М.Ганхүү: ШШГЕГ-т ажиллахад амаргүй байсан ч олон зүйл  санаачилж, хэрэгжүүлсэн

4-р сарын 13, 2018 9:18 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 53
30656215_1172406756233109_8744644880279535616_n

Ч.ҮЛОЛДОХ

 Монгол Улс жил бүрийн дөрөвдүгээр сард  “Генералуудын өдөр” –ийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтайЭнэ жилийн зохион байгуулагчаар ШШГЕГ ажиллаж байна. “Монгол Улсын төлөөбулангийн зочноор ШШГЕГын дарга асан, Бригадын генерал  М.Ганхүүг урилаа.

ZZZ

 Манай улс алтан мөрдэстэй генералууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг. Та энэ цолонд хүрэх урт замын эхлэлажлын гарааг хаанаас эхэлж байв?

Би 1974 онд нийслэлийн арван жилийн XVII дунд сургуулийг төгсч, тэр үед шинээр байгуулагдсан Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуулийн анхны элсэгчдийн нэг болж 1977 онд төгссөнСургууль маань хуулийн хоёр, улс төрийн нэг ангитай байсан юм. Бид хуульч мэргэжлээр төгссөн. Тухайн үед хуульч мэргэжилтэй  хэсгийн төлөөлөгч цөөн, зарим аймагт таван сумын дунд нэг хэсгийн төлөөлөгч байсан үе. Бид сургуулиа  төгсөөд Хэнтий, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай руу хуваарилагдсан. Би Төв аймгийн Лүн суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Хотын хүүхэд болохоор  хөдөөгийн амьдрал мэдэхгүй. Анх очиход гэр орон байхгүй, ганц бие  тиймхэн байсан ч амархан дассан. Нэгдлийн дарга нь  Чогсом, намын дарга нь Гончиг гэж хүн байлаа. Тэд намайг дэмжиж, ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж байсан. Ихэнх суманд автын байцаагч байдаггүй байлаа. Манай  суманд автын байцаагч ахлах дэслэгч Жумхаан гэж хүн байв. Тэр хүн миний  ажил, амьдралын талбар дахь анхны багш болж надад олон зүйлийг зааж сургасан юм шүү дээ. Сургуулиас олж авсан  онолын мэдлэгээр  ажлын талбарт шууд гараад  ажиллана гэдэг хэцүү. Би хэсгийн төлөөлөгчийн ажлыг автын байцаагчийн ажилтай хавсран багштайгаа хамтарч хийдэг байсан. Аваар осол, хэрэг зөрчил, хэргийн газар дахь болон автын үзлэг гээд бүгдэд нь явна. Тэнд  гурван жил ажиллаж  байтал хүмүүсийг ажлын үзүүлэлтээр нь шалгаруулж тухайн үеийн ЗХУ руу Дотоод явдлын яамны  академид явуулахаар болоход Төв аймгаас дөрвөн хүн явсны нэг нь би. 1980 онд Москвагийн Дотоод явдлын яамны академийн тусгай факультетийн бэлтгэл курст орж 1985 онд  хуульчэрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэр үед НАХЯ  цагдаагийн улс төрийн ажилтнуудыг Москва, Ленинградад, мөрдөн байцаагчдыг Волградад бэлтгэдэг байсан. Бид Москвад эрүү, эдийн засгийн төлөөлөгчөөр суралцсан. Бид дотроо хамт сурдаг ч мэргэжлийн төрлөөр салдаг, шалгалт нь тусдаа болчихно. Би 1985 онд төгсч ирээд Дархан хотод эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдсон юм.

Дархан том хот, оросын байгууллагууд, цэргийн анги, үйлдвэр олонтой, тэнд хяналт тавьж ажиллахад эцүү байсан уу?

Тухайн үед дамын наймаа, өмч хөрөнгийн ашиглалт шамшигдуулалт гэхчлэн янз бүрийн хэрэг гарна. Социализмын үед өмч хөрөнгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг байсан. Одоотой адилгүй, эд хариуцаж байсан хүн  тэр нь дутахад хэрэг гээд шалгадаг байсан цаг. Дархан хотын Аюулаас хамгаалах байгууллагын даргаар С.Довчин хурандаа, цагдаагийн даргаар  Ш.Доржпалам хурандаа ажиллаж байгаад сүүлд М.Батаев дарга болсон. Тэнд зургаан жил ажиллахад, эдийн засаг, эрүүгийн алба хоёр нийлж жил гаруй эрүүгийн тасгийг ахалсан. 1990 онд  М.Батаев дарга Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргаар томилогдсон. 1991 ондАжил тиймхэн, өөд нь татах хэрэгтэй байнагээд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн эрүүгийн хэлтэст дэд даргаар ирээч гэсэн хүсэлт тавьсан. Тэр хүсэлтийг хүлээж аваад Сэлэнгэ аймагт томилогдсон. Тэнд  олон зүйлийг сурсан. Ноцтой хэргүүд их гарна, хөдөө их ажиллаж байлаа. М.Батаев дарга мундаг хүн дээ, Сэлэнгийн цагдаагийнхан сайхан хамт олон шүү.  1994 онд дарга маань ЦИСийн захирлаар томилогдоод  надад ажлаа шилжүүлэхээр саналаа дээш нь явуулсан юм билээ. Тэр үед  одоогийнх шиг тэрний хүн, энэний хүн гэдэггүй, ажлын үзүүлэлтийг хардаг байв. Б.Пүрэв генерал ЦЕГын дарга  байсан юм. Хойшоо УлаанҮд рүү явна, ирнэ. Ирэхээрээ ажилтнуудтай уулзаад явдаг байсан. Сүүлд мэдэх нь ээ, намайг судалж байсан юм билээ. 1994 оны хавар намайг Сэлэнгийн Цагдаагийн газрын даргаар томилсон. Чанга хатуу, сайн даргын ажлыг авч үлдэх илүү хариуцлага ногдсон. Ингээд ажиллахад хамт олон маань сайхан хүлээж авч гар нийлж ажилласан. М.Батаев даргын үед Сэлэнгэ аймгийн цагдаагийн хамт олон ажлаараа улсад нэгдүгээр байрт орж байлаа. Намайг Эрүүгийн тасгийн даргаар ажиллахад улсад гуравдугаар байрт орж байсан. Цагдаагийн дарга болоод  гурван жил ажиллахад хамт олон маань  ажлаараа нэгдүгээр байрт орж, би Цагдаагийн алдар медалиар шагнагдаж, дэд хурандаа цол авч  байлаа.

Та хөдөөнөөс хот руу хэзээ ирсэн бэ, ямар байгууллагуудад ажиллав?

-1997 оны хавар намайг Улаанбаатар хот руу шилжиж ажиллаач гэсэн санал ирсэн. Ингээд Улаанбаатар төмөр замын Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсон. Төмөр зам өөрийн гэсэн онцлогтой байгууллага. Төмөр замын цагдаагийнхан Сэлэнгэ, ЗамынҮүд, Эрдэнэт рүү явж ажилладаг. Олон улсын суудал долоо хоногт нэг удаа явахад цагдаагаас 10-аад хүн явна. Тэнд ажиллахдаа Төмөр замын ХЭГын удирдлагуудтай гар нийлж ажилласан. ЦЕГын даргаар Ч.Амарболд генерал ажиллаж байсан үе. Бид хоёр талын уулзалтуудыг хийж, маш сайн хамтарч ажилласан. Хоёр жил ажиллаж байтал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар яв гэсэн. Цэргийн хүн тушаалын дор явдаг учраас тийшээ томилогдсон. Тэнд ажиллаж байтал Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажилла гэсэн. Тэр үед С.Зоригийг хөнөөсөн хэрэг гараад хоёр жил болчихсон, илэрдэггүй хэрэгтэй тулсан. Ажлын  хэсгийн ахлагчаар томилогдож тэр хэргийн мөрөөр гурван жил өдөр, шөнөгүй ажилласан. Дээр нь үндсэн ажил болох найман дүүрэг, 21 аймгийн  эрүүгийн хэргүүдийг хариуцна. С.Зоригийг хөнөөсөн хэрэг гэхэд л өглөө ажил цугласнаас эхлээд 23 цаг хүртэл шалгах, мөрдөх ажлаар явна. Орсон гарсан хөдөлгөөнөөс өгсүүлээд бүх юмыг шалгана. Амралтын өдөр ч амарч чаддаггүй. Тэнд гурван жил ажиллахад ээлжийн амралт ч авч үзээгүй. 2001 оноос Баянзүрх дүүргийн Цагдаагийн даргаар томилогдсон. Намайг Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхад барааны захДэнжийн 1000”-д байсан. Баянзүрх дүүрэгт очиход зах мөн тийшээ нүүгээд оччихсон, дээр нь 23 хороотой, хүн ам олонтой. Аймгийн төвөөс олон хүн амтай хороонд хүн хүч хүрэхгүй, нэг хэсгийн байцаагч, хэсэг дээрээ ээлжийн гурван цагдаатай, ачаалал ихтэй  байлаа. Хэрэг, зөрчил ч ихтэй. Хүн амины хэрэг их гарна, тэр дотроо золгүй явдлаар нас барсан дуудлага олон ирнэ. Баянзүрх  дүүргийн цагдаагийн байгууллагыг хариуцаж  ажиллахдаа  сайн боловсон хүчин, сайхан хүмүүсийг орлогчоороо авч ажиллуулсан. Тэдний тус, дэмээр ажил урагштай байлаа. Манай хэлтэс бүх чиглэлд  ажил хөдөлмөрөөрөө  аваргалж  байсан даа. Хэв журмын тасаг, хэрэг бүртгэх, эрүүгийн цагдаагийн алба гээд бүгд шилдэг  болж  байлаа. Тэнд ажилласан 5-6 жилд манай хамт олон нийслэлийн аварга хэлтсээр шалгарч байлаа. Ингэж байтал та наанаа удсан байна, одоо Нийслэлийн цагдаагийн газрын дэд  даргаар  ажилла гэсэн. Ж.Бумнанжид даргын орлогчоор хоёр жил ажилласан. 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажилла гэсэн. Захын хороолол, байр тохижилт муутай. Нутаг дэвсгэр том, хүн ам олонтой. Малын хулгайн хэрэг их гарна. Хамт олон гар нийлж сайн ажилласан. Нэг хэцүү зүйл нь ЦЕГ дээр дуудахад очих гэж түгжрээнд явсаар байтал хурлын цагаас хоцорно. Буцаад ажилдаа очиход ажлын  цаг өнгөрчихдөг нь хэцүү санагддаг байлаа. Тэнд ажиллахдаа шийдүүлж чадсан зүйл нь байгууллагын байрны  өргөлтгөл барих төсөв мөнгийг шийдүүлж зураг төслийг гаргуулсан. 2010 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор ШШГЕГын даргаар томилогдсон.

Таныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагад олон ажил санаачилж, алба хаагчид, ахмадуудял эдэлж буй хүмүүсийн нийгмийн асуудалд ихээхэн анхаарсан  сайн  дарга гэж ам сайтай  байдаг юм билээ. Цагдаагийн байгууллагаас  тийшээ шилжиж ажиллахад  ямар санагдав?

Хийж үзээгүй ажил, эхэндээ хэцүү санагдаж байсан. Гэхдээ хилийн цэрэг, засан буюу шүүхийн шийдвэр, цагдааийнхан нэг яаманд харъяалагддаг. Энэ утгаараа бид бие биеийнхээ ажлыг мэднэ. Хойно цуг сурч байсан нөхөд маань ажил төрлийнхөө талаар ярилцдаг байсан. Тэр үед хүнд ажил юм байна гэсэн ойлголтыг авч байлаа. Ажил аваад эхний нэг сар ажилтайгаа танилцсан. Бидний хэрэг илрүүлэх гээд хөөцөлдөж байдаг ажлаас өөр, эрхээ хасуулсан хүний асуудал, тэдэнтэй ажиллаж байгаа албан хаагчид мөн л эрхээ хасуулаад ажилладаг, орчин нөхцөл нь тийм. Нэг сар ажилласны дараа  тодорхой дүгнэлтэд хүрсэнНэгдүгээрт, аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх хэрэгтэй юм байна. Ял эдэлж байгаа хүмүүсийг сургах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр хүмүүсийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, дээр нь цалинтай болгоход анхааръя. Гуравдугаарт, алба хаагчдынхаа мэдлэг боловсрол, сургалтад анхааръя. Дөрөвдүгээрт, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдэх  хэрэгтэй юм байна. Тавдугаарт, ахмад ажилтнуудын нийгмийн асуудалд анхааръя гэсэн  чиглэл гаргаж, тэр дагуу ажлаа явуулсан. Тэнд очоод 40 хоногийн дараа Г.Шагдарсүрэн  даргаар ахлуулсан 13-14 хорих ангийн даргыг  Хөх хот руу туршлага судлуулахаар явуулсан. Тэндхийн хорих ангийн  нөхцөл байдалтай танилц, дотоод үйлдвэрлэл яаж явдгийг үз гэсэн. Гэтэл тэдний хорих анги хаалттай учраас үзүүлээгүй. Харин үйлдвэрлэлтэйгээ танилцуулсан. Арав гаруй ангид үйлдвэрлэлийн чиглэлээр тоног, төхөөрөмж оруулж ирсэн. Зайсанд байсан Хорих 401 дүгээр анги бол эмнэлгийн чиглэлийнх, тэнд тоног төхөөрөмжийг сайжруулсан. Авдрантын хорих анги чулуу бэлддэг, ихэнх нь гар ажиллагаатай байсан. Иймд үйлдвэрийг хөгжүүлж зүсэгч машин, тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулсан. 439 дүгээр ангийг замаскны үйлдвэр , 407 дугаар ангийг оёдлын  үйлдвэрийн чиглэлээр  хөгжүүлж, оёдол болон эсгүүрийн машин, индүү, товчны нүх гаргагч хэрээсний машин оруулж ирсэн. 415 дугаар ангийн шохойн чулууны үйлдвэрийн гар ажиллагааг техник­жүүлсэн. Чулуугаа түрдэг тэргээр зөөдөг байсныг ачааны машинтай болгосон. Хэнтий аймаг дахь 419 дүгээр анги болон бусад хорих ангид  тоосго үйлдвэрлэдэг байсан, тэр суурин дээр нь  үйлдвэр барьсан. Тэндээс харж байхад хөрс хуулалт маш хүнд ажил болохыг мэдсэн. Махаа идэж гараар ухдаг тэр ажлыг үйлдвэр барьж, машин техник оруулж ирснээр хөнгөвчилсөн. Тоосгоны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг, зарим газарт нийлүүлдэг. Хөвсгөл аймгийн 433  дугаар хорих анги хажуудаа нүүрсний ордтой. Аймгийнхаа нүүрсний хэрэгцээг хангадаг ч уурхай нь нурж унах шахаад байсныг шинэчилсэн. Энэ мэтчилэн олон газрыг үйлдвэртэй болгосон. Алба хаагчдынхаа цалинг нэмэгдүүлэхбайр орон сууц олгох, нийгмийн  асуудалд анхаарахад ч шинэчлэл хийсэн. Онцгой дэглэмтэй хорих ангид ажиллаж буй хүмүүсийнхээ цалинг нэмэгдүүлснээр орчин нөхцөл, тэдний ажлын идэвх нэмэгдсэн. Энэ ажлын эхлэлийг ажлын  байрны нөхцөлийг сайжруулахаас эхэлж байлаа.

Ял эдэлж буй хү­мүүсийг ажилтай, цалинтай болгосноор  шүү­хийн шийдвэр гүйцэтгэх байгуул­лагад шинэ эргэлт авчирсан гэлцдэг. Энэ талаар тодруулахгүй  юу?

Тэр хүмүүс цалинтай болоод ирэхээр үнэн сэтгэлээсээ ажиллах, ажлын хоногоо хасуулах  идэвх нь сэргэдэг. Мөн цалингаасаа хохирол төлбөрөө барагдуулдаг. Энэ их чухал. Эмэгтэйчүүдийн хорих  ангиас л гэхэд  нэлээд хэдэн хүний ар гэр, хүүхдүүд нь очиж цалинг нь авдаг байсан. Ял эдэлж буй хүмүүсийн цалинг боддог нягтлан бодогчтой хүртэл байлаа, тэр үед. Хэдийгээр ял эдэлж байгаа ч гэсэн цалин аваад ирэхээрээ урамшдаг, хугацаа нь дуусаад гарахдаа хадгаламжтай  гардаг . Ял эдэлж буй хүн хорих ангиас гарахдаа хэцүү, гэр бүл нь салж сарнисан, зарим нь хаяад явчихсан, аав ээж нь бурхан болсон, эсвэл ах дүүс нь хүлээж авах боломжгүй хүнд нөхцлүүд байдаг. Тиймээс эргээд  буруу замаар орох, архи уух, тэнэх явдал гарна. Тэгэхээр мэргэжил олгож, ажил хийлгэж, цалинтай байлгаснаар ялын хугацаа дуусаад гарахад  угтдаг  хүнд  байдлыг тасалсан болов уу гэж боддог. Бас нэг ажил нь ял эдлэгсэд, тэдний ар гэр, хорих  байгууллагын ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн хийж байлаа. Урлагийн тоглолт хийнэ, ял эдэлж буй хүмүүсийн хийсэн зүйлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Урам өгөхийн тулд ялын хугацаа нь дуусах дөхсөн  бас сайн хүмүүжиж байсан хүмүүсийг судалж байгаад уулзалт хийж буй тэр заалнаасаа хүнийг шууд чөлөөлөөд гаргаж байсан ч удаа бий. Тэр нь бусдадаа их нөлөөтэй, тэр ангийн тэр сайн ажиллаж,хүмүүжээд чөлөөлөгдөөд гарчээ гээд бүгд ярьдаг, өөрсдөө хичээдэг. ШШГЕГын харъяа сургалтын  төвд барилгын засал чимэглэл, гагнуурчин, өрөг угсрагч, арматурчны сургалт явуулж, мэргэжлийн үнэмлэх олгож байв. Хорих ангиас суллагдан гарахад мэргэжлийнхээ дагуу ажилд ороод амьдралаа аваад явчих чадварыг тэр хүмүүст суулгах ёстой гэж үзсэн. Алба хаагчдаа чадавхжуулах, жагсаалч байдалд сургахад их анхаарч байлааМанай байгуулага онцлогтойсэтгэл зүйч, багшийн сургууль төгссөн хүмүүс  орж ажиллахад тэднийг сургах шаардлагатай. Сургалт  нь бас өндөр  шалгууртай. Шийдвэр гүйцэтгэгч, хорих анги, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан  гээд төрөл төрлөөр нь УлаанҮд рүү явуулж  сургалтад  хамруулж байв. Дарга, орлогч нарыг гадаад улс орнуудад туршлага судлуулах, аялуулах ажлыг зохион байгуулж, шагнал, урамшууллын судалгаа хийлгэж алба хаагчдаа урамшуулж, шагнах  ажлыг жигдрүүлсэн. Энэ байгууллагад насаараа зүтгэчихээдЦагаан морьодонгоо авалгүй тэтгэвэрт гарсан хүн зөндөө, тэднийгээ  судалж, 10 гаруй хүнд  шагналыг нь нөхөж олгосон. Мөн бүсчилсэн хээрийн  сургалтад  аймгуудыг хамруулахын зэрэгцээ мэргэжлийн төрөлжсөн сургалтууд явуулж заншсан юм шүү дээ.

Таны үед  хүмүүжиж буй хүмүүсийн дунд спорт, урлагийн ажил зохион байгуулж байсан нь шинэлэг санагдсан болов уу

Ял эдэлж буй хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь тэр байсан шүү. “Сүлдбиеийн тамир спортын хорооны бөх түрүүлэхэд, тэд чиньМанай бөх түрүүллээгээд баярладаг. “Соёмбочуулга гэж бий. Гэвч цол олгох болоход үлээвэр хөгжимгүй гуйвраар  болгодог байлаа. Иймээс өөрийн хөгжмийн салаатай болгосон. Цэрэгжилт, жагсаалч байдалд тэр маш их хэрэг болдог. Мөн хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх ажилд ч тустай. Улсад нэртэй дуучин, тамирчид  манай байгууллагад бий. Одоо ч байгаа байх. П.Сэрдамба, Э.БадарУуган хоёр манай байгууллагад  байхдаа Олимпод амжилт гаргаж байсан юм шүү дээ. Сагсан бөмбөгийнОфицеруудбаг, гар бөмбөгийн лигийн баг хүртэл гаргаж байсан. Энэ бүхэн хамт  олон  нэгдэж нягтарч, гар нийлж ажиллахад нөлөөлсөн дөө. Хүн байнга сурч, туршлага хуримтлуулж байдаг. Энэ  сайхан байгууллагаас би олон зүйлийг сурч мэдсэн. Төрийн өндөр цолонд хүрч, одоо гавьяаны амралтаа аваад  сууж байна. Ингээд  шүүхийн шийдвэр гүйцэтгэх  бай­гуул­лагынхаа хамт олон, нийт бие бүрэлдэхүүнүе  үеийн удирдлагууд, гар нийлж баг болж ажилласан алба хаагчид, энэ салбараас тэтгэвэртээ гарсан ахмад настнууддаа  бүгдэд ньГенералуудын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, сайн сай­хан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *