МАХН орон нутагт ажлаа идэвхжүүлнэ

10-р сарын 1, 2015 9:54 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 82
10-1-2

М.ЦЭЦЭГ

Төрийн ордны Б танхимд өчигдөр хот, хөдөөгийн олон төлөөлөгч цугласан байв. Тэд МАХН-ын гишүүд бөгөөд тухайн орон нутгийнхаа ИТХ-д төлөөлөгчөөр ажилладаг юм. 2016 оны шат, шатны сонгууль дөхсөн энэ үед нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид намын удирдлагуудтайгаа уулзаж, нийгэм, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар  харилцан мэдээлэл солилцлоо. Мөн МАХН 2012 оноос хойш Засгийн газарт хамтран ажиллаж байгаагийн хувьд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, яамдын ажлын биелэлтийн талаар албаны хүмүүсээс мэдээлэл авлаа.

Зөвлөгөөнд МАХН-ын нарийн бичгийн дарга нар илтгэл тавьж, намаас хэрэгжүүлж буй болон ирэх сонгуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрүүдийнхээ гол агуулгыг орон нутгийн гишүүдэд мэдээлэв. Төрийн ордонд болсон “Орон нутагт МАХН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн”-д МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, мөн дэд сайд Б.Тулга, намын нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Дугаржав, З.Батбаяр нар оролцлоо.

Илтгэл тавьсан хүмүүсээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд төрийн албанд 10 хувийн цомхотгол хийх чиглэл барьж байгааг хэлэв. Мөн төсөв алдагдалтай, ирэх жилийн төсөв ч хүндрэлтэй байгааг хэллээ. Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Монголд 6600 гаруй хүн ял эдэлж байна. Засгийн газар 1500 хүний шоронг 40 тэрбумаар барьж байгаа ч дуусаагүй. Энэ нь 40 сургууль барих хэмжээний мөнгө. Гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэхэд төр мөнгө зарахгүй, шорон барихад мөнгө төсөвлөж буйг шүүмжиллээ. Ерөнхийлөгч хориг тавьснаар өршөөгдсөн хүмүүс гарч чадахгүй хориход байгаа нь хууль зөрчсөн хэрэг. Хориг тавихдаа авлига, албан тушаалын хэрэг гэж тодотгосон. Энэ ангилалд багтаж буй 40 гаруй хүн байдаг. Дарга нараас МАН-ын тодотголтой 20 гаруй хүн бий, харин МАХН-аас нэг ч гэмт хэрэгтэн байхгүй гэдгийг онцоллоо. Энэ хууль мухардалд орсон тул улстөрийн намууд ойлголцож, дугуй ширээний ард суух хэрэгтэйг Ц.Оюунбаатар хэллээ.

МАХН өнгөрсөн сонгуулиар байгалийн баялгийг ард түмний мэдэлд өгөхийн төлөө ажиллахаа амалж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Улс төр цэвэр бол байгалийн баялаг ард түмнийх болдог гэсэн санааг намын нарийн бичгийн дарга Г.Дугаржав илтгэлдээ дурдав. Гэвч Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулах үед МАНАН-гийн Засгийн газар бүрддэгийг анхааралтай ажиглах хэрэгтэйг санууллаа. Сайд З.Баянсэлэнгийн тухайд намынхаа төлөөлөгчдөд даалгавар өгөх төдийгүй тэднээс даалгавар авч ажиллах болно гэсэн юм.

Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид ээлжит сонгууль дөхсөн энэ үед орон нутагт ажлаа идэвхжүүлнэ гэдгээ хэлцгээж байв. Удирдлагууд нь Засгийн эрхийг барилцаж байгаагийн хувьд ямар бодлого дээр түлхүү анхаарч, Тавантолгой, Оюутолгойн талаар баримталж буй байр сууриа тодотгож ажиллана гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *