Малын өвчнөөс салгахгүй юм бол ХААИС төгссөн хотын даргын хэрэг байна уу?

10-р сарын 10, 2017 12:42 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 23
22290541_678450315681761_1320082116_n

М.ЗҮЙР, М.БААСАНДЭЛГЭР

 

МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧИН НИЙСЛЭЛД ЗУСААД НАМАРЖЛАА

Улаанбаатар хот маань малын гоц халдварт шүлхий өчнөөс салж чадалгүй хэдэн сарын нүүрийг үзэв. Шүлхий өвчин зусаад, намаржлаа. Хот тойроод ээлж дараалан гарч, иргэд ч байн байн хөл хорионд орсоор өнөөдрийг хүрэв.

Нийслэл 438.327 толгой малтай. Нийслэлийн мал Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV хороо, Сонгинохайрхан дүүргийн XXI, XXXII хороонд байх зөвшөөрөлтэй. Гэвч мал байлгахыг хориглосон Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороодод 602 өрхийн 16 704 мал байна. Зарим малыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэжээ. Нийслэлийн малын тоо толгой ийм.

Харин шүлхий өвчний хувьд Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд 2017 оны зургадугаар сарын сүүлчээр гарч, өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоож байв.

Долдугаар сарын сүүлчээр энэ өвчин улам  дэлгэрч, Сонгинохайрхан дүүргийн I хорооны долоон өрхийн 106 үхрийг хотоос гаргажээ.

Харин наймдугаар сарын сүүлчээр Хан-Уул дүүргийн X хороонд шүлхий өвчин гарч, тэндхийн ерөнхий боловсролын нэг сургууль, нэг цэцэрлэг, 865 өрхийн 1888 иргэнийг  сар шахам хөл хорионд оруулсан юм.

 

ШҮЛХИЙН ГОЛОМТОД БҮТЭН САР ХОРИГДСОН ИРГЭНИЙ ТЭМДЭГЛЭЛ

…2017 оны наймдугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг, Морингийн давааны орчимд малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас, хорио цээрийн дэглэм тогтоож хүн болон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан юм.

Өглөө ажилдаа яваад орой нь гэртээ харих гэсэн хүмүүс постны наана, Морингийн даваанд айлд очиж, ажил амжуулж яваад буцах гэсэн хүмүүс постны цаана гацаж орхив.

Хэл, мэдээ ч үгүй гэнэтхэн хөл хорио тогтоосон нь иргэдийг бухимдуулж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, онцгойгийнхонд “…Ядаж нэг хоногийн өмнө хэлж сануулахгүй яасан юм бэ. Нялх хүүхэд, өндөр настай хүмүүсээ хаяад одоо бид яах билээ” гэж маргалдаж, тэрүүхэн тэнд багахан хэмжээний үймээн самуун үүслээ.

Ингээд шүлхийн голомт гэж тогтоосон газарт байсан оюутан, сурагчид хичээлдээ,  олон хүн ажилдаа явж чадалгүй нэг сарын хугацааг өнгөрөөсөн юм.

Оршин суугчид аргагүйн эрхэнд шөнө дөлөөр гол даган машинтайгаа, зарим нь явган явж төв рүү орж байлаа. Хулгайгаар явж байгаа нь тэр. Хичээлдээ явах гэсэн хүүхдүүд, хойшлуулах боломжгүй ажилтай гэсэн хүмүүс хувцас хунараа чирэн хот руу оргож байв. Тухайн үед бороо их орж, гол үерлэсэн байсан ч хүмүүс яаж ийгээд хөл хорионоос гарах гэж зүтгэж байв.

Гурав дахь өдрөөс хорио цээрийн хамгаалалт чангарч голын эрэг, уулын бэлээр машин, мотоцикльтой цагдаа нар хүч нэмж, олуулаа болон эргүүлд гарлаа. Хөл хорио тогтоосон бүсээс гарах гэж оролдсон хүмүүсийг буцааж, дахин гарах гэж оролдсон хүмүүсийг 50-100 мянган төгрөгөөр торгож байв. Ингээд сүүлдээ гарах гэж зүтгэх хүн ч ховордож, тэнд 2000 орчим хүн бүтэн сар хаашаа ч гарахгүй амьдарсан юм.

Шүлхийн яг голомт Морингийн давааны сургуулийн наахна байдаг бөгөөд тэндхийн айлын үхрээс өвчин илэрсэн байгаа юм. Тэр нэг сарын хугацаанд 14 үхрийг устгалд оруулсан. Ер нь тэндхийн оршин суугчид голдуухан үхэртэй айлууд байдаг юм. Өвчин гарснаас хойш ариутгал хийх хүртэл үнээгээ ч саалгүй, хэд хоног бэлчээрт гаргаж байв.

Харин энэ хорио цээрийн үед хүнсний дэлгүүр, худаг хоёр нь хэвийн ажилласан даа. Гэхдээ дэлгүүрүүд бараагаа дор хаяж 200 төгрөгөөр нэмсэн. Архины үнэ бол тэнгэрт хадаад байлаа.

Хорионд орсон, хийх ажилгүй хүмүүс харин ч нэг задгай архидаж байв. Нэг шил “Монгол стандарт” гэдэг 750 граммын архи 6000 байсан бол сүүлдээ 10 гаруй мянга хүртлээ үнэ нь өссөн. Мөнгөгүй болсон хүмүүс иргэний үнэмлэх, утас, цахилгаан бараагаа барьцаалж, тэнд байх ганц нэг дэлгүүрт өр, зээл тавьж эхлэв. “Хаан банк”-ны явуулын АТМ ажиллаж байсан тулдаа хүмүүс мөнгө авч, хоол ундаа залгуулна.

Хорионы үед эзэнгүй айлуудад маш их хулгай орсон. Хорио цээрнээс болж, гэртээ очиж чадаагүй хүмүүсийн гэр шүү дээ. Сүүлд, эзэд нь ирээд хулгай орсныг мэдэж гомдол гаргах гэсэн ч тэдний гомдлыг хүлээж авах газар олдоогүй юм. Тэд хохироод л үлдсэн.

Бас Морингийн даваа руу хүн зөөж хоолоо залгуулдаг жолооч нар нэг сар сул зогсолт хийсэн гэж байгаа. Угаасаа Морингийн даваа руу чиглэлийн автобус явдагггүй юм. Оршин суугчид нь голдуу хувийн жижиг тэргээр зорчдог. Тиймээс “Морингийн даваа-Нисэх”  чиглэлийн маршрут тогтоож хувиараа  явдаг жолооч нар цөөнгүй байдаг юм.

Тэр нэг сарын хугацаанд Морингийн даваанд сургууль, цэцэрлэг огт ажилласангүй. Учир нь хорио цээрийн дэглэм тогтоогчид хүмүүсийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг байнга сануулж байсан юм.

Харин хотын төвөөс хүмүүс ирж, гэр бүлийнхэндээ постонд гарч буй албаныхнаар дамжуулан хоол хүнсийг ариутган нэвтрүүлж байлаа.

Энэ хорио цээрээс болж хүний амь ч эрсэдсэн. Морингийн давааны оршин суугч М нь хөл хорио тогтоосон болохоор 10 настай эрэгтэй хүүхдээ Долоон буудалд байдаг эмээ өвөөгийнд нь хүргэж өгчээ. Гэтэл эцэг эхээсээ хол байсан хүү нь тоглож яваад карьерын тогтоол усанд живж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан юм.

Үүнийг сонссон хүмүүс “…Гэртээ ээж аавтайгаа байсан бол юу гэж ийм зүйл болох вэ дээ. Хэдэн үхэр өвдлөө гээд хүмүүсийн ажил төрлийг алдуулж, бяцхан хүү нас барлаа” хэмээн  бухимдаж байв.

Иймэрхүү байдалтай хөл хорио 2017 оны есдүгээр сарын 27-нд цуцлагдсан юм. Ингэсэн ч өдгөө Морингийн даваа руу явж, ирж байгаа машинуудыг ариутгаж нэвтрүүлдэг нь хэвээр байгаа. Ер нь бол машин тэрэг бараг явахгүй. Хорио тавигдсаны дараа тэндээс олон хүн дүрвээд явчихсан юм. Учир нь тэнд амьдарна гэдэг гэртээ орж, гарахаас эхлээд ихээхэн хүндрэлтэй болсон байх. Морингийн даваандаа үлдсэн хүмүүс нь иймэрхүү байдалтай амьдарч байна.

ШҮЛХИЙГ АРИЛГАНА ГЭЖ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН УУ?

Улаанбаатар шүлхийнд нэрвэгдээд даруй таван сар болжээ. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүлхий өвчнийг дарж авах зардал болгож, нийт найман удаа захирамж гаргажээ. Эдгээр захирамжийн дагуу чамгүй их мөнгийг нийслэлийн төсвөөс гаргасан байгаа юм.

2017 оны тавдугаар сарын 17-нд гаргасан захирамжаараа гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бүх үхрийг хамруулахад 19 983 000 /арван есөн сая есөн зуун наян гурван мянга/ төгрөгийг,

2017 оны долдугаар сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хорио цээр тогтоох арга хэмжээнд 59 459 590 /тавин есөн сая дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун ерэн/ төгрөгийг,

2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн I, XXII хорооны нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хорио цээр тогтоох арга хэмжээнд 206 906 680 /хоёр зуун зургаан сая есөн зуун зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг

2017 оны есдүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хорио цээр тогтоох арга хэмжээнд 61 975 640 /жаран нэгэн сая есөн зуун далан таван мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах захи­рамжуудыг гаргасан байна.

Энэ бол Су.Батболд даргын гаргасан захирамжийн тал хувь нь юм. Ердөө дөрвөн захирамжаар л гэхэд нийтдээ 348 324 910 /гурван зуун дөчин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга есөн зуун арван/ төгрөгийг шүлхий өвчнийг устгах, урьдчилан сэргийлэх, хорио цээр тогтооход зарцуулсан байна. Ингэхээр найман захирамжаар гаргасан зардал нь тэрбум дөхнө гэсэн үг. Энэ талаар өөрөөс нь асуух хэрэгтэй юм билээ.

Үүнээс гадна Хотын дарга Су.Батболд дүүргийн дарга нартаа “…Хариуцлагатай ажилла” гэсэн үүрэг, чиглэлийг л байн байн өгдөг ажээ.

Ерөөс Су.Батболд даргын шүлхийтэй тэмцдэг ажил нь энэ гэвэл болно. Гэвч үр дүн нь тун тааруу, бараг л байхгүй гэсэн үг. Учир нь шүлхий нь нэмж хүрээгээ тэлж гарсаар байгаа юм. Энд тэнд хөл хорио тогтоосоор, татвар төлөгчдийн мөнгө урссаар байна.

ХОТЫН ДАРГА ХААИС ТӨГССӨН. ГЭВЧ…

Дээрх мэдээллүүдийн талаар Хотын дарга Су.Батболдоос тайлбар авах гэсэн боловч туслах нь “…Уулзалтын цаг байхгүй” гэлээ.  Гар утсаа ч авсангүй. Харин НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа оронд нь хариу өгч байна. Тэрээр “…Шүлхий гарсан газруудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, дахин гаргахгүйн төлөө ажиллаж байгаа. ХХАХҮЯ-наас ОХУ-д үйлдвэрлэсэн маш сайн чанарын вакцин өгч байгаа. Энэ вакцинаар Улаанбаатар хотын бүх малыг вакцинжуулна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан “Улаанбаатар хотоос мал бүхий иргэдийг гаргая” гэсэн ажил ч хийгдэж байна. Улаанбаатар хотод заагдсан бүсэд л малтай иргэд байна. Цаашдаа нийслэлд өвс худалдаалахгүй байх тал дээр арга хэмжээ авсан. Дамжин өнгөрүүлэхээр өвс тээвэрлэж яваа машиныг хотод зогсоохгүйгээр ариутгаад баруун болон зүүн аймаг руу явуулахаар төлөвлөсөн. Иргэд ч мал маллая гэвэл тогтсон бүсэд байж, малаа вакцинд хамруулах хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Үнэнийг хэлэхэд Хотын даргатай уулзсан бол асуух хэдэн зүйл байлаа. Учир нь Хотын дарга Су.Батболдын үед нийслэл малын шүлхийнд нэрвэгдэнэ гэдэг ёстой байж боломгүй асуудал юм.

Су.Батболд дарга бол ХААИС-ийг инженер багш мэргэжлээр төгссөн хүн. 2000 онд Техникийн ухааны магистр цолыг ч төрөлх сургуульдаа хамгаалсан байгаа юм.

Тэрээр 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст eрөнхий инженер, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн салбарын  туршлагатай боловсон хүчин. Улс төрд орсноосоо хойш ч 2014-2015 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Бас Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн гэсэн сонгуульт ажилтай гэж байгаа.

Ийм даргатай байна гэдэг “ноён шүлхий”-нд бол Улаанбаатарт удах ямар ч боломж байхгүй баймаар. Яагаад гэвэл Су.Батболд дарга “…Шүлхий бол олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг. Маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Шүлхийн вирүс хүнд ч халдварладаг” гэдгийг маш сайн мэддэг хүн. Гэвч Улаанбаатар хот маань шүлхий өвчинд дарлуулж, Хотын дарга мөнгө гаргаж, дүүргийн дарга нарт үүрэг өгөх төдийхнээр шүлхийтэй тэмцэж байгааг хараад гайхал төрөөд байгаа юм. Тэгээд шүлхийг дарчихсан бол бас яахав. Тэгсэнгүй. Хаа байсан зун гарсан шүлхий тэрбум шахам төгрөг залгичихаад дарагдалгүй, өвөлжиж ч магадгүй байна. Ингэхээр малын өвчин дарж чаддаггүй ХААИС төгссөн даргаар яах юм бэ гэмээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *