Малчдын залгамж халааг бэлтгэх үндэсний бодлого хэрэгтэй гэв

5-р сарын 10, 2018 9:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 49
5-10-5

С.УЯНГА

Малчид охидынхоо мэдлэг, боловсролд анхаарч их, дээд сургуульд сургадаг бол хөвгүүд мал дээр гардгийн уршгаар малчдын залгамж халаа алдагдаж, хөдөөд ажиллах хүч тасарч байгааг мал аж ахуйн салбарын эрдэмтэд хөндлөө.  Өөрөөр хэлбэл, малчдын залуу халааг оновчтой шийдэж чадах эсэхээс XXI зуунд монгол малчин, мал орших уу, эс орших уу гэдэг асуудал хурцаар тавигдаж, сэтгэл түгшээж байгааг судалгаа, мэдээлэл, баримт нотолгоотойгоор хэлэлцүүллээ. ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судал­гааны төв, Мал аж ахуй, биотехнологийн сур­гуулиас ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн шинж­лэх ухааны акаде­митай хамтран зохион байгуул­сан “Малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” эрдэм шинжи­лгээний ху­ралд оролцогчид төрийн бодлого, шийдэлд нэмэр­лэх санал зөвлөмж боловс­руулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга “Манай сургууль судалгааны их сургууль болох зорилт тавьсан. Мал аж ахуйн салбарт мэр­гэжлийн болов­сон хүчин бэлтгэхэд үр дүнтэй төсөл хэрэгжүүлж байна. Мал аж ахуйн салбар, малчидтай холбоотой зөвлөмжийг хэ­рэг­­жүүлэхэд ХААИС эр­дэм шинжилгээний бай­гуул­лагын хувьд хариуц­лагатай оролцоно” гэдгийг хэллээ.

ТӨРИЙН БОДЛОГО МАЛ РУУ ЧИГЛЭСНЭЭС МАЛЧДАД АНХААРАЛ БАГА ХАНДУУЛСАН

Хуралд оролцогчид мал, малчинтай холбоотой олон талын асуудал хөндөөд орхих биш гарц шийдэл хайснаараа онцлог байв. Хөдөө аж ахуйн салбарт 340 мянган хүн ажиллаж байгаагийн 90 хувийг малчид бүрдүүлж байгаагаас үзэхэд мал аж ахуйн салбар, хөдөө орон нутгийн хүн амыг ажлын байраар хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. 1990 онд хүн амын 45.4 хувь нь хөдөөд амьдарч байсан бол 2016 онд 31.7 хувь болж буурсан. Ингэж хэт их хот руу тэмүүлснээр ажилгүйдлийг нэмэгдүүлж, малын тоо өссөн ч малчдын амьдрал сайжрахгүй байгаа зэргээс малчдын залгамж халаа алдагдах хандлагатай байгаа аж. Энэ чиглэлээр гол илтгэлийг ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг хөгжлийн судалгааны төвийн захирал, академич А.Бакей хэлэлцүүлэв. Тэрээр илтгэлдээ “Төрийн бодлого гол төлөв мал, малын үүлдвэр угсаа, эрүүл мэнд, бэлчээр, тэжээл гэх мэт материаллаг хүчин зүйлд чиглэж ирсэн боловч салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч буюу малчдад анхаарал бага хандуулсан.  Манай орны мал аж ахуйн хүчний нөөцийн үндсэн эх үүсвэр бол малчин өрх. Өнгөрсөн оны байдлаар 303.6 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд байнгын ажиллах хүчний хэлбэрээр ажиллаж ирсэн бол сүүлийн 30-аад жилд малчдын тоо болон насны бүтцэд нэлээдгүй өөрчлөлт орсон. 15-24 насны малчдын 11 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. 1990 онд нийт малчны 55.7 хувь 15-34 насны залуучууд байсан бол өнгөрсөн  оны байдлаар 15-34 насны залуус 34.5 хувь болж буурчээ. Мал аж ахуйн энэ хандлага хэвээр үргэлжилбэл 10-15 жилийн дараа одоогийн дунд насны малчид ахмад настны эгнээнд шилжиж, харин тэднийг залгамжлах залуучуудын тоо цөөрөх төлөвтэй. Энэ нь малчдын хүүхэд зургаан наснаас сургуульд орох болсон, малчид эмэгтэй хүүхдэдээ илүү боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, хөдөөд ажиллаж амьдрах орчин нөхцөл болон боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний  хүртээмж, чанар тааруу. Төвлөрсөн хот суурин газар болон зах зээлд ойртох гэсэн малчдын хүсэл сонирхол, мал аж ахуй эрхэлж олсон орлого амьжиргаанд нь хүрэлцдэггүй. Байгаль цаг уурын хүндрэл, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй” гэдгийг онцоллоо.

ТУРШЛАГАТАЙ МАЛЧДЫН АРГА УХААНЫГ СУРГАЛТТАЙ ХОСЛУУЛЪЯ

Харин доктор, профессор Г.Самбуу “Мал аж ахуйн уламжлалт арга ухаан, сорилт хандлага” илтгэлдээ малчдын арга ухаан цаг хугацааны хөгжил, төрийн бодлого, мал сүрэг өмчийн ямар хэлбэрт байснаар нь сүүлийн 100 жилд ямар болсныг гурван жишээгээр тайлбарлав. Тэрээр “Ардын хувьсгал ялсан он жилүүдэд мал мах, сүү, тос, ноос, арьс, ширийг албан журмаар авч байсан. Дараагийн 1960-1990 он хүртэл малчдад хамтын хөдөлмөрийн давуу талыг ойлгуулж, ашиг шимээр ялгаатай олон үүлдэр омог бий болж, зохиомол хээлтүүлэг зэрэг хийгдэж ирсэн нь хөгжил дэвшлийн үе байсан. Харин 1990-2018 он малыг малчдад хувьчилснаар хувийн аж ахуй хөгжиж малын тоо гурав дахин өсч 60 сая малтай болж зах зээлийн харилцаанд бүрэн шилжлээ. Мал аж ахуйн уламжлалт арга ухаан бидний өвөг дээдсээс үр хүүхэд, залуу малчдад үе уламжлагдан өвлөгдөхийн зэрэгцээ улам сайжран баяжиж хөгжихийн дээр зарим талаараа нийгмийн хөгжлөөр уламжлал алдагдаж байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр бас нэгэн чухал асуудлыг хөндсөн нь мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал үүсэл, эрүүл, эрсдэлгүй байдлыг тодорхойлох хүчин зүйл бол малыг нэг бүрчлэн хувийн дугаартай болгох хэрэгтэй.  Малчин мал, бэлчээр, нутгийг нэгдсэн бүртгэлд хамруулах шаардлагатай гэлээ.

Малчдын залгамж халаа бэлтгэх сургалтын хэрэгцээ, чиглэлийн талаар  доктор Д.Гүрбазар “Туршлагатай ахмад малчид арав гаруйхан хувийг эзэлж байна. Тэдний арга ажиллагааг залуу үеийнхэнд системтэй өвлүүлж чадаагүйгээс залуу малчдад туршлага дутаж байна. Иймд мал малчдын талаар төр бодлогын түвшинд анхаарч хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, мэдлэг, ур чадварт үндэслэсэн үнэлэмжийг бий болгох хэрэгтэй. Сайн туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэх, сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлох эрэлт хэрэгцээтэй” байна гэдгийг тэмдэглэлээ. Ийнхүү “Малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид УИХ, Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн төр, захиргаа, эрдэм шинжилгээний байгууллагуудад хандаж, мөн Малчдын улсын зөвлөгөөнд саналаа дайсан юм. Тухайлбал, УИХ, Засгийн газарт “Малчдын залгамж халааг бэлтгэх чиглэлээр үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх, Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэг­дүүлж, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, малчдын амьжиргааг дээш­лүүлэх асуудлыг цогцоор шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх” зөвлөмж хүргүүлэх бол салбарын яаманд Бэл­чээр ашиглалтын төл­бөр тогтоох, эрсдэлээс хамгаалах сан бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэр­лэлд шинж­лэх ухаан тех­нологийн ололт нэвт­рүүлэх саналыг бо­ловс­руулжээ. Харин “Улсын аварга малчин шалгаруулах журам”-ыг боловсронгуй болгож, малыг чанарын үзүүлэлт, малчдыг сургалтын хөтөл­бөрт хамрагдсан байх үзүүлэлтийг журамд оруулахыг орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *