэгдчихсэн байсан гэх мэдээлэл байна. Мөн намын  шинэчлэлийн хөтөлбөрт Бага хурлын гишүүн 310 байсныг 210 болгож цөөрүүлэхээр оруулсан байтал М.Энхболд  дарга болонгуутаа  хуучнаар нь оруулахаар болгосон бол  ганц нэг аймаг, сумын намын хорооны дарга нарын нэр байгааг эс тооцвол Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн  нь огт шинэчлэгдсэнгүй. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын гарын хүмүүс голдуу байсан бол ганц нэг хүн шинээр нэмэгдсэн нь ч мөн л тэдний бэлтгэсэн “Хоёрдугаар ээлж”-ийнхэн юм.  Гэхдээ МАН дахь албан тушаалын хуваарилалт үүгээр дуусаагүй. Удахгүй  намын дэргэдэх залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгуул­лагыг хуралдуулж тэр­гүүнийг нь сонгоно. Энэ удаа залуучуудын байгууллагыг О.Сод­билэгт, эмэгтэйчүүдийн байгууллагыг П.Анужинд өгөхөөр М.Энхболд, У.Хүрэлсүх нар  эртнээс тохиролцсоны дагуу тэднийг Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээр оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна.  

 

ХУРАЛ ХАЯСАН  ЭКС ДАРГА  НАР ХААЧИВ?

МАН-ын Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, Хяналтын хороо, Бага хуралд Ө.Энхтүвшинг оруулах юм бол тус намын дөрвөн үеийн дарга  нарын хүмүүс  багтсангүй. Тэд бол С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нар. Иймд  тэд намынхаа их  хурлыг хаяж гараад Тусгаар тогтнолын ордны орчим өөр нэгэн газар орж хуралдсан сураг дуулдаж байв. Тухайн үед тэдэнтэй их хурлын цөөнгүй гишүүд нийлжээ.  Харин нэлээд сүүлд буюу хурал тарсаны дараа тэдэн дээр нэг зочин нэмэгдсэн нь Ө.Энхтүвшин байсан гэнэ. Тэрээр яагаад бусдаасаа хоцров гэвэл, индэр дээр сууж байсан учраас хурал тарсны дараа очихоос аргагүй байсан аж.  Тэдний хооронд   намын шинэчлэл буруу тийш эргэлээ, иймд хүчээ нэгтгэн М.Энхболдын эсрэг тэмцье гэсэн  яриа өрнөжээ.  Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Учир нь өнөөдөр МАН-ын гудамжинд залуучууд хэсэг хэсгээрээ талцан яриа хөөрөө эхлүүлж яваа юм. Хэний ард хэн байгааг ч тааж цөхөх зүйл алга. Тухайлбал, Т.Аюурсайхан гэхэд  л  шинэчилье хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ хэмээн ярьж явна. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар ч  мөн  залуучуудтай яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. МАН-ын гадаадад ажиллаж, амьдардаг залуу гишүүдийг “Шинэ хүч” ТББ-ын тэргүүн М.Найданхүү толгойлж жигүүр байгуулах су­раг­тай. “Үндэсний Соём­бо” хөдөлгөөний тэр­гүүн Б.Лхагважав эдийн засагчидтай са­нал солилцох болсон. Сү.Батболдын Шадар тус­лахаар ажиллаж  бай­сан Г.Өнөрбаяр  гадаадад сургууль төгссөн болон одоо сурч байгаа залуусыг нэгтгэж эхэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан С.Баярмагнай  мөн энэ чиглэлд яриа хөөрөө үүсгэж уулзалт зохион байгуулж явааг эх сурвалж хэллээ.  Удирдах зөвлөлөөс татгалзаж, хурал хаяж гарсан С.Бямбацогтын хувьд  зүгээр суухгүй гэдгээ ил тод   мэдэгдээд “Та нар ийм байдлаар хол явахгүй шүү”  хэмээн намынхаа удирдлагуудад хатуу  үг дайжээ.

МАН дотооддоо ийн­хүү 2-3 хэсэгт ху­вааг­даад байна. Нэг хэ­сэг нь буюу С.Баяр, С.Батболд, Н.Багабанди, Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс М.Энхболдын эс­рэг хамтарч тэмцэх бо­лолтой. Залуучуудын хувьд тэдэнтэй хүч хав­сарна. Түүнээс гадна на­маас гарахаар шийдсэн хүмүүс ч цөөнгүй бай­гаа дуулдана. Итгэл үнэмш­л­ээрээ элсэн орж энэ хүр­тэл зүтгэж явсан нам нь байр сууриасаа ухарч буцаж байгаад итгэл ал­дарсан тэд аль нэг намыг сонгох бус   нэг хэсэгтээ нам бус байхыг  илүүд үзсэн  байхыг үгүйс­гэхгүй. Харин сэхээт­нүүд голдуу хэсэг хүн МАХН руу явахаар ший­дээд байгаа дуулдана. Ту­хайлбал, Элчин сайд асан Б.Энхмандахыг энэ хүмүүсийн эхэнд явах байх гэсэн яриа МАН-д газар авчээ.

Мөн хөдөө орон нутаг дахь  намын анхан шатны байгууллагуудад ирж буй санал хүсэлтийн дийлэнхийг МАХН-тай нэгдэх гэсэн гишүүдийнх нь байр суурь эзэлж байгааг  даравч далдайж булавч бултайх гэгч болоод буйг намын тулхтай гишүүд, хууччуулаас эхлээд  ярьж эхэлсэн сурагтай.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *