Макото Яно: Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн эрин эхэлж байна

8-р сарын 31, 2015 9:51 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 187
zm

Г.ГАНЧИМЭГ

Монголбанкнаас эдийн засаг болон эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, лекц уншуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Өнгөрсөн баасан гаригт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота  болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нарЗах зээлийн чанар болон эдийн засгийн хөгжлийн харилцан хамааралсэдвээр лекц уншсан юм. Энэ үеэр профессор Макото Янотой ярилцлаа.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай гэдгийг та анзаарсан байх?

Аль нэг салбараас хэт хамааралтай эдийн засагтай байна гэдэг мэдээж эрсдэлтэй. Мон­гол өргөн уудам газар нутагтай, малын тоо толгой өндөртэй улсын хувьд мал аж ахуй тэр дундаа фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь оновчтой гарц болов уу гэж харж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр­лэлийг өндөр төвшинд хүргэж чадвал эдийн засагт эерэг үр дүнг авчрах нь гарцаагүй юм. Энэ салбарыг Шинэ Зелланд нэлээн сайн хөгжүүлж, дэлхийд үүгээрээ алдаршсан. Монголд ч ийм боломж бий. Танай улс энэ сал­ба­­раа хөгжүүлэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргавал ихээхэн өгөөжтэй байх болов уу. Мөн Монголын байгаль унаган төрхөөрөө байгаа нь том боломж. Өнөөгийн амьдралыг машин техникгүйгээр төсөөлөхөд бэрх ч цаашид байгалиа хамгаалан, унаган байдлаар нь авч үлдэх л их чухал. Үүндээ түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж болно. Ингэж чадвал Монгол орныг зорих жуулчдын тоо нэ­мэгдэн, гадаадын иргэд амралтаараа зорин очдог газруудын нэг болох боломжтой.

Эдийн засгийн өсөлт, хотжилт, хөгжлөө дагаад байгаль тодорхой хэмжээгээр хөндөгдөж байна. Гэтэл байгаль өөрөө капитал болчихоод байна?  

Монгол өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай орон. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж их бий. Мөн экспортын үйлдвэрлэлээ хөгжүүлэх түүний дотор дотоодын үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх нь хөгжлийн бас нэг тулгуур байх болов уу. Гэхдээ гол анхаарах зүйл бол байгаль орчныг хамгаалах асуудал, аливаа үйлдвэрлэл байгаль орчинд тодорхой хор хохирол учруулж байдаг. Иймээс байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйтэй юм. XX зуун бол бүхэлдээ хүн төрөлхтөн байгальдаа зэрлэгээр хайр гамгүй халдсан он жилүүд байлаа. Хөгжлийн явцад бидний сүндэрлүүлэн босгосон бүтээн байгуулалтууд байгаль, эх дэлхийд маань ихээхэн халгаатай байсан, байсаар ч байгааг бид мэдэж байгаа. Харин XXI зуун бол байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрин үе эхэлж байгаа юм.

Тэгвэл XXI зуунд үйлдвэрлэлийн тэргүүлэгч салбар нь юу байх бол. Монгол Улсын хувьд хаана эрэмбэлэгдэж байгаа бол?  

-Машин, электрон бараа бүтээгдэхүүн эн тэргүүнд байх болов уу. Танай орны хувьд өргөн уудам говийн бүс нутагтай учраас нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх таатай нөхцөлтэй шүү дээ. Энэ салбарт хамтран ажиллах боломж их бий. Мөн дээр дурдсанчлан мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж чадвал Япон улсын хувьд ч нэг импортлогч болох нь дамжиггүй. Японы иргэд байгалийн гаралтай бүтээгдэхүүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хүнсний аюулгүй байдал ихээхэн сэтгэл зовоодог. Тиймээс ч бид БНХАУ-аас импортлож буй хүнсний бүтээгдэхүүнд нэлээд сэтгэл зовнидог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Donyell
2016 оны 12-р сарын 1

Big help, big help. And sutalrepive news of course.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *