МАН Б.Батзоригийг явуулж, Я.Содбаатарыг энэ удаадаа авч үлдэв

11-р сарын 1, 2018 7:35 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 10
11-1-1

Т.БАТСАЙХАН

МАН-ын бүлэг  өчигдөр  үдээс хойш хуралдаж, ЖДҮДС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Эрх баригч намынхан энэ асуудлаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулахаар шийдвэрлэв. “Тээвэр ачлал” компаниараа дамжуулан ЖДҮДС-гаас 1.4 тэрбум төгрөг авсан гэх баримт олон нийтэд ил болсон. Б.Батзоригийг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хуралд оруулж, гишүүд ийнхүү ёсоор болголоо. Нэгэнт эрх баригч нам бүлэг дээрээ ингэж шийдвэр гаргасан учраас  Засгийн газар сайдыг огцруулах асуудлыг УИХ-д маш шуурхай өргөн барихаар болсон байна. Тиймээс өнөөдрөөс сайдыг чөлөөлөх, дараагийн сайд хэн байх вэ гэхчлэн өрнөх нь.  МАН-ын бүлгийн өчигдрийн хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон гэнэ.  Б.Батзоригоос гадна эрх баригч намын хэд хэдэн гишүүн ЖДҮДС-гаас зээл авсан асуудалтай байгаа.  УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун,  Г.Солтан, Ж.Энхбаяр, Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь… гээд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн авсан зээл дараалан сөхөгдөж ил болоод байгаа. Тэднийг “Авсан зээлээ эргүүлж төлөөрэй” гэж толгойг нь илээд ганцхан Б.Батзоригт хариуцлага  яриад өнгөрч байгаа нь  зөв үү гэдэг ч хөндөгдсөн байна. Засгийн газрын гишүүн болж, сайдын тамга гардаж аваад удаагүй байгаа Я.Содбаатар ЖДҮДС-гийн зээлтэй бас холбогдчихоод байгаа. Я.Содбаатарын тухайд бүлгийн хуралдаанаар яригдаагүй хэмээн бүлгийн дарга нь мэдэгдсэн. Я.Содбаатар сайд өөрөө болоод эхнэр нь огт оролцохоо больсон компани нь энэ сангаас зээл авсан тухай үнэмшил багатай тайлбар хэлчихээд таг болсон. Бүлгийн хурлаар ЖДҮДС-гийн зээлтэй холбоотой засгийн хоёр дахь сайдын асуудлыг хэлэлцээгүйг улс төрийн хүрээний эх сурвалж “Содбаатар сайд Ерөнхий сайдтай урд өдөр нь уулзсан”-тай холбоотой хэмээн хэллээ. Намын даргынхаа хувьд, бас Засгийн газрын тэргүүний хувьд У.Хүрэлсүх  энэ удаад Я.Содбаатарыг авч үлдлээ. Ер нь ЖДҮДС-гаас зээл авсан зээлтэй холбоотой асуудал цаашаагаа эрх баригч МАН руу улам бүр гүнзгий орж, “гал тогоо”-г нь самраад хаячихаж мэдэх дээрээ хүрэх магадлалтай. Тиймээс Б.Батзоригийг яаран огцруулах нь асуудлыг намынхаа  “гал тогоо”-нд нарийн  оруулахгүй гэсэндээ хийсэн эхний алхам  гэж харагдаад байна.

МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайдыг огцруулах улс төрийн шийдвэрээ зарласны дараа Б.Батзориг сайд өөрөө мэдэгдэл хийж, “Би хариуцлагаа хүлээж сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна” хэмээн мэдэгдэв. Хариуцлага хүлээлгэж, хариуцлага хүлээж байгаа мэт энэ улс төрийн жүжгээр ЖДҮДС-гийн зээл улстөрчдийн хамаарал бүхий том компаниудад тэрбум тэрбумаараа очсонтой холбоотой энэ дуулиан ингээд намжих уу. Ерөнхий сайдын зүгээс  цаашид ЖДҮДС-гийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, шилэн болгох, сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудыг зарлах, хуулийн хариуцлага хүлээлгэх, авсан зээлийг нь эргэн төлүүлэх чиглэл өгөөд байгаа. Одоогоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад Нийслэлийн прокуророос хэрэг нээн шалгаж буйгаа мэдэгдсэн. Тэгэхээр хууль, хяналтын байгууллагуудын хувьд хийх ажил их байгаа гэж ойлгож болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *