М.Оюунчимэг: Төрөөс шийдвэр гаргахдаа бизнесийнхнээ сонсдог байх хэрэгтэй

6-р сарын 28, 2017 8:27 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Эдийн засаг , Ярилцах цаг Уншсан: 13
_MG_0815

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгийг урилаа.

Саяхан Монгол, Орос, Хятадын худалдаа эдийн засгийн XIII чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаас гарсан үр дүнг хэрхэн харж байна вэ?

-13 жилийн өмнө манайхаас санаачлан гурван улсын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд танхимуудын үүрэг ямар төвшинд байх вэ гэж ярилцаж байлаа. Үүнээс хойш жил бүр хүрээгээ тэлж ирсэн. Энэ удаагийн уулзалтаар зөвхөн танхимуудын уулзалт төдийгүй худалдаа эдийн засгийн форумыг зохион байгуулснаараа онцлог болсон юм.

Мөн үндэсний дээд хэмжээний уулзалтаар гурван орны төрийн тэргүүлэгчдийн тохиролцсон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гурван улсын Худалдаа аж үйлдвэрин танхим чухал үүрэгтэй гэдгийг харуулсан. Хамгийн гол нь төр болон хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, төрөөс гарч байгаа шийдвэрийн бизнесийнхэнд ээлтэй байх тэр боломжийг бүрдүүлэх, санал санаачлага, тулгамдсан асуудлыг нь төрийн төвшинд хүргэх зэргээр гүүр болж ажиллах шаардлага бий.

Түүнчлэн худалдаа эдийн засгийн чуулга уулзалтаар манай улсад хөрөнгө оруулахад ямар таатай нөхцөл байгаа талаарх мэдээллийг гадны хөрөнгө оруулагчдад хүргэсэн. Бид Монгол Улсад итгэх итгэлийг бататгах, хөрөнгө оруулалтын боломжийг харуулах үүднээс хоёр салбар хуралдааныг зохион байгууллаа. Тухайлбал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон ногоон бизнесийн чиглэлээр санал бодлоо солилцсон ганцаарчилсан уулзалт болсон. Мөн хүнд үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынханд зориулсан хурал боллоо. Үүгээр бизнес эрхлэгчид мэдээллээ солилцон цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж харж байна. Жишээлбэл, урд хөрш 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа юм. Түүнээс гадна хойд хөрш манай улсын эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан тухай мэдээ бий. Энэ хурлын үеэр хамтын ажиллагааны 24 санамж бичиг байгуулсан.

Нөгөө талаас Европын холбооны улсаас олгосон хөнгөлөлттэй нөхцөл, Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглах сонирхлыг хоёр хөршид төрүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр дэлхийн зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхэд хөшүүрэг болох учиртай.

Манай улсад байгаа давуу талыг ашиглахын тулд гадны хөрөнгө оруулагчдын хувьд хууль эрх зүйн таатай орчин, төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаагаа хэлдэг шүү дээ?

-Бид энэ удаагийн уулзалтад ирсэн хоёр хөршийн хөрөнгө оруулагчдад дээрх боломжийг хэрхэн ашиглаж болох мэдээллийг хангалттай өгсөн. Тэгэхээр үүнийг маш их сонирхож байгаагаа илэрхийлсэн. Учир нь Европын холбооноос хөнгөлөлт үзүүлэх 7200 нэр төрлийн барааны жагсаалтаас харвал манайд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн бий. Тиймээс хоёр хөршийн хувьд тэрхүү барааг үйлдвэрлэдэг технологи, техник тоног төхөөрөмжтэй компанид давуу тал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Энэ нь тухайн компанид ч, манай улсад ч ашигтай хувилбар.

Цаашид аль ч салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эцсийн дүндээ дотооддоо байгаа түүхий эдийг боловсруулах нөхцөл бүрдэж ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын үйлдвэрлэл хөгжинө. Мэдээж үүний үр дүнд хувь хүний орлого тогтворжих нөхцөл бүрдэх юм. Энэ нь эргээд улсын эдийн засагт томоохон хөшүүрэг болно шүү дээ.

Бизнест итгэл чухал гэдэг хэдий ч манай улсын хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогдож ирсэн. Одоо ч хүлээлтийн байдалтай байна. Гэхдээ энэ нь зөвхөн гадныханд тохиолдож байгаа эрсдэл биш гэдэг шүү дээ?

-Ерөнхийдөө өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Гэхдээ экспортын чиг баримжаатай, олон улсын стандартыг нэвтрүүлсэн үйлдвэр байгуулахын тулд зайлшгүй гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Яагаад гэвэл, манай улс техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Хэдийгээр түүхий эд болон бусад боломж нь байгаа ч гаднаас импортоор техникээ авах шаардлага тулгардаг. Харин тэрхүү техникийг хэрхэн ашиглаж, ажиллуулах вэ гэдгийг бизнесийнхэн сурах ёстой болно.

Нөгөөтэйгүүр дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалж байна гэдэг шалгуураар импортын барааны татварыг өсгөдөг. Гэвч энэ нь зарим тохиолдолд тийм ч сайн зүйл биш гэдгийг цаг хугацаа харуулж байна. Өөрөөр хэлбэл, манай улс зарим бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлж үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталсан. Энэ шийдвэр зөв байсан гэж болох ч нөгөө талаасаа тухайн бүтээгдэхүүн нийт зах зээлдээ хүртээмжтэй байгаа эсэхийг судлах ёстой. Учир нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж чадахгүй байгаа тухай яригддаг. Тиймээс бид зах зээлийн багтаамж, хүмүүсийн хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нөөц бололцоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчид ямар төвшинд ажиллаж байгааг тодорхойлох, түүний дараа төрөөс ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдгээ шийдэх нь чухал.

Тэгвэл гадаад хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд итгэл төрүүлэх хэрэгтэй. Гэвч манай улсын хувьд хууль, дүрэм журмыг богино хугацаанд өөрчилдөг нь саад болсоор ирсэн. Ер нь бизнес эрхлэгчид урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллахыг чухалчилдаг. Тиймээс хууль эрх зүйн тогтвортой орчныг илүүд үздэг юм шүү дээ. Учир нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийх орчин тогтвортой байх нь эрсдлийг бууруулах нэг үзүүлэлт. Гэтэл манай улс гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэйд тооцогдож ирсэн. Хэдийгээр хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг ч бодит байдалд хүнд сурталтай гэдэг нь судалгаагаар гарсан үзүүлэлт. Тиймээс төрөөс аливаа шийдвэр гаргахдаа үйлдвэрлэгчдээ, бизнесийнхнээ сонсдог байхыг хүсдэг. Учир нь тухайн гаргасан шийдвэр бодитоор хэрэгжихэд ямар бэрхшээл тулгарах вэ гэдгийг л тэд хэлдэг юм.

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдсэн. Тиймээс танхимын зүгээс энэ жилийг “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласан. Энэ хүрээнд дэлхийн худалдааны байгууллагын стандартад нийцсэн бизнесийн орчин бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *