МАХН нөхөн сонгуульд оролцох батламжаа гардлаа

8-р сарын 10, 2018 12:43 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Сонгууль , Улс төр Уншсан: 22
a2

С.САРУУЛ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ бүрдүүлж өгсөн намууд өнөөдөр /2018.08.10/ батламжаа гардлаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос баримт бичгээ ирүүлсэн дарааллаар буюу хамгийн эхэнд МАХН-д нөхөн сонгуульд оролцох батламжийг нь гардуулсан юм.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, гүйцэтгэх товчооны гишүүн О.Буяннэмэх, Ч.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нар батламжийг гардаж авсан юм.

Энэ үеэр МАХН-ын ЕНБД Б.Тулга “МАХН хуульд заасан үндэслэл буюу  нам болон Улс төрийн намуудын тухай хууль дүрэмд нийцүүлэн материалаа бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Энэ дагуу өнөөдөр албан ёсоор УИХ-ын сонгуулийн 42-дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардлаа. Энэ удаагийн сонгууль бол төр, парламентад дутагдаад байгаа хариуцлагын тогтолцоог бий болгоход чухал үүрэгтэй. МАНАН-гийн засаглалыг үгүй хийж төрд дутагдаж буй хариуцлагын тогтолцоог бий болгоход МАХН чухал үүрэгтэйгээр  оролцоно” гэлээ.

Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа “Манай нам 2011 онд байгуулагдсан. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг цөөхөн намын нэг. Гэвч улс төрийн шалтгаанаар 2016 онд УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй. Хууль дүрэм журмаараа явах юм бол болдог юм байна гэдгийг харуулаад УИХ-ын нөхөн сонгуульд оролцох батламжлаа гардлаа. Монголын хувь заяа Монголын ард түмэн, Хэнтий аймгийнхны гарт байна.

Нөхөн сонгуулийг гацаах гэсэн оролдлого Үндсэн хуулийн цэц дээр очсон нь улс төрийн шинжтэй алхам гэж үзэж байна. Хууль журмынхаа дагуу явбал сонгууль болдгоороо болно байх. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах ёстой. Монголчууд, Хэнтийчүүд шинэ зүйлийг хүсч байна. Би нэр дэвшигчээ хуулийн хугацаанд нь зарлана” гэлээ.

СЕХ-ноос  “Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул  бүртгэхээс татгалзсан байна.

Нөхөн сонгуульд оролцох батламжаа гардсан намууд:

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *