МАН-аас бусадтай нь хэлэлцээ хийхийг зөвшөөрлөө

7-р сарын 17, 2012 12:22 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 229

М.ГАН

 

Ардчилсан намын ҮЗХ-ны 200 гаруй гишүүд өчигдөр Төрийн ордонд цуглаж, шинэ Засгийн газар, УИХ-ын удирдлагуудаа хэлэлцлээ. УИХ-ын гишүүн З.Энх­болдоор шинэ парламентыг удирдлуулахаар намын бүлэг нь нэр дэвшүүлсэн юм. Бүлгээс ирсэн энэ саналыг ҮЗХ-ны гишүүд 100 хувь саналаар дэмжив. ҮЗХ-ны гишүүдээс спикерт нэр дэвшигч З.Энхболдоос асуулт асууж, санал хэлэх хүн байсангүй. Дараа нь Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Түүнд ҮЗХ-ны цөөн хэдэн гишүүн санал хэлжээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт АН хоёр мандатаа алдсан. Тус аймгийн нам хоёр хуваагдсан. Иймд Хөвсгөлийн АН-ыг аврах тухай, олон тойрогт сонгууль будилсан тухай гишүүд ярьжээ. Мөн гишүүн С.Эрдэнэ Оюутолгойн гэрээг сайжруулж Монголын талын хувь хэмжээг 51-д хүргэх тухай хөндөж ирэх дөрвөн жилд энэ ажлыг хийх ёстойг шинэ Засгийн газрын тэргүүнд дэвшээд буй Н.Алтанхуягт сануулсан байна. Ингээд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ҮЗХ-ны гишүүд 100 хувь санал нэгдлээ. Ингэснээр Н.Алтанхуяг эвслийн Засгийн газрыг удирдах нь тодорхой болов.

ҮЗХ-оор хэлэлцсэн дпараагийн асуудал нь УИХ дахь намын бүлэгтээ эрх шилжүүлэх тухай байлаа. Ардчилсан нам Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа бусад нам, эвсэлтэй яриа хэлэлцээ хийх эрхийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн байна. Бүлгээс ажлын хэсэг байгуулж бусад нам, эвсэлтэй хэлэлцээ хийхээр болжээ. ҮЗХ-ны гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах санал тависан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хэлэлцээ хийхийг дэмжсэн байна. Мөн ИЗНН болон бие даагч гишүүдтэй хэлэлцээ хийж болно хэмээн үзжээ. Ямар боловч МАН-аас бусад улс төрийн хүчин, эвсэл, бие даагчтай яриа хэлэлцээнд орохыг  зөвшөөрчээ. Бүлгээс байгуулах ажлын хэсэг аль нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах тухай гэрээний төсөл бэлдэж ҮЗХ-нд танилцуулах байна.

 

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч  Н.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийг яамыг салгана, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах тухай танай намынхан ярьж байгаа. Тэгэхээр яамдын тоо хэд болох вэ?

-Ямар ч байсан УИХ-ыг эхлээд эмхэлж байгуулна. Дараагаар нь Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно. Тэр үед яамд ямар байх вэ гэдгийг ярина. Тэгээд дараа нь бүрэлдэхүүн буюу сайд нараа ярина. Монгол Улсын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна гэж тусгасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайд хоёр өөр төрлийн чиг үүрэг нийлчихсэн байгаа. Бид  Хууль зүйн яамыг хуулийн чиглэлд нь түлхүү анхаардаг байхаар тусад нь байгуулах бодлого барьж ажиллана. Монгол Улсын эдийн засаг өмнөхөөс том болсон. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх жишээтэй. Үүнээс болж ажил цалгарддаг зүйл байгаа. Үүнийг бас ярилцах шаардлага байгаа.

-Та Ерөнхий сайд болбол Засгийн газрын хамгийн эхний ажил юу байх бол?

-Бид гурван асуудлыг байнга ярьж байгаа. Хариуцлага шударга ёс тогтоох тухай. Ер нь манайд орхигдсон бараг мартагдчихсан зүйл бол хариуцлага. Бүгд үл бүтэх юм амладаг, гоё ярьдаг, сонгуулиа хүртэл хийж чадахгүй булхай луйвар хийдэг. Үүнд хариуцлага тооцдог, хариуцлагатай байдаг, шударга ёсыг тогтоодог энэ чиглэлд дорвитой алхам хийнэ.

 

Дугаар шилжих мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байлаа. Бүлгээс “Шударга ёс” эвсэлтэй дангаар хэлэлцээ хийх үү, эсвэл бие даагч болон ИЗНН-тай мөн давхар хэлэлцээ хийх үү гэдгээ шийдэх юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *