М.Энхболдын ангийнхан “төгсч” чадах уу?

1-р сарын 8, 2018 10:14 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Парламент , Улс төр Уншсан: 32
1-8-2

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт долоон удаагийн сонгуулиар парламент бүрдүүлжээ.

Тэр бүх парламентын олон нийтийн дундах нэр хүнд янз бүр байсан ч яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаж ирсэн байдаг. Харин энэ удаагийн парламент буюу М.Энхболдын ангийнхан хугацаанаасаа өмнө тарж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм бэ. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараа тавина шүү” гэж мэдэгдлээ.

Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “…УИХ тарах ёстой. Тийм санаачилга гарвал дэмжихэд бэлэн байна” гээд мэдэгдчихсэн.

Ер нь энэ удаагийн УИХ тарах нөхцөл байдал хэдийнээс бүрдэж, хөрс суурь нь бэлтгэгдсэн гээд хэлчихэд хэтийдэхгүй.

“Зууны мэдээ” сонин ч 2017 оны арваннэгдүгээр 6-нд “Цорын ганц гарц бол УИХ тарах” гээд бичиж байлаа. Түүндээ “…Есөн шид нь бүрэлдэнэ гэж муухай үг байдаг. Шуудхан хэлчихье, Монголын төр түүн шиг л болсон байна.

Хэвлэлд гарч байгаа мэдээллээр 33-ын бүлэг нь дахин задарч “Их 10” гэдэг бүлэг мэндэлсэн гэж байна. Нэр бүхий 10-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүг чигийг алтан гадас шиг заагаад, том том томилгоо, шийдвэр ярьцгаан, “Энканто” гэдэг газарт тоорой шарж, тоглосон шиг суудаг болсон гэнэ.

Тэднээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үзэн яддаг 32-ын бүлэг гэж бий. Бас 33-ын бүлгийн буурийг сахиж үлдсэн Сү.Батболдын фракцынхан голлосон хэсэг байна. МАН иймэрхүү бүрэлдэ­хүүнтэй УИХ дээр ажиллаад байгаа бололтой юм.

…Ёстой л эмгэнэлт, инээдмийн драм гэдэг шиг хачин юм болжээ, Монголын улс төр. Тиймээс одоо  Монгол төрийг цэвэрлэх, энэ муу муухайгаас бага ч болов ангижрах цорын ганц гарц байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь УИХ тарах юм. Монголын улс төрийн өнөөдрийн завхрал парламент дээр л болж байна. Түүнчлэн хаа хүрэх нь тодорхойгүй болсон энэ Засгийн газрыг парламент л томилсон юм. Тэгэхээр энэ цэвэрлэгээ парламентаас л эхэлбэл зохих ажээ” хэмээн бичиж байсан юм.

Энэ байдал улам бүр лавширч байх шиг байна. Шуудхан хэлэхэд, энэ парламент ёстой авах юм алга. Байсгээд л хэн нэг гишүүнтэй нь холбоотой “үзлийн” асуудал дэгдэнэ. “Бандааш”-ны асуудалтай гишүүн нэг байснаа, хоёр боллоо. УИХ-ын гишүүн Д.Мурат гэдэг хүн “хэрэг” тарьсан бололтой юм. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүний нөхөр, хүргэн хоёр нь нэгэн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуугиж эхэлж байна. Мөн энэ парламентад концессын гэрээ, хүн амины хэрэг, нүүрсний гэрээний наймаанд холбогдсон гишүүд бий. Бас дээрээс нь бүхэл бүтэн намыг хууль бусаар өөрийн болгохоор дээрэм хийсэн, чуулганы хуралдааныг байнга тасалдаг, хүчингийн хэрэгт холбогдсон гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуульчид хөндөөд байна.

Энэ мэтээр М.Энхболдын ангийнхан бүрдсэнээсээ хойш шийдсэн асуудалгүй, дуулиан шуугианы эзэд голдуу хэдэн хүний цуг­луулга болохоо баталсаар өнөөг хүрэв. Бодит байд­лыг харвал тэд “төгсч” чадалгүй, наана нь тарс­наараа Монголын парламентын түүхэнд анхдагч болж үлдэх вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Sildenafil Levitra online cialis Fluoxetine Buy By Money Order Amoxicillin Taste Better

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *