МАН завсарлага авлаа

10-р сарын 5, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 53
10-5-3

М.ЦЭЦЭГ

Монгол Улс парламентын засаглалтай. Энэ утгаараа УИХ онцгой бүрэн эрх эдэлдэг. Гэвч энэ эрхээ УИХ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь намрын чуулганы эхний хоёр өдөр хэлэлцсэн Цэцийн дүгнэлттэй холбоотой юм.

УИХ-ын тухай хуулийн  7.1.12 дахь заалт нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг 41 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн хэмээн Цэц дүгнэлт гаргасан. Товчхондоо, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах боломжгүйд хүрсэн юм. Энэ нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахаар гаргасан О.Баасанхүү гишүүний саналтай холбоотой хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригт байнгын хороо, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр нар УИХ-аас  томилдог болон сонгодог албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чадахгүй болбол эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, УИХ-ыг чадамжгүй болгоно гэсэн юм. Мөн гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Үндсэн хуулийн цэц буюу есөн хүн ард түмний зөвшилцлийн үр дүнд бий болсон Үндсэн хуулийн үзэл санааг алдагдуулж УИХ-ын хянан шалгах чиг үүргийг үгүйсгэх тул Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байв.

Харин гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэц Засгийн газрын гишүүнээс бусад УИХ-аас томилогддог албан тушаалтанд хамаа­рахгүйгээр шийдвэрээ гаргасан тул Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь нь зүйтэй гэсэн саналыг гаргасан юм. Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо нэлээд хэлэлцсэний дүнд Цэцийн дүгнэлт УИХ-ын бүрэн эрхэд халдсан байна гэж үзээд хүлээж авах боломжгүй гэж олонх нь шийдсэн.

Энэ асуудлыг баасан гаригийн чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүн Ц.Нямдорж дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэв. Учир нь Цэцийн дүгнэлт гарахын өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн ойд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 300 сая төгрөг гаргасан тухай мэдээлэл гарчээ. Энэ мөнгийг юунд зарцуулсныг ил болгох шаардлага байгаа тул Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Цэцийн дүгнэлтийг одоо хэлэлцэх нь цаг хугацааны хувьд ч таарамжгүй байна. Тий­мээс ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг гаргаж энд яригдаж бай­гаа мөнгөний асуудлыг магадлаж тодруулах нь зүйтэй гээд хойшлуулав.

УИХ намрын чуулга­ныхаа эхэнд өнгөрсөн зун болоод намрын турш олны анхааралд буй Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн дагуу дээрх хуульд өөрчлөлт оруулах байлаа. Гэвч УИХ  дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг гарган асуудлыг байнгын хороон дээр эргэж хэлэлцэх шаардлагатай гээд ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Баасан гаригт ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн өдөр тохиосон.  УИХ-ын гишүүн Л.Болд талийгаачийн дурсгалыг хүндэтгэж эмгэ­нэл илэрхийлэх санал гаргаснаар ги­шүүд суудлаасаа босч талийгаачийн дурсгалыг хүндэтгэлээ. Энэ нь чуул­ганы танхимд С.Зориг агсныг хүндэтгэсэн анхны тохиолдол ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *