МАХН-ын XX бага чуулган хуралдав

5-р сарын 28, 2018 8:58 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 47
5-27-2

Б.ТӨГС

МАХН-ын даргын шийдвэрээр Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн намын ээлжит бус их чуулганыг долдугаар 7-нд хуралдуулахаар болсон.  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр Монгол Улсын Дээд  Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын ХХ бага чуулганыг өчигдөр хуралдлаа. Бага чуулганаар ээлжит бус Их чуулганы тов, бэлтгэл ажил болон төлөөлөгчдийн тоо, зохион байгуулах үндэсний хороо, МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг батлахаар хуралдсан юм. XX бага чуулганыг нээж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр үг хэлсэн бөгөөд тэрээр яагаад ийм шийдвэр гаргах болсноо гишүүдэд тайлбарлав.

Тэрээр “МАХН 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд Гүйцэтгэх товчооны хурлаа хийж арванхоёрдугаар сарын 8-нд болсон Бага чуулганыг зарласан. Улмаар Бага чуулганаараа энэ оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдсан ээлжит II их чуулганыг зарлаж хуралдуулсан билээ. Тус хурлыг бусад намууд дэмжин оролцож, бид Шинэ Үндсэн хуулийн төслөө ард иргэддээ танилцуулах зэрэг бодлогын томоохон шийдвэрүүд гаргасан юм. Энэ бүхнийг яагаад дэлгэрэнгүй ярьж байна вэ гэхээр ээлжит чуулганы талаар намын дүрэмд “Эхлээд Бага чуулганыг Гүйцэтгэх товчоогоор зарлах ёстой. Тэгээд Бага чуулганаас их чуулганыг зарлах ёстой” гэж бичсэн байгаа. Бид яг энэ дүрэм, Улс төрийн намын тухай хуулийн дагуу ажилласан. Харамсалтай нь Дээд шүүх МАХН-ыг зориудаар хавчих гадуурхах бодлого явуулсан хэвээр бөгөөд хууль бус шийдвэрийг гаргалаа гэж бид үзэж байна. Хууль шүүхийн байгууллага бидэнд онцгой хатуу хандаж байгааг өөрийн амьдралд ч намынхаа хувьд ч үзлээ.

Дээд шүүхээс намын Их чуулган болсон эсэх талаар маргаан гарсан учраас дүрмийн шинэчлэлийг баталгаажуулахаас татгалзсан тогтоол гаргасан.  Монгол Улсын Дээд шүүх бол МАХН-ын хуралдсан эсэхийг тогтоодог байгууллага биш. Энэ бол шүүн таслах ажиллагаа биш бүртгэлжүүлэх ажиллагаа шүү дээ. Гэтэл хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж шийдвэр гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэртэй маргалдах нь бидний зорилго биш. Цаг алдахын оронд байгаа боломжоо ашиглая гэж шийдсэн. Манай намын дүрэмд энэ нөхцөл байдлаас гарах гарц байгаа. Тэр бол намын дарга Ээлжит бус Их чуулган, Бага чуулганыг хуралдуулж болно. Бага чуулганаас ээлжит бус их чуулганыг зарлах  гарц байдаг. МАХН-ын даргаар ажиллаж ирсэн хүний хувьд намын дүрэмд байгаа энэ зохицуулалтын дагуу Дээд шүүхийн  2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр, мөн тавдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг харгалзан үзээд намын ээлжит бус их чуулганыг зарлах шийдвэр гаргаснаа албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж намын нийт гишүүд дэмжигчиддээ болон Монголын ард түмэн, ялангуяа хууль шүүх, Дээд шүүхийн гишүүдэд хандан мэдэгдсэн. Ээлжит бус их чуулганыг 39 хоногийн өмнө зарласан байх ёстой. Тиймээс долдугаар сарын 7-ны өдөр товыг зарласан байгаа. Их чуулганы бэлтгэл ажлыг намын дүрмийн дагуу Бага чуулганаараа хэлэлцэх ёстой. Энэ дагуу намын Бага чуулганы XX дугаар хуралдааныг ийнхүү хуралдуулж байна” гэлээ.

МАХН-ын XX бага чуулганаас гарсан шийдвэрүүдийг маргаашийн дугаарт үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *