Махатма Ганди ба өөрийгөө ялах ухаан

10-р сарын 3, 2018 8:43 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 30
10-3-1

Н.ЭНХБАЯР

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч

  1. “Эхлээд өөрийгөө өөрчил. Тэгвэл ертөнц өөрчлөгдөхийг үзнэ. Аливаа хүний агуу нь дэлхийг өөрчилснөөр биш өөрийгөө өөрчилснөөр хэмжигдэнэ.”

Тайлбар: Махатма Ганди амьдралаараа энэ мэргэн үгийн үнэнийг баталсан. Эхлээд тэр өөрөө ямар хүүхэд байлаа. Юм ярьж чаддаггүй, аймхай хулчгар, амархан уруу татагддаг нэгэн байсан. Тэгээд өөрийгөө өөрчилж чадсанаар хэн болов. Махатма буюу “Агуу сэтгэлт” Ганди, Энэтхэгийг Английн колоничлолоос чөлөөлөх тэмцлийн удирдагчдын нэг болсон. Энэ тэмцлийг амжилтад хүргэхэд хамгийн идэвхитэй оролц­сон, хамгийн их гавьяа байгуулсан хүн болсон.

Энэтхэгийн эцэг болсон. Их хүчний эсрэг хүч үл хэрэглэх аргаар тэмцсэн. Биеийн хүч, зэвсгийн хүчний эсрэг ухааны хүч, сэтгэлийн тэнхээний хүчийг хэрэглэсэн. Түүний хамгийн хүчтэй зэвсэг нь

I. дайснаа уучлах,

II. бусдын хийсэн алдааг засч, засуулахын тулд өөрийгөө шийтгэж өлсгөлөн зарлах зэрэг байсан.

Өөрийгөө өөрчилж чадсан: үгээрээ зоригжуулж, үйлээрээ үлгэрлэсэн. Үг, үйл хоёр нь хоорондоо ямар ч ан цавгүй нэгдэн нийлдэг байсан цөөн хүний нэг. Тийм учир энэтхэгчүүд түүнийг хошууран дагасан. Өөрийгөө өөрчилж чадсан эсэхийг хүний үг ба үйл хоёр яв цав нийлдэг болсон эсэхээр дүгнэх хэрэгтэй. Үг нь хичнээн гоё ч үйл нь бохир байвал тэр хүн өөртөө ялагдсан хүн, юу ч өөрчилж чадахгүй хүн мөн. Үг нь энгийн ч үйлээрээ баталж байгаа хүн бол өөрийгөө ялсан хүн, юу ч өөрчилж чадах хүн мөн.

  1. Өршөөж сур, үзэн ядах сэтгэлээ хөөж явуул.”

Тайлбар: Өөрийгөө өөрчилсөн хүн, ертөнцийг өөрчлөх гэж байгаа хүн хувь заяагаа, үг, үйлээ гартаа оруулдаг, хяналтадаа байлгадаг. Сэтгэлийн хөдлөлөө хянадаг болно гэсэн үг. Сэтгэлээ удирддаг болно. Ингэж чадсан хүн бас бусдыг уучилж чадна. Өширхүү хүн сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөж, өөрийгөө ч өөрчлөхгүй, ертөнцийг ч өөрчлөхгүй. Өширхөлийн галд сэтгэлээ, хожим нь биеэ шатаасан хүн бол Жамуха. Өөрөө өширхөхөөсөө салж чадахгүйгээ, өширхөх сэтгэлээ хянаж номхотгож чадахгүйгээ, бусдын сэтгэлийг хураах биш харин эцэст нь зарц нартаа баригдаад хүргэгдэж ирснийгээ ухаарсан учир тэрээр Чингис хаанаас амиа егүүтгүүлэхээр өөрөө гуйдаг.

Махатма Ганди: Бурхан “үйлийн үр” гэсэн хууль тогтоочихсон. Тийм учир бурхан өөрөө юм бүхэнд оролцох шаардлагагүй. Үйлийн үр байгаа учир өширхөх хэрэггүй. Муу үйл хэрэг хэзээ нэгэн цагт эргээд тухайн хүн дээрээ ямар нэгэн хэлбэрээр буух учир тэр хүнд өширхөх шаардлагагүй. Гэхдээ та бидний бодож төсөөлдөгчлөн шийтгэл нь шууд та бидний нүдэн дээр ч бууж магадгүй, эсхүл та бидний хараанд өртөх биш байдлаар ч бууж магадгүй. Үзэн ядах, өширхөх сэтгэлийг удаан хадгалаад байвал үйлийн үрийн хууль муу юм хийсэн хүн дээр биш харин     тэр үзэн ядаад өширхөөд байгаа хүн дээр үйлчилнэ. Өширхсөн хүн өөрөө нүгэл үйлдэж үйлийн үрээ зузаатгаж байна гэсэн үг. Тийм болохоор үзэн ядах сэтгэлээ үтэр түргэн хөөж явуул, тэгвэл чиний үйлийн үр нимгэрнэ гэж хэлвэл зөв болно.

  1. Бурхан сайн санаатай хүмүүст тусалдагийн олон жишээг би мэднэ.”

 

Тайлбар: “Бурхан сайн санасан хүний үйл хэрэг бүтэхэд тусална”. Гэтэл амьдралд муу санасан хүний үйл хэрэг бүтэх нь олонтаа тохиолдоно. Бас л бурхан тусалсан гэсэн үг үү? Үгүй. Бурхан алинд нь ч үл тусална. Хүн юу хийхээ өөрөө сонгоно. сайн үйл хэрэг бүтээх үү, эсхүл муу хэрэг хийх үү? Харин сүүлд Бурханы тогтоосон “үйлийн үр”-ийн хуулиар дүгнүүлнэ.

Бурхан надад “үгүй” гэж хэлсэн гэсэн утга санаа бүхий шүлэг байдаг. Гол санаа нь: Хүн Бурханд мөргөж ямар нэгэн юм хүсч гуйвал Бурхан түүнд хүсэлтэд нь таарсан “сорилт” илгээдэг. Учир нь хүнд өөрт нь аливаа сайн, муу юм, шинж чанарын аль аль нь байдаг. Харин түүнийг нь өдөөх л хэрэгтэй. Бурхан хүнд өөрт нь байгаа тэр авьяас чадварыг нь өдөөдөг. Тэгснээр хүн тэр авьяас чадвараа нээн олж болно. Тухайлбал, хүн Бурхнаас эр зориг хайрлахыг хүсэхэд Бурхан түүний өөрт нь байгаа эр зоригийг өдөөн буй болгохын тулд түүнийг “аймшигтай” нөхцөл байдалд оруулна. Тийм нөхцөлд орсон хүн өөрт нь байгаа эр зоригийн авьяас чадварыг нээвэл эр зоригтойгоо мэдэрч мэднэ. Бурхан надад эр зориг хайрлалаа гэж бодно. Улмаар эр зоригтой болно. Гэхдээ энд нэг “но” бий”. Хэрэв хүн өөрт нь юу ч байхгүй гэж бодоод үнэн хэрэгтээ өөрт нь байгаа эр зоригийн авьяас чадварыг нээн сэргээж чадахгүй бол айж хулчийна, сандарч тэвдэнэ. “Айдасны нүд том байдаг” гэж ярьдаг. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэж ч ярьдаг.

Нөгөө  талаар сайн, муу үйл хэрэг гэж байхгүй. Зарим сайн үйл хэрэг нэг хэсэг хүнд сайн, харин нөгөө хэсэг хүнд муу үр дүн авчирна. Сайн үр дүнг нь мэдэрсэн хүмүүс сайн үйл хэрэг гэж дүгнэнэ. Муу үр дүнгийн золиос болсон хүмүүс муу үйл хэрэг гэж хүлээж авна. Гэхдээ үнэн хэрэгтээ тухайн үйл хэрэг тухайн мөчид л муу, эсхүл сайн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ эцсийн үр дүнгээрээ хоорондоо ялгаагүй. Яагаад гэвэл эцсийн дүндээ хүн бүр бурханы хутгийг олох учир өнөөдрийн ямар ч үйл хэрэг хэзээ нэгэн цагт сайнаар төгсөнө. Тийм учир сайн ч, муу ч үйл хэрэг хийхэд бурхан хүнд туслахгүй. Бурхан нэг хүний асуудлыг зохицуулахдаа хорвоо ертөнцийн үйл хэргийг томоор буюу “үйлийн үр”-ийн хуулиар зохицуулсан учир бүх үйл хэрэг эцсийн дүндээ сайнаар төгсөнө, тухайн хүний үйл хэрэг ч сайнаар төгсөнө. Гэхдээ тухайн хүн “үйлийн үр”-ийн хуулиар өөрийгөө өөрчилсөн, үг ба үйл нь зөрчилгүй болсон байна. Энэ утгаараа Махатма Гандигийн хэлсэн “Бур­хан сайн санасан хүний үйл хэргийг бүтээхэд тусална” гэж хэлсэн нь зөв юм. Гэхдээ ингэж бодоод сайн үйл хэрэг хийхийг хойшлуулж болохгүй. Сайн үйл хэргийг бүтээхийн тулд яарцгаа.

  1. Бусдыг засч хүмүүжүүлж байгаа хүн засч хүмүүжүүлж байгаа тэр хүмүүстэйгээ хэт ойр дотно харилцаа тогтоох нь буруу. Жинхэнэ үерхэл ихэр сэтгэлтэй хүмүүсийн хооронд үүснэ. Гэхдээ ийм жинхэнэ үерхэл ховор байдаг. Сэтгэл зэрэг нь адил хүмүүсийн хоорондын жинхэнэ үерхэл удаан ч үргэлжилнэ, үнэ цэнэтэй ч байна. Харин бурхантай үерхэхийг хүсч байгаа бол ганцаараа байх хэрэгтэй, эсхүл бүх хүмүүстэй найзлах, үерхэх хэрэгтэй.”

Тайлбар: Хэн нэгэн хүнийг хүмүүжүүлэн засах гэж байгаа бол түүнтэйгээ хэт ойр дотно харилцаанд орж болохгүй. Жинхэнэ үерхэл бол сэтгэл санаа нь ойрхон хоёр хүний дунд үүснэ. Ийм хоёр хүн үерхсэн шиг үерхэнэ, үерхэхдээ ч урт удаан  хугацааанд үерхэнэ. Харин ийм жинхэнэ үерхэл үүсэх нь ховор.

Хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай болвол түүнд хандан хатуухан үг хэлэх боломжгүй болно. Хатуухан үг хэлэх боломжгүй бол тэр хүнийг засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Дандаа зөөлөн үг хэлээд байвал тэр хүнийг эсрэгээрээ эвдэж болно.

Нөгөө талаар монгол­чууд “дугуй дугуйгаа олно” гэдэг. Жинхэнэ үерхэл “дугуй дугуйгаа олж” байж үүснэ. Жинхэнэ хоёр найз нэгэндээ хамгийн хатуу үг ч хэлнэ, хамгийн зөөлөн үг ч хэлнэ, хамгийн гол нь хэрэгтэй үг хэлнэ. Тэглээ гээд нэг нэгэндээ гомдохгүй. Хамгийн гол нь хоёр найз нэг нэгэндээ үлгэрлэж хоёулаа үерхлийнхээ ачаар улам дээрдэнэ.

Харин нэг нь нөгөөгөө уруу татаж улам дордуулвал энэ бол үерхэл биш. Ганди энэ тухай номондоо бичсэн байдаг. Нэг найз нь түүнийг уруу татаж нүгэл хийлгэх гэж хэд хэд дахин оролдсон байдаг. Мах идүүлэх гэнэ, тамхинд оруулах гэнэ, янхантай унтуулах гэнэ. Ганди мах идэж үзсэн байдаг, тамхи татаж үзсэн байдаг, янхантай арай унтчихаагүй байдаг. Эцэст нь энэ бүх сорилтыг давдаг. Гэхдээ тэр найз гээд байсан нь үнэн хэрэгтээ найз биш, дайсан байжээ гэдгийг ухаарч түүнээсээ салсан байдаг.

Америкийн нэрт яруу найрагч Эзра Паундын шүлэг:

Бясалгал буюу ноход ба нөхөд

Эргэн тойрон ноход

Эзэндээ үнэнч амьтад

Эрхэлж нүүрийг нь долооно

Эргэлдэж сүүлээ шарвагануулна

Нэг нь хуцна

Нөгөө нь гаслана

Жаргаж байгаа нь тэр гэнэ.

Жаал харлаа, тэгээд бодлоо:

Нохой болж хүнд дассанаас

Хүн болж нохой дасгасан нь дээр юм.

Эргэн тойрон нөхөд

Элдвийн ааштай хүмүүс

Нэг нэгнийгээ үзэн ядна

Нийлээд нэгийгээ барьж иднэ

Бөөн бөөнөөр нь хулгай хийнэ

Бөөр бөөр рүүгээ хутга шаана.

Урваж шарвахыгаа амьдрах ухаан гэнэ

Ухаангүй шунахыгаа амьдралын зорилго гэнэ.

Жаргаж байгаа нь тэр гэнээ.

Жаал харлаа, тэгээд бодлоо:

Хүн болж нэг нэгнийгээ идэж байснаас

Нохой болж хүнд дассан нь дээр юм.

Бурхантай “найзлах” нь илүү гүн гүнзгий утга учир бүхий харилцаа. Бурхантай “найзлана” гэдэг нь бүгдтэй найзлана гэсэн үг. Тийм учир Бурхнаас өөр найз хэрэггүй. Тийм учир ганцаараа байна гэсэн үг. Гэхдээ ганцаараа байлаа гээд үнэн хэрэгтээ Бурхантай найзалж байгаа учир ганцаардахгүй. Харин ч олуулаа байна гэсэн үг.

 

5.“Би шөнө сайн амарч чадаагүй. Хар дарж зүүдэлсэн. Зүүрмэглээд эхэлмэгц өмнөх орой махыг нь идсэн ямаа миний ходоодонд амилан майлж байгаа юм шиг санагдаж байсан. Би тэр дороо сэрж, ямар муухай юм хийсэн юм бэ? хэмээн өөрийгөө хатуу зэмлэж байсан.”

 

Тайлбар: Мах идэх ба идэхгүй байх тухай. Ямааны мах идээд миний дотор ямаа орчихлоо, майлаад байна хэмээн бодож шаналсан тухай өгүүлсэн байна.

Нэгэн түүх: Би 1982 онд лам багшид шавь орсон. Миний багш бага наснаасаа эхлэн Шадивлан хийдэд шавилан суусан. Багш нь түүнд бясалгахыг заасан. Гэвч чухам яаж бясалгахын учрыг сайн олохгүй байсан. Хамгийн гол нь гэрээ их санасан. Хамт тоглодог байсан ямааны ишгээ их санасан. Багш нь зөвлөсөн: санаад байгаа ишгээ хол байна гэж бодолгүй дотор чинь орсон гэж төсөөлөөд бясалга гэж. Багш маань багшийнхаа хэлснээр ишгээ өөр дотор нь ороод ирсэн гэж төсөөлж бясалгажээ. Бүр дотор нь орж ирээд майлаад байна гэж төсөөлжээ. Эвэр нь биеийнх нь дотроос хатгаж байна гэж төсөөлжээ. Ямааны ишигтэйгээ нэг бие болсон гэж боджээ. Тэгэж бясалгасаар байгаад ишиг нь хол үлдэж хоцорсон биш өөр дотор нь орж шингэсэн гэж ойлгоод ишгээ санахаа больсон байна.

Энэ бол аливаа юманд уягдаж хоргодохгүй байхын учрыг ухаарсан тухай түүх. Аливаа юмыг их хүсэхгүй, аливаа юманд хэт шунахгүй байхын учрыг ойлгосон тухай түүх.

 

  1. Би эмэгтэй хүн бол тэсвэр тэвчээрийн дээд илэрхийлэл гэж боддог байсан.”

 

Тайлбар: Аливаа эмэгтэй хүн тэсвэр тэвчээрийн дээдийг үзүүлж байх ёстой гэж ойлгогддог байсан. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр хэзээ ч шавхагдан дуусахгүй гэж ойлгогддог байжээ. Энэ ойлголт магадгүй.

*Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ асар их тэвчээр үзүүлдэгээс үүдэлтэй. Бурхан түүнд тийм их тэвчээр хайрлажээ. (Тэвчээр нь дуусашгүй),

*Эсхүл байнга дорд үзэгдэж, тэр бүхнийг тэвчин давахаас өөр аргагүй хэмээн ухаарснаас үүдэлтэй (Ухаан нь дуусашгүй),

*Эсхүл ээж хүний хайр хүүхэд нь яаж ч байсан дуусдаггүй ундарч байдаг гэсэн ойлголтоос үүдэлтэй (Хайр нь дуусашгүй)

байж болно.

Хураангуйлая:

Эмэгтэй хүний тэвчээр нь дуусашгүй агуу

Эмэгтэй хүний ухаан нь дуусашгүй агуу

Эмэгтэй хүний хайр нь дуусашгүй агуу.

 

  1. Бид эрх чөлөөтэйгээ мэдрэх гэж, үзүүлэх гэж тамхи татан амнаасаа утаа гаргах дуртай байсан. Ахмадуудын зөвшөөрөлгүй юу ч хийж болохгүй байдлыг тэвчихийн аргагүй санагдаж байсан. Бидний дургүйцэл өсч нэмэгдсээр байгаад нэг өдөр бид амиа хорлохоор шийдсэн. Хаанаас хор олох вэ? гэж бодох болсон. … Бид хоёр үхлээс айх айдсаасаа салаад тайвшрих, амиа хорлох гэсэн бодлоосоо салахын тулд Рамажи мандир руу явахаар шийдсэн. Би: амиа хорлоё гэж бодох амархан ч яг амиа хорлох нь үнэхээр хэцүү юм байна гэдгийг ухаарсан.”

 

Тайлбар: Тамхи татах гэхээр томчууд хориглосон учир уурлан бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлэхдээ амиа хорлохоор шийджээ. Тэгээд бодсоноо гүйцэлдүүлэхийн тулд хор уухаар зэхэж хорны эрэлд гарсан байна. Хор олсон ч хороо ууж амиа хорлож чадаагүй. Амиа хорлохоор бодох нэг хэрэг. Амиа хорлох бол огт өөр хэрэг. Тийм учир чадаагүй байна. Хүсээгүй байна. Амьдрахыг, хийж бүтээхийг асар их хүсчээ. Аливаа амьтны амийг таслах бол хамгийн том нүгэл.

Ер нь амьд байх гэдэг их чухал. Яагаад? “Өсөх” гэж, “Авъяас чадвараа нээн хөгжүүлэх” гэж, “Ойр дотныхондоо туслах” гэж … гээд хэлээд байвал олон учир шалтгаан байна. Гэхдээ хамгийн гол нь “Алдаагаа засах” гэж. Махатма Ганди бүхий л амьдралынхаа турш алдаагаа засч чаддаг чадвартай байсан учир амжилтанд хүрсэн. Оросын их яруу найрагч Асадовын “Амьд байгаа цагт” гэсэн шүлэг бий. Энэ шүлгийн зарим мөрийг сийрүүлье:

Амьд байгаа цагт алдаагаа засна

Амьдралаа ухаарна, гэмшинэ, уучилна.

Өширхөхөө болино, хажуудхаа баярлуулна

Өөрөөсөө түлхсэн найзуудыгаа эргэж олно.

Амьд байгаа цагт бүх юм боломжтой

Алдсан зам мөрөө эргэж олох боломжтой

Хар дарсан зүүднээсээ салах боломжтой

Харанхуй нүхний ир­мэг дээрээс буцах боломжтой.

 

  1. Ёс суртахуун бол бүх юмны үндэс суурь, үнэн бол ёс суртахууны мөн чанар мөн гэсэн ойлголт миний сэтгэл санааны гүнд үндэслэсэн. Үнэнийг олох нь миний амьдралын цорын ганц зорилго болсон. Дээрх ойлголт улам батжин гүйнзгийрч, үнэний тухай миний ухаарал улам өргөжин тэлсэн.”

Тайлбар: Үнэн ба ёс суртахуун хоёр хоорондоо амин холбоотой. Энэ бол зорилго ба түүнд хүрэх арга замын тухай асуудал. Сайн зорилгод муу аргаар хүрэх үү? Оросын их зохиолч Ф.Достоевский “Гэмт хэрэг ба шийтгэл” хэмээх алдарт романдаа сайн зорилгод муу аргаар хүрч болох уу? гэдэг асуулт тавьсан. Тэгээд “болохгүй” гэсэн тодорхой хариулт өгсөн. Учир нь сайн зорилго байсан ч хэрэв түүнд муу аргаар хүрэх гэж оролдвол тэр зорилго нь өөрөө муу муухай зорилго болж хувирна. Энэ санааг Махатма Ганди үнэний суурь нь ёс суртахуун мөн гэж хэлснээр дахин цоо шинээр илэрхийлсэн. Үнэнд ёс суртахуунгүйгээр хүрч болохгүй гэсэн үг. Ёс суртахуунгүй үнэн гэж байхгүй.

  1. Сахил бол сахил. Сахилаа зөрчиж хэзээ ч болохгүй.”

Тайлбар: Андгай, сахил, тангараг. Андгай бол андгай. Андгайгаа зөрчиж үл болно. Андгай бол нэг ёсны ёс суртахууны хэм хэмжээ. Жинхэнэ андгай хүнийг өөрчилнө. Андгайгаа барьсан хүн ямар ч байсан дээрдэнэ. Харин андгайнаасаа ухарч буцвал дордоно.

Тухайлбал ламын сахил хүртсэн хүн сахилаа барьвал дээрдэнэ. Сахилаа сахихгүй бол дордоно. Андгай өргөсөн, андгайгаа барьж чадаж байгаа хүн бусдад юм зааж сургах ёс суртахууны эрхтэй болно. Тэр утгаараа сахилаа барьж байгаа лам хуврагийн үгийг сонсоход буруудахгүй.

Нэгэн түүх: Ганди чихэрт дуртай байж. Нэг өдөр ээж нь хүүгээ дагуулж Махатма Ганди дээр иржээ. Хүү нь чихэрт бас дуртай байж. Ээж нь Махатма Гандигаас гуйсан нь “Манай хүү таны үгэнд орно. Та түүнд чихэр битгий ид гэж хэлж өгөөч”. Махатма Ганди ээж хүү хоёрт нэг долоо хоногийн дараа ир гэжээ. Долоо хоногийн дараа ээж нь хүүгээ дагуулаад Махатма Ганди дээр иржээ. Тэрээр ээж хүү хоёрыг таниад хүүд хандан Чи чихэр идэхээ боль гэж хэлжээ. Хүү ч Махатма Гандигийн үгэнд орж чихэрнээс гарахаар болжээ. Ээж нь баярласан ч Махатма Гандигаас асуусан нь: Та энэ үгээ долоо хоногийн өмнө хэлчихгүй яасан юм бэ? Махатма Ганди хариуд нь: Тэр үед би өөрөө чихэрт дуртай, чихэр иддэг байсан юм. Тэгээд эхлээд өөртөө чихэр идэхгүй гэж тангараг өргөсөн юм. Ингээд танай хүүд чихэр битгий ид гэж хэлэх эрхтэй болсон гэжээ

Хамгийн хүчтэй андгай бол бусдад гэхээсээ илүү өөртөө өргөсөн андгай.

Нөгөө талаар андгайлахыг цээрлэх ёсон бий. Яагаад гэвэл хүн өөрийн эрх мэдлийн бус юмаар андгайлдаг. Тухайлбал “ээжээрээ тангараглая”, “хүүгээрээ тангараглая”, “өөрөөрөө тангараглая” гэх зэргээр тангарагладаг. Хэдийгээр өөрийнх нь ээж, эсхүл өөрийнх нь хүү мөн байсан ч тэд тухайн хүний эрх мэдлийн өмч биш. Тэр байтугай хүн өөрөө өөрийгөө мэдэх эрхгүй. Тийм боломж ч байхгүй. Өөрийн эрх мэдлийн биш хүнээр, эсхүл юмаар тангараглаж болохгүй. Тийм учир хий хоосон тангараглахыг цээрлэх хэрэгтэй. Тангараг чинь худлаа тангараг болно.

 

  1. Би энгийн амьдралын тухай номлосон олон номтой болсон.”

 

Тайлбар: Энгийн амьдралын тухай. Махатма Гандигийн хувьд амьдрал, амьдралын утга учир үнэнийг эрж хайх, олоход оршиж байсан. Тэгвэл үнэн үгээр зогсохгүй үлгэрлэл, үйл хэрэг болвол энгийн байна. Харин үнэн үг үгийн хэлхээ юм гэж үзвэл эрчилсэн утас мэт их ээдрээтэй байна. Ойлгогдохгүй үнэн бол үнэн биш, харин үгийн тоглоом. Үгийн ээдрээг үйл хэргийн сэлмээр тас цавчих хэрэгтэй.

Махатма Гандигийн амьдрал энгийн байсан. Үг нь заримдаа ээдрээтэй, заримдаа энгийн байсан. Үйл хэрэг нь энгийн байсан. Ганди үнэнтэй үерхэж байсан.

Эртний грекийн домогт түүх:

Македоны Александр “Горди-ийн зангилаа”-г тайлахын тулд сэлмээрээ тас цавчсан тухай түүх бий. Шилжүүлсэн утгаар нь тайлбарлавал амьдралын аливаа ээдрээтэй асуудлыг оюун ухааны илдээр тас цавчихын тухай юм.

Миний шоронд сууж байсан үеийн нэгэн түүх:

Би хэлмэгдээд шоронд сууж байхдаа гэрийнхэндээ захисны дагуу тэд нар маань надад Доржзодов буюу “Очироор огтлогч” судар авчирсан. Шоронгийн хуягууд тэр судрыг над руу оруулаагүй. Дарга нараасаа асуусан. Дарга нар нь тэднээс номын нэрийг асуухад нь: “Очироор огтлогч” гэж хэлсэн. Дарга нар нь “огтлогч” гэдэг үгийг сонсоод цочсон. Тэгээд “Очироор огтлогч” судраар шоронгийн хаалгыг огтлох гэж байна гэж бодоод “Очироор огтлогч” судрыг над руу оруулахыг хориглосон.

Үнэнийг үгээр гэхээсээ илүү үйл хэргээр номлох нь амаргүй. Энэ зам мөрийг сонговол андгайнаасаа ухарч болохгүй. Тийм учир Махатма Ганди андгай бол андгай гэж хэлсэн. Андгайгаа сахидаг хүн бусдыг үлгэрлэх ёс суртахууны эрхтэй болно. Андгай албан тушаалын, ах насны зөрүүг арилгана.

Эцэст нь нэгэн ажиглалтаасаа хуваалцахад Махатма Ганди бол их баян хүн байсан. Магадгүй Энэтхэгийн хамгийн том баячуудын нэг. Гэхдээ эд хөрөнгөөр биш ард түмнээрээ, тэднийхээ зовлон жаргалыг ойлгон хуваалцдаг тэр Махатма буюу “Агуу сэтгэлт” чанараараа баян байсан.

Нөгөө талаар Махатма Ганди амьдралаараа хамгийн сонирхолтой ном бичсэн. Өөрөөр хэлвэл амьдралаа ямар ч номноос илүү сонирхолтойгоор бүтээсэн.

Өөрийгөө ялж бүтээсэн,

Бус­дыг өршөөж бүтээсэн,

Үнэний эрэлд мордож, тэр зам мөрөөсөө ухрахгүй зүтгэж бүтээсэн.

Тийм учир Махатма Гандийг “Улс төрчдийн дундах хамгийн ариун явдал­тан, Ариун явдалт­нуудын дундах хамгийн сайн улс төрч” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *