Малчдаас бус төрөөс аврал эрж буй бэлчээр нутаг

11-р сарын 8, 2012 10:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 445

Х.ХУЛАН

 

Бэлчээр. Энэ бол баялаг. Газар доорхи эрдэнэсээс ч илүү, бидний амьдралд ус, агаар шиг хэрэгтэй тийм л  баялаг. Ач холбогдол нь зөвхөн хоол хүнсээр хязгаарлагдахгүй. Нүүдэлчин монголчуудын “нүүр царай” болсон соёл, уламжлал, экологийн тэнцвэрт байдал, эдийн засгийн ач холбогдлыг  тооцож гаргасан бодитой тоо байхгүй ч  бэлчээр нутгийн ач тусыг үнэлж баршгүй гэдгийг бид мэддэг.

Гэсэн ч мал хувьчлаг­даж, нээлттэй зах зээлд шилжсэн XX зууны эцэс vеийг цөөвтөр малаар хэрэгцээгээ хангаад байх бололцоотой байсан хэдэн мянган жилийн түүхтэй харьцуулшгүй өөр байв. Хөгжлийн шинэ түвшинд асар ихээр өссөн хэрэг­цээгээ хангахын тулд малынхаа тоог өсгөх гэсэн хувийн сонирхол, бэлчээрийн төлөөх өрсөл­дөөн малчдыг бэлчээрээ сэлгэн зохистой ашиглаж ирсэн уламжлалт зан заншлыг уландаа гишгэх хэмжээнд хүргээд байна.

1990 оноос хойш малчин өрхийн тоо 90 мянгаас 180 мянга болж нэмэгдсэн нь өвөлжөө, хаваржааны тоог огцом өсгөж, улирлын бэлчээр сэлгэх, ган, зудын үед ашиглах нөөц бэлчээрийн боломжийг үгүй хийсэн юм. Эдний олонхи нь шижилтийн эхэн үеийн ажилгүйдлийн улмаас амьжиргаа хайж мал дээр гарсан шинэ малчид. Тэд уламжлалт зан заншлын мэдлэг тааруухан хүмүүс юм.

Харин сүүлийн жилүү­дэд  хотжилт, хөдөөгийн дэд бүтцийн хөгжил харьцангуй жигд тархаж байсан малын байршилд өөрчлөлт оруулж, бэлчээрийн талхлагдал хүрээгээ тэлэхэд хүргэж байна. Бэлчээрээ хамгаа­лах зорилгоор ухамс­раараа нүүдэг малчид ховордож, зөвхөн ус­гүйгээс, бэлчээргүйгээс, хүйтнээс, ялаа шумуулаас гэх мэт байгалийн аргагүй нөхцлөөс болж холын нүүдэл хийж байгаа багахан газар л энд, тэнд алаг цоог үлдэж хоцроод байна. Vvнд улирлын бэлчээрийн ялгааг зааглаж чадахуйц газарзүйн эрс ялгаа бүхий тогтоцтой Увсын өндөр уулс ба Их нуурын хотгорын хоорондхи урт нүүдлийг дурдаж болно. Өдрийн од шиг цөөрч байгаа ийм газарт л бэлчээр харьцангуй хадгалагдаж үлдэх найдлага байгааг мэргэжилтнүүд өгүүлдэг.

Монгол Улс бэлчээрээ аварч үлдэх “төлөвлөгөө” боловсруулсаар арав илүү жил болж байна. Бэл­чээрийн тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-аас буцаасан. Сайжруулах шаард­лагатай гэж үзсэн учраас тэр. Гол санаа нь малчдад газрыг тодорхой хугацаагаар эзэм­шүүлэх, оронд нь тэд­нээс тодорхой хэмжээний төлбөр авдаг болохоор хуулийн төсөлд тусгасан. Бэлчээрийг үнэгүй ашиг­лаад сурчихсан малчид үүнд таатай хандахгүй байгаа, бас газрыг нь хашаалчихвал нүүдэлчин амьдрал нэг мөсөн төгсгөл болох эрсдэл байгаа учраас энэ хууль төсөл хэвээрээ олон оныг үдэж байна. Нүүхгүйгээр, нутаг сэлгэхгүйгээр бэлчээрийг авч үлдэх боломжгүй. 

Хамгийн чухал нь сүр­гийн зөв бүтэц. Сахарын цөлийг бий болгосон ямаа гэдэг амьтан Монголд  бараг 50 саяд хүрээд буй малын тоо толгойн тал хувийг эзэлж байна. Хонь 3000 хазаж байхад ямаа 11 мянган удаа хаздаг гэдгийг монголд хийсэн нэгэн судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн ямаа хээрийн ургамлыг сүйтгэхдээ дэндүү хорон. Үндэс нь богинохон учраас тэр чигээр нь зулгааж, туурайгаараа сүйдэлж орхидог. Тэгэхээр хээрийн бүсэд ямаа “нөмөрсөн” арьснаасаа хамаагүй их алдагдлыг авчирдаг байна. Говьд бол өөр л дөө. Ургамлыг нь хувхай болтол идсэн ч ихэнхдээ эргэж ургах чадвар говийн ургамалд бий учраас зөвхөн энд л ямааг арай ахиу тоотой байхыг зөв­шөөрөх боломжтой юм билээ.

Ший­дэх гээд чадахгүй байгаа нэг асуудал нь засаг захиргааны нэгж. Ардын хувьсгалаас өмнөх үед Монгол орон үндсэндээ тавхан аймагтай байсан гэдэг. Хангайн бүсээс урагшаа говь хүртэл нутгийг зөвхөн нэг аймгийн иргэд эзэмшдэг байсан учир бэлчээр сэлгэх боломж хангалттай байж. Харин аймгийн тоо 4 дахин буюу 21 болж өссөний дараа Дундговьд л гэхэд бэлчээр нутаг гэх юм үлдэхээргүй болоод байна.

Тавхан аймагт хуваах нь ч хаашаа юм. Гэхдээ л үүнийг монголын төр засаг үүнийг ойлгосон учраас засаг захиргааны шинэ хуваарь гаргаж, 2008 онд Үндэсний хөгжлийн цогц  бодлогыг батлах үеэр хэлэлцээд шийдчихсэн. Гэсэн ч ажил хэрэг болсон нь алга. Хэдийгээр  хэдэн мянган жилийн турш бэл­чээрийн зохи­цуулалтыг малчдын зан заншлын харилцаагаар хийж  ирсэн ч цаг хугацаа болон өнөөгийн нөхцөл байдал Монголын төрөөс  орол­цоо, оновчтой бодлого, түүний хэрэгжилтийг шаардаж, шамдуулсаар  байна.

Нийт: 3 Сэтгэгдэл

Charl
2016 оны 12-р сарын 1

Heck yeah bay-ebe keep them coming!

Lexus
2016 оны 12-р сарын 3

This is a neat suymram. Thanks for sharing! http://hxxoqdokqo.com [url=http://yycpjuh.com]yycpjuh[/url] [link=http://nzvtwylx.com]nzvtwylx[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *