М.Оюунчимэг: Гадаадад эмчлүүлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулдаг

11-р сарын 9, 2017 8:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 4
11-9-5

Р.ОЮУН

Монголд эмчлэгддэггүй 39 өвчнөөс долоог нь эх орондоо хийдэг боллоо. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

Жилд хэчнээн хүн гадаад руу явж эмчилгээ хийл­гэдэг вэ. Энэ талаар хий­сэн судалгаа байдаг уу?

-Сүүлийн хоёр жилийн судалгаагаар эрх­тэн шилжүүлэн суул­гах, зүрх судасны болон мэдрэлийн мэс заслын шалт­гаанаар 198 хүн гадаа­дад эмчил­гээнд хам­рагдан 11 тэрбум 398 сая 400 мянган төг­рөг зарцуулсан байна. Тухайлбал, нийт эм­чилгээнд хамрагдсан ир­гэдийн 71.2 хувийг дээрх өвчнүүд эзэлж байна. Тиймээс гадаадад эмч­лүүлж байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг боллоо.

Яг ямар өвчнүүдийг Монголдоо эмчилдэг болсон юм бэ?

-Гүрээний болон нурууны артерийн нарий­сал, бөглөрлийн үеийн мэс засал, дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац, зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул, ходоод гэ­дэсний хавдрын үеийн хими эмчилгээ, түлэгдлээс үүссэн талбай ихтэй сорвийн эмчилгээ, өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ юм. Тухайлбал, мэдрэлийн мэс заслын хоёр, зүрхний мэс заслын нэг, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээ давхардсан тоогоор 100 гаруй, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн Мон­голдоо хийлгэсэн байна.

Тухайлбал, зүрхний хэм алдалтын эмчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэх боломжтой вэ?

-Зүрхний хэм алдалтын эмчилгээг Зүүн өмнөд Азийн орнуудад 8000-20 мянган ам.доллар, тархины судсан дотуурх мэс засалд доод тал нь 50 мянган ам.доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал. Үүн дээр хамт яваа хүний онгоц, байр, хоол, унааны зардал нэ­мэгддэг болохоор сан­хүүгийн хүндрэл үүс­дэг байсан. Тэгвэл эх орондоо зүрхний хэм алдалтын эмчилгээг хийлгэдэг болсноор 10-13 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаар хөн­гөлж тухайн хүн 5-6 сая, өндөр өртөгтэй тархины судсан дотуурх мэс заслын зардал дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон.

Монголчууд ихэвчлэн аль улсад очиж энэ эмчил­гээнүүдийг хийлгэдэг вэ?

-Зайлшгүй шаард­лагаар гадаадад эмчлүүл­сэн иргэдийг явсан ул­саар нь авч үзэхэд БНСУ-д 41.3, Энэтхэгт 26.6, БНХАУ-д 19 хувь нь эмчилгээ хийлгэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *