М.Батчимэг: Жижиг нам, эмэгтэйчүүдэд халгаатай шийдвэр гаргалаа

4-р сарын 27, 2016 9:22 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Парламент , Улс төр Уншсан: 84
4-27-7

Д.ГЭРЭЛ

Цэц Сонгуулийн тухай хуульд УИХын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлсэн сонгуулиар сонгоно гэсэн заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг УИХын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Хуралдаанд УИХын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, А.Бакей, Л.Цог, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Г.Батхүү, С.Баярцогт, Ц.Дашдорж гэсэн 11 гишүүн оролцсон бол УИХын гишүүн Р.Гончигдорж санал хураалтад орохгүй хэмээн нэрээ татсан юм. ТэрээрҮндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа. Цэц үнэхээр шүүх юм бол нэг агуулгатай асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Тэр дундаа сонгуулийн тогтолцооны тухайд биш, сонгуулийн хэлбэрээр нь шууд, шууд бус гэж үзэж байнагэдэг тайлбарыг хийв.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан УИХын гишүүн М.Батчимэг Цэцийн хуралдаанд УИХын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулсан бол зарим гишүүн энэ дүгнэлт нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж байгааг ч хэлсэн. Гишүүдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

М.Батчимэг:

Үндсэн хуулийн бус гэдэг шийдвэр гаргаад байна. Тэгвэл Цэц өнөөдрийн байгуулагдсан УИХ, Засгийн газар эрх зүйн чадамжтай гэж үзэж байна уу. Хувь тэнцүүлсэн тогтолцоог намын жагсаалт гэж ойлгож болохгүй. Нийгмийн санаа бодлын тусгал болсон хувь тэнцүүлсэн тогтолцооны үр дүнд иргэдийн санал тэнцвэртэй гардаг. Энэ тогтолцооноос ухарснаар улс төрөөс эмэгтэйчүүд болон жижиг намууд шахагдана. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах боломжгүй болно

Д.Лүндээжанцан:

Намайг орон нутагт томилолтоор ажиллаж байх хойгуур УИХыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байсан. Энэ байнгын хорооны гишүүний хувьд М.Батчимэг гишүүнтэй санал нэг байна. Би энэ талаар Цэцийнхнээс асуухадЖагсаалтад мэдээлэл гаргасан. Өөр бусад хэсэгт хамаардаггүйгэсэн хариулт өгсөн. Мөн УИХаас шинээр баталсан хуульд Цэцийн дүгнэлт гаргасан учир дараагийн УИХ, Засгийн газарт хамааралгүй гэсэн.

М.Батчимэг:

Цэцийн дүгнэлт олон эргэлзээ үлдээж байна. Цэц яг энэ асуудлаар 2012 онд маргаан үүсгэхээс татгалзаж байсан бол энэ удаад Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Гэтэл дэлхийн улс орнууд сонгуулийн шууд тогтолцооноос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжиж байна. Цэц дэлхийн улс орнуудын чиг хандлагыг анхаарч үзсэнгүй. Цэцийн шийдвэр нь сонгогчдын санал гээгдэх, жижиг намууд, тэр дундаа иргэдийн талаас илүү хувийг төлөөлдөг эмэгтэйчүүд төрийн эрх барих байгууллагад сонгогдох үүд хаалга хумигдахад хүрэх сөрөг үр дагавартай юм.

С.Баярцогт:

Намын жагсаалтаар УИХд сонгогдож байгаа нь хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хуваах буюу хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй

С.Дэмбэрэл:

Би жагсаалтаар сонгогдсон. Цэцийн энэ удаагийн дүгнэлттэй холбогдуулан бусад орны нийтлэг жишиг хандлагыг ажиглахад дэлхийн ихэнх оронд парламентын гишүүдээ намын жагсаалтаар шууд сонгодог, үүнийгээ хуульчилж өгсөн байдаг юм байна. Ингэж сонголоо гээд Үндсэн хуулийн шүүх нь маргаан үүсгэсэн тохиолдол үгүй юм байна. Тиймээс бид дэлхийн бусад орны ерөнхий жишиг, чиг хандлагыг анзаарч харж байх учиртай.

Х.Тэмүүжин:

Үндсэн хуульд байгаа шууд гэдэг ойлголтыг Үндсэн хуулийн цэц яаж тайлбарласан нь сонин байна. Харьцуулсан эрх зүй судлал, олон улсын жишгээр шууд гэдэг үг нь сонгогч саналаа шууд, нууцаар гаргана гэдэг санал гаргах эрхтэй холбоотой заалт юм. Тэрнээс сонгуулийн тогтолцоотой холбоотой заалт огт биш. Цэц сонгуулийн тогтолцоо, иргэн саналаа гаргах хоёрыг хольж тайлбар хийсэн юм шиг харагдаж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаан болон 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Их суудлын хуралдааны дүгнэлт байна. Энэ дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны оршин суугч Б.Цогтгэрэл пропорциональ 28 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан байгаа юм. Дөрвөн жилийн өмнө гаргасан энэ иргэний гомдлыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж шийдээгүй. Гэтэл гэнэт одоо яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж шийдэв. Үүнд нь хардлага төрөөд байна. Цэц улс төрийн захиалгаар даалгавар гүйцэтгэдэг гэдэг нь маш тодорхой. Дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаад Цэцээс тайлбар авмаар байна. Энэ шийдвэрийг УИХ хүлээж авлаа гэхэд 28 мандат нь Үндсэн хуулийн дагуу юм уу, үгүй юу гэх мэт асуудал үүснэ гэв.

Гишүүдээс М.БатчимэгСу.Батболд, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нарЦэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүйгэж кноп дарсан бол үлдсэн гишүүд нь дэмжиж байлаа.

Ингээд гишүүдийн 70 гаруй хувь нь зөвшөөрснөөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Levitra Contraindicaciones Cialis Mercado Libre cialis 5mg Buy Doxycycline For Acne Does Cephalexin Kill Coccidia Cialis 20 France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *