МАН ямар хөзөр дэлгэх вэ?

7-р сарын 16, 2013 10:14 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 641
Сонгуульд дараалан ялагдал хүлээсэн МАН-ын гишүүд ууртай байна. Удирдлагын төвшинд сандал, ширээтэй зууралдсан албан тушаалын хэнээрхэл нь тэднийг бачимдуулж буй бололтой.

Л.ХЭРЛЭН

Сонгуульд дараалан ялагдал хүлээсэн МАН-ын гишүүд ууртай байна. Удирдлагын төвшинд сандал, ширээтэй зууралдсан албан тушаалын хэнээрхэл нь тэднийг бачимдуулж буй бололтой. Харин доод төвшинд “Одоо л гараад ирэх цаг” хэмээн шинэчлэл ярьж хөөрсөн залуус “Хоёрдугаар ээлж хоолондоо” хэмээн доргиж байгаа гэх нь бий. Мөн энэ үйл явдал нь  эцэстээ  МАН-ыг хоёр хувааж аль ч үгүй болгох вий гэсэн болгоомжлол хашир ахмадуудад нь байна.

Ямартаа ч ирэх бямба гаригт товлосон намын Бага хурлын уур амьсгал хаашаа эргэх вэ, шинэчлэлийн салхи сэвэлзэх үү гэдэг нь анхаарал татсан  асуудлын нэг болоод байна. Нөгөөтэйгүүр, урагшгүй, хулчгар, долдой, бөөрөнхий гэх нэр хоч зүүж адлагдаад байгаа дарга нартаа ямар хариуцлага тооцох нь асуулт дагуулж байгаа юм.

Одоо дуулдаж буй мэдээллээр шат шатны сонгуульд  ялагдлын шалтгаанаа  ил тод ярилцалгүй дараагийн сонгуульд орсон нь дахин ялагдал  авчирсан талаар ярихаар  хэлэлцэх асуудлын дараалалд тусгажээ.  Дараалсан ялагдлын гол буруутан намын удирдлагууд уу, намынхаа зүрх, тархи болсон Удирдах зөвлөл, түүний гишүүд үү гэдгийг  ярьж эзэн хариуцлагчийг нь тодорхой болгох гэнэ.

Дараа нь  УИХ-ын  сонгуулийн өмнөхөн  экс гишүүд  нь  тэргүүлэн шинэчлэх хөдөлгөөн байгуулсан ч тусыг эс олсон хийгээд  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа нүүр буруулсан, мөнгөө харамласан, АН-аас нэр дэвшигчийг дэмжсэн  нэр бүхий хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэх, намаас хөөх, сануулга өгөх тухай  ярьж буй  сурагтай. Эцэст нь шинэчлэлийг хэрхэн хийх, бүтэц зохион байгуулалтын  асуудлаар хуралдах  хар зураг гаргажээ.

Хэнд ямар хариуцлага ногдуулах талаар нийт гишүүдийн саналд үндэслэн Бага хурлын шийдвэр гарна гэж буй ч үнэндээ бараг тодорхой болчихоод байгаа талаар зарим эх сурвалж  хэлж буй. Түүний зах зухаас дурдвал намын дарга Ө.Энхтүвшингийн  тухайд  “Намын даргыг сольсноор асуудал шийдэгдэхгүй” гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байгаа гэнэ. Тэгэхээр эцэстээ золиос болох  улс төрийн гол бай нь Удирдах зөвлөл, ингэж үзэх хүмүүс ч захаас аван бий. Гол шүүмжлэл нь улс төрийн ямар ч үүрэггүй, тодруулбал албан тушаалгүй үлдсэн шахааны нөхөд Удирдах зөвлөлд орж улаан хивсэн дээгүүр алхсан гэдэгт чиглэжээ. Гэтэл Удирдах зөвлөлийн зарим гишүүний амнаас “Тэгж ярих юм бол намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр өөрсдийн зөвлөхөөр  ямар ч үүрэггүй, сандал бөглөсөн нөхдийг ажиллуулсан” гэх гомдлын үгсийг эхнээсээ унагаж эхлээд байгаа гэнэ. Ийнхүү дор бүрдээ хариуцлагаас бултсанаар УИХ дахь намын бүлгийн дарга Н.Энхболдод хариуцлагын ачааг овоолж буй дуулдав. Түүнтэй ачаа хуваалцах хүн нь Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг хэмээж байна. Гэхдээ намаа ялагдуулсан  Ө.Энхтүвшинг суудалд нь бурханчлан зална гэж юу байх вэ,  МАН дахь “Хотын фракц”-ын зүгээс хүнд үед ачаа үүрэх хүнээр М.Энхболдыг тодруулаад байгаа нь нууц биш болсныг жирийн гишүүд нь жиг жуг гэлцэж байна. Бага хурлын сургийг чимж буй бас нэг хачир нь “Намын нэр солиод ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” хэмээн цээжээ дэлдчихээд ялагдчихаар нь хар толгойгоо бодож Австрали руу явсан У.Хүрэлсүх ирсэн гэх  “бор шувуу”  юм. МАН-ын залуус шинэчлэл ярихтай зэрэгцэн намыг хоёр хуваах У.Хүрэлсүхийн бодлого, Ерөнхий нарийн бичгийн дарга болох гэсэн Н.Номтойбаярын сонирхол давхцлаа гэсэн хардлага гарах болжээ. Аль нь үнэн болохыг удахгүй болох Бага хурлаараа МАН-ынхан тодорхой харуулах биз. Харин өнөө, маргаашийн ярианы сэдэвт намаасаа урвасан  гэх Э.Мөнх-Очир, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  намдаа мөнгө хандивлаагүй  хэмээн буруутгагдаж буй нэр бүхий компанийн захирлуудын талаар шуугих бололтой. Мөн  авлигын асуудал ярьсан АН-аас айж нэр дэвшигчээ дэмжээгүй хэмээн буруутгагдаж буй  УИХ-ын экс гишүүд тэргүүтэй 9 хүний нэр хар дансанд бичигдсэн гэх мэдээлэл байна.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Nonie
2016 оны 12-р сарын 1

Created the greatest arscelit, you have.

Kairi
2016 оны 12-р сарын 3

This is exactly what I was looking for. Thanks for wrtgnii! http://hbwgwumm.com [url=http://xehddxax.com]xehddxax[/url] [link=http://roeriecgvxn.com]roeriecgvxn[/link]

Millie
2018 оны 9-р сарын 20

Alhrigt alright alright that’s exactly what I needed! http://mjdiimf.com [url=http://wdatnacfjhm.com]wdatnacfjhm[/url] [link=http://befoat.com]befoat[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *