МАН-ын талцал намжихаас өнгөрөв

11-р сарын 28, 2018 7:35 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 15
11-28-3й2

Т.БАТСАЙХАН

Эрх баригч намынхан өчигдөр уламжлал ёсоор хоёр талд тоглолоо.  Төрийн ордонд хоёр талын төлөөллүүд нэгэн зэрэг мэдээлэл хийж нэг нэгнийхээ булхай луйврыг дэлгэж өнжив.  Энэ намын хагарал ер нь намжих шинж алга.  Улам л хагаралдаж, сүүлдээ улс төрийн  өшөө авалт мэтээр үргэлжилж байна.   Ийнхүү өчигдөр Төрийн ордонд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

ОГЦРУУЛНА ГЭСЭН 27 ГИШҮҮНИЙГ НАМААСАА ХӨӨХ ТАЛААР ЯРЬЖЭЭ /2018.11.27 12.00 ЦАГТ/

Өчигдөр үдээс өмнө МАН-ын удирдах зөвлөл хуралдлаа.  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн удирддаг энэ  хурлаар Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг ярьжээ. МАН-ын удирдах зөвлөл 29 гишүүнтэй, түүнээс өчигдрийн хуралд 13 гишүүн оролцсон байна.  Харин  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат нар удирдах зөвлөлийн хуралдаандаа суухгүй  гэдгээ мэдэгдсэн.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би өмнө нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн.  Өнөөдөр намынхаа удирдах зөвлөлөөс  гаргасан шийдвэрийг хараад инээд хүрч байна.  Бидэнд хариуцлага тооцно гэлээ.  Намын удирдах зөвлөл гишүүнд нэг л асуудлаар хариуцлага тооцдог. Тэр нь хөөх асуудал юм.  УИХ-ын эдгээр 27 гишүүн өнөөдөр ард түмнээс сонгогдож, энэ намд 27 суудал авчирсан учраас энэ нам олонх болж зарим нь Засгийн газрын сайд болоод сууж байгаа гэдгээ мэдэж л байгаа даа” гэв.  Мөн үүний дараа болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та нөхөд дараагийн сонгуулиар манай намын нэр дээрээс нэр дэвших эрхгүй шүү” гэсэн.  Тэгэхээр Засаг огцруулах  гарын үсгээ зурсан 27 гишүүн улс төрийн хувьд нэлээд хүндхэн байдалд орж, намаасаа ч хөөгдөж магадгүй байна.

 

АТГ, УЕП-Т ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН ГЭВ /2018.11.27 12.30 ЦАГТ/

Үүний дараа Засгийн газрыг огцруулах гарын үсгээ зурсан 27 гишүүн мэдээлэл хийж, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нар Засгийн газрыг огцруулах хуралдаанд орж, кноп дарах эрхгүй гэж  мэдэгдлээ.  Учир нь Засгийн газрыг огцруулах үндэслэл нь ЖДҮХС-гийн зээлийн асуудал байв. Тиймээс сайд нар танхимаа авч үлдэхээр санал өгвөл энэ нь ашиг сонирхлын зөрчил болно гэв.  Энэ талаар УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргил “Ашиг сонирхлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3,4-т энэ талаар тодорхой тусгасан байгаа.  Би хуулиа дагах учиртай” гэсэн юм.  Тиймээс гишүүдийн зүгээс АТГ, Улсын Ерөнхий прокурор, УИХ дахь зарим дэд хороодод шаардлага хүргүүлжээ.  УИХ-ын чуулганы ирэх баасан гаригийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлаар санал хураана. Түүнээс  өмнө ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой сайд нарын асуудлыг шалгаж, хамааралтай эсэх дүгнэлтийг ирүүлэхийг хүсчээ.  Хамаарал бүхий гэдэг нь тогтоогдвол сайд нарыг санал хураалтад оруулахгүй талаарх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ гэлээ.  Тэдний хэлж буйгаар асуудал цааш үргэлжилбэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас одоогоор гурван сайд санал өгөх боломжгүй болно гэсэн үг.

 

МАН-ЫН БҮЛГИЙН ХОЁР ӨӨР ТАЙЛБАР /2018.11.27 13.30 ЦАГТ/

МАН-ын бүлгийн 35 гишүүн хуралдаж,  100 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орж ирж,  “Бүлгийн дарга гэгдэх Д.Тогтохсүрэн буруу ташаа мэдээлэл өгч байна. ЖДҮ-чин сайд, гишүүдийг бүлгийн хуралд ч оруулахгүй байх шаардлага тавьж, энэ нөхөрт би оруулж өгсөн. Гэтэл бүлэг хуралдсан нэр зүүгээд “Засгийн газрыг огцруулахгүй байх 100 хувийн шийдвэр гарлаа.  Энэ бүлгийн шийдвэр хүчингүй шүү” гээд гарна лээ.

 

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ОЛОНХ ДЭМЖЛЭЭ /2018.11.27 14.30/

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь дэмжлээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, гишүүдэд хандан үгээ хэлж байв.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Бид улс төрийг хөлдөө чирч байна даа. Ард түмэн бидэнд итгэл өгч үнэмлэхүй олонхийн суудал өгсөн ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, нам дотроо үл ойлголцол үүсгэсэн.  Одоо бүх мэдээлэл ил гарч байна. Намын Удирдах зөвлөл дээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнийг намаас хөөх талаар яригдсан байна. Заавал ингэх хэрэг байгаа юм уу. Ерөнхий сайд одоо намын даргынхаа хувьд гарц, гаргалгаа гаргаж ирээч. Танд ямар бодол байна. Ард түмэн үүнийг хүсч хүлээж байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -ЖДҮХС-тай холбоотой асуудал гарч ирсэн нь сайн хэрэг. Улстөрчдөд маш том сургамж боллоо. Монгол төрд энэ асуудал сургамж боллоо. Энд хэн нэгэн хүн ялагдаж байна гэж харахгүй байгаа. Гол нь бид том ухаарал авлаа. Засгийн газарт засч залруулах олон ажил байгаа. Үүний төлөө ажиллана. Гэхдээ хариуцлага тооцох асуудал зогсохгүй. Удахгүй ЖДҮ-тэй холбогдсон танхимын сайд нарынхаа асуудлыг ярина. Намаа ч, төрөө ч цэвэрлэх ёстой юм байна. Одоо цаг нь болсон.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: –27 гишүүний хувьд хэвлэл мэдээлэл, сошиалаар их дайралтад өртөж байна. У.Хүрэлсүх та Ерөнхий сайд болох үедээ надаас шударга бус зүйлийг битгий шаардаарай гэж хэлсэн. Та энэ үгийг хэнд зориулж хэлсэн юм бэ. Танд ерөөсөө мэдээллүүд буруу очоод байдаг юм уу. Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаас яг тэгж байгаа юм гэж ойлголоо. Валютын ханшийн өсөлт зөвхөн Монголбанкнаас шалтгаалдаггүй юм. Ийм юм мэдэхгүй сангийн сайдтайд чинь ичиж байна. Таны төлсөн гээд байгаа өрийг манай Засгийн газар бэлдэж өгөөд явсан шүү дээ. Таныг энэ талаар мэдээлж байхад би юм хэлээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн засвар, арван аймагт цахилгааны биш дулааны цахилгаан станц байгуулна шүү дээ, мэдээллээ зөв өгч бай л даа.Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал АНУ-д очоод сайхан сайхан сэлфи хийгээд явна лээ. Хэлэлцээ хийгээд бэлэн болгож үлдээсэн нь Ч.Сайханбилэг, Манай засгийн газрын хийсэн асуудал шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: – Товчхондоо бол таны сэлмээ эргүүлсэн Ши-жүжиг чинь хуучраад байна. Анх Засаг байгуулахдаа хариуцлагын сэлмээ сугаллаа гэсэн. Тэр сэлэм нь хаагуур тэнэж яваад буцаад танд наалдчихсан юм бэ. Нэг л их сүржин “хариуцлага тооцоод өгнө, цавчаад өгнө” гээд ярих юм. Энэ чинь байгаа онохгүй реклам байна. Засгийн газар ийм рекламаар ажил хийж болохгүй. Засгийн тэргүүн ажлын болон амьдралын ухаантай байж бүх хүмүүсийг эвлүүлж нийлүүлдэг мэргэн ухаанаар төрийг удирдах ёстой.  Түүнээс цэргийн хүний зарчмаар тушаал өгч байгаа мэт биднийг удирдана гэвэл эндүүрэл болно. ЖДҮХС-гийн зээлийн жинхэнэ эзэнд нь хүргэж өг гэсэн болохоос ойр тойрны хүмүүстээ, эрх мэдэл бүхий хүмүүст тарааж өгөхийг хүсээгүй.  Танд Ерөнхий сайд хийх чадвар алга байна. Олон ч удаа энэ шахалт шаардлагыг тавьсан. Та энэ алдаагаа засахгүй бол улс орныг авч явах төрийн том баг бүрэлдэхүүнийг авч явах ажилд тэнцэхгүй. Яагаад гэвэл танд тийм ёс суртахуун алга.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Энэ Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн нөхөр байгаа. Та бүлгээ хагалсан шүү дээ. Би та бүхнээс айна гэж байхгүй. Энэ дотор хулгайч нар сууж байгаа. Наймаачид сууж байгаа. Би хаана ч хэлнэ. Би та нарыг мэднэ. Шударга үнэний туйл царайлах хэрэггүй. Энд байгаа нэлээн хэдэн хүмүүс 2020 онд нэр дэвшихгүй. Эртхэн зам мөрөө хөөгөөрэй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг бариулаарай, О.Содбилэг ээ. Энэ асуудлыг шатахууны бизнес хийдэг гишүүд гацаахгүй шүү гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *