МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөн байгууллаа

7-р сарын 2, 2013 10:00 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 537
УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяр, О.Содбилэг тэргүүтэй МАН-ын залуу гишүүд “Шинэчилье” нэгд­сэн хөдөлгөөн байгуулснаа өчигдөр албан ёсоор зар­лалаа.

Д.БОЛОР

 

УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяр, О.Содбилэг тэргүүтэй МАН-ын залуу гишүүд “Шинэчилье” нэгд­сэн хөдөлгөөн байгуулснаа өчигдөр албан ёсоор зар­лалаа. Хөдөлгөөнд Ерөнхийлөгчийн сонгуу­лийн өмнө нь шинэчлэл ярьж явсан хороо, на­мын дэргэдэх төрийн бус байгууллага гэхчлэн 10 гаруй байгууллага нэгдсэн байна. Тэд 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шат шатны таван сонгуульд дараалан ялагдал хүлээснээр бодлого, үйл ажиллагааны зогсонги байдалд орж, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр сууриа алдсан хэмээн үзэж энэхүү хөдөлгөөнийг байгуулжээ.

Хөдөлгөөний тэмцэгчид цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулах бөгөөд эхний ээлжинд нэгэн уриалгыг намынхаа удирдлага, гишүүд дэмжигчдэд илгээж байна гэлээ. Уриалгад “Намын бага хурлыг энэ сарын 8-ны дотор хуралдуулж XXVII Их хурлын товыг зарлахыг намын удирдах зөвлөлөөс шаардаж байна. Хоёрдугаарт, намын даргыг сонгох намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгааг зохион байгуулах ёстой.  Намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчил. Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохын төлөө ажиллая. Сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх  ёстой” зэрэг шаардлага тавьжээ.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Долдугаар сарын 11-17-ны хугацаанд монголчууд наадам гээд ажил хийдэггүй. Цаана нь сар дуусахад арав гаруйхан хоногийн хугацаа үлддэг. Энэ жил гэхэд дөрвөн аймаг 90 жилийн ой тэмдэглэх юм байна. Хүмүүс найр наадам гээд хөдөө явчихдаг учраас аль болох хурдан хурлаа хийж, ажлаа цалгардуулахгүй байх нь дээр байна. Тиймээс наадмын өмнө Бага хурлаа хуралдуулах саналтай байгаа.

Өнгөрсөн гурван сонгуулиуд өөр хоорондоо эрс ялгаатай. УИХ-ын сонгуулиар 31 хувийн санал авсан, Орон нутгийн сонгуулиар 40 орчим хувийн ялалт байгуулсан. Орон нутгийн сонгуулийн онцлог нь тухайн орон нутагт байгаа намын удирдлагуудын үүрэг оролцоотой ажил байдаг. Тэгэхээр энэ бүхэн хэн нэгэн намын удирдлагад сууж байгаа хүмүүсийн нэр нүүртэй холбоотой гэж үзэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нам гэхээсээ нэр дэвшигч илүү түлхүү ажиллаж, 520 мянга орчим хүний санал авсан. Энэ бол багагүй амжилт.

 

МАН-ын нарийн бичгийн дарга А.Мөнхбат:

-МАН-ын шинэчлэлийн төлөө зүрх нь цохилж байгаа залуучууд нэгдэж байна. МАН 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нийтдээ таван сонгуульд дараалан ялагдал хүлээлээ. Өнөөдөр МАН-д ялагдлынхаа ул суурьт дүгнэлт хийх цаг болжээ. Ардын намд иргэд сонгогчид яагаад итгэл үзүүлэхгүй байна вэ гэдгийг ярих цаг болжээ. Энэ бүхний цаана манай намд шинэчлэл ус, агаар мэт дутагдаж байгаа нь ойлгомжтой. Хамгийн гол нь шинэчлэлийг өнгөн байдлаар биш агуулгын хувьд хийх ёстой юм байна. Ингэхдээ хэн нэгэн дарга руу дайрахаас илүүтэй юунаас болж иргэд сонгогчид итгэл үзүүлсэнгүй вэ гэдгийг ул суурьтай бодох ёстой. Энэ бол намыг шинэчлэх гэсэн мянга, мянган залуусын хүсэл юм.

 

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан:

 -МАН-ын цаашдын хувь заяа өнөөдрийн шинэчлэлтэй шууд холбоотой. Улс төрийн нам уруудалтын доод цэгээ мэдэрч шинэчлэл хийж чадахгүй бол мөхөх аюултай байдаг. Өнөөдөр манай нам уруудалтын доод цэгтээ ирсэн байна гэж үзэж байна. Үнэхээр намаа гэсэн сэтгэл байгаа бол өнөөгийн удирдлагууд шинэчлэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Тийм ч учраас бид юуны түрүүнд удирдлагуудыг огцруулахыг шаардаад байгаа. Шинэчлэл бол удирдлагуудын асуудал биш. Бодлогын шинэчлэл, өөрчлөлт юм.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *