МАН-ын ноёрхолд цэг тавьсан ард түмний сонголт

7-р сарын 3, 2012 11:35 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 262

-У.Хүрэлсүхийн хүлээх хариуцлага МАН-ынхныг тайвшруулах уу-

Ө.БАТХҮҮ

 

Сонгуулийн шөнө хүчтэй цохилт авсан МАН-ын нокаут гараагүй байна.  Омголон, бардам  байсан  эрх  баригчдад  энэ  удаад сонгогчид  хатуурхлаа.  Тэдэнд  ердөө  л  30  орчим суудал  өгсөн  нь тус намынхны  хувьд  аянга  ниргэхтэй адил байсан гэх. Ард  түмнийхээ  амьдралаас  дэндүү  тасарч, намаа  олигархиудаар  тойрон хүрээлүүлсний горыг тэд  ийнхүү  амсав. “Болох юм  болдгоороо л  боллоо. Нүгэл  хэзээ  нэгэн цагт нүдээрээ  гардаг юм” гэж  тавлах  хүмүүс ч цөөнгүй байна.  Ялагдчихаад түүн­дээ итгэхгүй гунихарч  суух  өдрүүдийн  хамгийн гашуун  нулимсыг  намын дарга С.Батболд унагаж  байгаа болов  уу. Түүнтэй  хамт  “Хар  толгой­гоо­гоороо хариуцлагаа хү­лээнэ”  гээд  мэдэгд­чихсэн  генсек  У.Хүрэл­сүх  ацан  шалаанд орчих­сон сууж байгаа нь тодорхой. Тэр амнаасаа бултах элдэв арга  хайж  суугаа биз. Гэвч эр хүн  нэгэнт  амлачихсан  хойно хариуцлагаа  хүлээхээс өөр  замгүй. Гэхдээ на­рийн  бичгийн даргаараа  туг  тахиад МАН-ынхан тайвширна  гэвэл үгүй. С.Батболдыг намын дар­гаас нь  буулгаж  хаяад ч нэгэнт  ирсэн  ялагдлын нулимсын  гашуун дараг­дахгүй. Тэгэхээр одоо МАН-ын нүүдэл юу байх вэ.

 

ГАР ТООЛЛОГО АРДЫН НАМЫНХНЫГ АВРАХГҮЙ

 

Хэдийгээр улсын хэмжээний бүх  тойрог, хэсгийн  хороодод  хянал­тын  тооллого  явуулъя  гэдэг  хүсэлтийг МАН  бусад намын хамт  СЕХ-нд  хаягласан ч хариу  өгөөгүй байна. Хуульд  дахин гараар тоолох  тухай үг, өгүүлбэр байхгүй тул  СЕХ-ноос ирэх хариу  эерэг байх  боломжгүй, дахин тоолсон  ч МАХН-МҮАН-ын “Шударга  ёс”  эвслийнхэнд  л  ашигтай  байхаас  МАН-д авралын оч асах боломж  үгүй биз. Ардын  намын УИХ дахь  бүлгийн дарга Ө.Энх­түв­шин  сонгуулийн шөнөөс  эхлэн гараар тоолно хэмээн зүтгэж, түүгээр намын удирдлагууд нь сэтгэлээ  зогоож  буй боловч ирээдүй  нэгэнт  тодорхой  болсон тул  МАН-ынхан  гашуун ч  гэсэн үнэнийг  хүлээн зөвшөөрч эхлэв. Одоо МАН-ынхан АН-ынх­наас  хариугаа  нэхэж хамтарсан засаг байгуу­лах  тухай бага  зэргийн  башир үгтэй хадгийг барьж гүйхээс  өөр  мэргэн  сонголт  үнэндээ  үлдээгүй аж.  Нэгэн цагт хамтарч байсан АН МАН-ыг хаясныхаа дараа дахин  хамтрахгүй өөр, өөрийн замаар  явна гэж  байсан ч улс төр нэгэнт бохир тул 100 хувь болохгүй юм гэж  хаана ч  байхгүй. Гэхдээ болгох зам нь тун  хэцүү.  Энэ тухай МАН-ын удирдлагууд сонгуулийн шөнөөс эхлэж бодсон нь ойлгомжтой  байх. Гэхдээ  АН-ынхан МАН-д  нааштай хариу өгөхгүй л болов уу. Аль ч талаас нь  бодсон  АН МАН-тай  биш МАХН-ын эвсэлтэй хамтарч засаг бүрдүүлэх нь ашигтай хувилбар гэдгийг улс  төр судлаачид мэдэгдэж эхэлсэн. Хар  ухаанаар бодоход л  МАХН-ын эвслийнхэн АН-аас МАН-тай эвссэ­нээс ха­маа­гүй бага албан тушаал эзэгнэх нь тодорхой юм. Эвслийнхэн ч АН-тай  хамтарч засаг байгуу­лахад  бэлэн гэдэг мессежээ илгээлээ.

 

АН ХААШАА ХАРАХААС МАН-ЫН “ГУДАМЖИНД ГАРАХ”  ЭСЭХ ШИЙДЭГДЭНЭ 

 

Асуудал  нэгэнт  иймдээ  тулсан тул АН-ыг царай алдахаас  өөр сонголт МАН-д  үнэхээр үлдсэнгүй Хамтрахгүй, сөрөг хүчин  шиг сөрөг  хүчин  болж  үлдье гэхэд хэзээнээсээ  албан  тушаалгүй амьдралаар  замнаж  үзээгүй тус  намынханд  туйлын  хүнд тусна. АН МАН-д “За” гэж  хэлэхгүй бол  яах  вэ. Энэ нь тэднийг  бүр ч хүнд байдалд оруулах болно. Ард  түмний сон­голт  энэ удаад холимог  байлаа.  МАН АН-ыг гуйж, АН сонголт  хийх парла­мен­тыг , Засгийн газрыг иргэд  сонгосон  нь  МАН-ын  олон жи­лийн ноёр­холд  цэг  тавьж  орхив. Н.Алтанхуягт Ерөн­хий сайдаа, Э.Бат-Үүлд нийс­лэл хэмээх саалийн  үнээ­гээ алдах  нь Ах намын хувьд дэн­дүү  тодорхой болчихсон  билээ. Нэгэнт  ирсэн тавиланг туулж гарахаас өөр  зам  байхгүй. МАН-ын  хувьд АН-д  хадаг барихаас өөр сон­голт үгүй.  Энэ  бол  эц­сийн  арга. Хүлээж  авах­гүй бол  МАН гудамжинд  гарс­наас  ялгаа  юу байна. Түүнээс биш У.Хүрэл­сүхийн хариуцлага, С.Бат­болдын  огцролт  юуг  ч  аврахгүй.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *