МАН-ыг шинэчлэх бус шинэ нам байгуулах сураг

7-р сарын 23, 2013 11:36 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 836
МАН хаана буухаа мэдэхгүй байж гэрээ ачсан айлтай адил байна. “Х” үсэгний талцал тус намыг хоёр хуваасан шиг энэ удаа   тэдний хийж чадаагүй, цаашдаа ч хийж чадахгүй шинэчлэл гэгч хэрүүлийн алим болов.

Л.ХЭРЛЭН

МАН хаана буухаа мэдэхгүй байж гэрээ ачсан айлтай адил байна. “Х” үсэгний талцал тус намыг хоёр хуваасан шиг энэ удаа   тэдний хийж чадаагүй, цаашдаа ч хийж чадахгүй шинэчлэл гэгч хэрүүлийн алим болов.  Одоо 250 мянган гишүүний хэд нь  МАН-аас хэзээ мөдгүй галаа таслах  гэж буй шинэ намд, хэд нь буурал намынхаа  буурийг  сахиж үлдэх нь  асуулт болж байна. Ингэж тарамдах юм бол бүүр анхны улаан батлахаа өвөртөлж аваад МАХН руу зүглэх нөхөд ч бас бий. Үүний тулд өмнөх шигээ  “Тэрэлжийн тунхаг” гаргахгүй л болов уу. Учир нь бууриа сахих нөхөд анхнаасаа тодорхой,  явах хүмүүс  нь түр гэр барьж хаяа тусгаарлачихаад байгаа гэлцэнэ. Энэ байдлаар бол Тусгаар тогтнолын ордондоо  хэн нь сууж үлдэх,  хэн нь байр хөлслөх нь бараг тодорхой гэнэ шүү.

 “Хэрүүлийн алим”-ны тухайд бол  тус намынхан шинэчлэл гэж юу болох, яаж түүнийг хийх, яавал шинэчлэгдэх вэ гэдгээ  огтхон ч тодорхойлж чадаагүй. Мэдэх хүн ч бараг байхгүй. Өнөөдрийг хүртэл шинэчлэл хийж үзсэн туршлага ч байх биш. Чанга дуугаар шинэчлэл  ярьсан нэгнээ намаасаа хөөчихдөг. Шивнэж ярьсныг нь албан тушаалаар мялаачихдаг зуршил бол бий. Тиймээс шинэчлэл гэх гоё үгийг  угтаа намаа хоёр хуваая, түүнийгээ шийдье л гэсэн утгаар хэрэглэсэн гэхэд хилсдэхгүйг намын гишүүдийн үг ,үйлдэл нотолно.

Тухайлбал, шинэчилье, хөдөлгөе хэмээн шуурсан залуус  “Шинэчилж чадахгүйгээ мэдэрлээ, одоо  шинэ нам байгуулъя” гэх  болсон сурагтай. Тэднийг анх гарч ирэхэд “Ард нь У.Хүрэлсүх байгаа”  хэмээн хэвлэлүүд шуугиж байсан. Тэгвэл   “Ташаа мэдээлэл, тийм юм байхгүй. Манай намыг хэвлэлийнхэн, сэтгүүлчид л хагалан бутаргах гэж бичээд байна”  хэмээн мэдэгдэж байсан эрхмүүдийн байр суурь өөрчлөгдсөн байх  жишээтэй.  Шинэчлэхийг “шахсан”  залуус ч  угаасаа У.Хүрэлсүхийн намдаа   татан оруулж ирсэн “гар хөл”-нүүд гэж байгаа. Д.Оюун-Эрдэнээс эхлээд  НАМЗХ -ны дарга нар нэртэй түүний  дүү нар.Азтай бас мөнгөтэй  нь  УИХ-ын гишүүн болж амжсан. Тэгвэл одоо шинэ нам байгуулах гэнэ. Шинэ намын сургийг сонордвол шинэчлэл ярьж буй хэдэн залуу, “Зүүний хүчний холбоо”-ны бэлтгэл офицерууд, бас дээр нь  Ц.Батбаяр  нарын УИХ-ын экс гишүүдийн нэр дуулдаж байх юм. Мэдээж Г.Занданшатар, Я.Содбаатар тэргүүтэй нөхөд нь дагах нь ойлгомжтой. Гэхдээ хэсэгтээ байдлыг харзнах биз, тийм ч тохироо бий хэмээн жирийн гишүүд нь  эхнээсээ жиргэж эхэлсэн. 

Харин  өдгөө Австралид  амьдарч буй У.Хүрэлсүх ямар тайлбар илгээсэн бэ гэвэл “Шинэчлэлийн асуудал надтай хамаагүй шүү. Миний оролцоо огтхон ч байхгүй” гэсэн мэдэгдэл ирүүлсэн гэх. Гэтэл  шинэчлэлийн залуус дөнгөж гараанаасаа гарч, бөхөөр бол нэгийн даваа давах үед түүнийг намынхаа шинэчлэлийг дэмжиж байгаа  талаар  “бор шувуу” нисч байв. Харин одоо  МАН-ын хууччуулын ярьж буйгаар бол  тэрээр шинэчлэгч залуусын ард бат зогсч  байгаа  юм байх. Мэдэгдэл ирүүлсэн явдал бол зүгээр л өнгөлөн далдлалт төдий зүйл гэнэ. Шинэ нам байгууллаа гэхэд У.Хүрэлсүх яаран намын дарга болох нь юу бол хэмээн хардах хэсэг ч МАН-д байна. Түүний оронд тугч хийх хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэмээн  зарим нь онцолж буй. Н.Номтойбаяр намын дарга боллоо гэхэд У.Хүрэлсүхийн цэргүүд  орон гэргүй гэх зовлонгүй. Нөгөөтэйгүүр, Тусгаар тогтнолын ордныг барихад хамгийн их буюу тэрбум төгрөг хандивласан хүн яахаараа  юу ч үгүй гарах гэж. Дотроо гол шатны хоёр талаар  баруун, зүүн хоёр жигүүрт  хуваагддаг Тусгаар тогтнолын ордонд  хуучинсаг нөхөд, тэднээс салан тусгаарлаж шинийг эрэлхийлж, бас шинэчлэгдсэн шинэхэн нам оршин тогтнож юу нь болохгүй гэж гээд л үзэлцэх байлгүй.

МАН-ын хуучин дарга нар, сонгуульд дараалан намаа ялагдуулчихаад ичих ч үгүй ширээ сандалтайгаа зууралдагсад хэмээн чичлүүлээд буй  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, тэднээс ч илүүтэйгээр хамаг бурууг үүрч мэдэхээр байгаа УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд нар голомтоо сахих дүр зураг харагдаж буй. Намын даргын багийнхан “Бид шинэчлэл хийхийг дэмжинэ” гэж буй ч намын даргыг сольсноор шинэчлэгдэхгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тэд бол Ө.Энхтүвшингээс өөр нам даргалчих хүн МАН-д байхгүй гэж үзэж буй юм билээ. Тиймээс намын их, бага хурлыг хуралдууллаа гэхэд одоогийн удирдлагууддаа итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураалт явуулах зорилготой  гэдгээ ч эхнээсээ  зарлаад байгаа. Харин хамаг бурууг үүрч золигт гарах этгээд нь Н.Энхболд болж таарч байгаа нь цахим хуудсаар аль эрт тарсан хуучин мэдээлэл. МАН-ын ахмад гишүүд ч тийм дүгнэлт хийснээ хэвлэлээр ярьсан нь бий. Тухайлбал, МАН-ыг хүчгүй, сул дорой харагдуулж, АН-ыг хүчээ авах гол хөшүүргийг  тэр л хийсэн юм байх. Тэгэхээр 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон буйдантай суултын дараахнаас  МАН-ын гишүүдийн ярих болсон “Зориггүй хулчгарын дээр асуудал шийдэх талдаа маруухан хамгийн бөөрөнхий нөхөр”  гэдэг нь Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарт биш Н.Энхболдод хаягласан мессеж байсан юмсанж.

Ямар боловч хууччуул нь хүсч байгаа юм хойно, тэгээд ч шинэчлэл ярьсан нөхөд  тэртэй тэргүй шинэ нам байгуулаад яваад өгөх тул Ө.Энхтүвшин намын дарга хэвээр үлдэх бололтой. Харин нэг байшинд амьдарч буй хоёр намын аль нь Монгол Ардын нам гэсэн нэрээ авах бол. Эсвэл хуучин МАН, шинэчлэгдсэн МАН гэх юм болов уу. Аль эсвэл  учраа олохоо байсан МАН ийм замаар олны анхаарлыг татаж, дараа нь нэгдэх зарчмаар байр сууриа олж авахын төлөө тэмцэх үү. Ямар ч байсан МАН  оршин байхын тулд ямар нэгэн зүйл зайлшгүй хийх л учиртай. Харин тэр нь юу байх вэ хэмээн олон таамаг хөврөх боллоо.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *