М.Батчимэг: Тогтолцооны хямралыг засах хоёр замын нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт

11-р сарын 17, 2015 9:56 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 67
11-17-2h

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийгУИХ-д өргөн бариад байгаа. Энэ удаад УИХ-ынгишүүн М.Батчимэгтэй хуульд эн тэргүүндорж болох хэд хэдэн өөрчлөлтийн талааронцолж ярилцлаа.

Манайд нүүрлээд буй эдийн засаг,санхүүгийн хямралын нэг гол шалтгаан ньтөрийн гурван институц, тэр дундаа хуультогтоох болоод гүйцэтгэх байгууллагуудынэрх мэдлийн хуваарилалт оновчтой бишбайгаагаас болж байна гэдэг дээр өнөөгийнулс төрийн хүчнүүд санал нэгтэй байгаа. Энэталаар таны байр суурь?

-Өнөөдөр манайд тулгарч байгаа олон бэрхшээл, тэр дундаа эдийн засгийн хүндрэлүүд нь засаглалын хямралаас үүдэлтэй. Улс төрийн хямрал нь эдийн засагтаа буугаад эцэстээ нийгмээ хямруулдаг. Тогтолцооны ийм хямралыг засах хоёр арга зам бий. Эхнийх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Харин нөгөөх нь гудамжны хувьсгал руу явах. Бид хоёр дахь замаар явахгүйн тулд цаг алдах ёсгүй. Олон нийт, улс төрийн эрмэлзэл, тохироо бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал зарим гишүүний хэлж байгаа шиг дахиад найм, есөн жилээр хойшлох эсэхийг бид хэлж мэдэхгүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эн тэргүүнд шийдэх зүйл бол УИХ-д байгаа Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлэх хэрэгтэй гэдэгтэй миний хувьд санал нэг байгаа. Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох, чөлөөлөх болон төсвийн эрх мэдлийг юун түрүүнд шилжүүлэх ёстой.

Эрх мэдлийн зөв хуваарилалтын үр дүн нь юу байх бол?

-УИХ-аас энэ эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлснээр өнөөдөр олон нийтэд сайд нарыг томилж чөлөөлдөг, мөнгө хуваадаг 76 дарга гэж харагдаад байгаа хүмүүс чинь энэ эрх мэдлээсээ салах юм. Өөрөөр хэлбэл, хууль бодлого хэлэлцэж батлах, ард иргэдийн төлөөлөл болж ажиллах гэсэн хууль ёсны үүргээ гүйцэтгэх боломжтой болно. Ингэснээр, хууль хэлэлцэх, иргэдийнхээ төлөө ажиллах сонирхолтой хүн л биш бол УИХ руу хошуурч улайраад байх сонирхол нь буурах болов уу. Харин энэ нөхцөлд УИХ Засгийн газартай харьцангуй тэнцвэртэй ажиллаж, хяналт тавих чадавхтай байхын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн гурван сая хүнтэй Монгол Улсад аль ч утгаараа багадаж байна гэдэг бодит амьдрал дээр мэдрэгдэж байна. Олон улсын жишгээр манайх шиг гурван  сая хүн амтай орны парламент дунджаар 130-150 гишүүнтэй байдаг. Энэ талаар эрдэмтдийн хийсэн судалгаа ч бий.

Та Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг байх тогтолцоог дэмждэгээ хэлдэг.Гэтэл Засгийн газарт энэ эрхийг өгснөөр эргээд УИХ-ын хяналтаас гарах вий гэсэн болгоомжлол бий.Үүнээс сэргийлэх хууль зүйн зохицуулалт, баталгаа бий юү?

-Дээр хэлсэн өөрчлөлтүүд дэлхийн парламентын засаглалтай орнуудад бүгдэд нь байдаг. УИХ, Засгийн газрын холилдсон эрх үүргийг ингэж салгах нь жам ёсны урт хугацааны түүхээр туршигдаж, үр дүн нь мэдэгдсэн зүйл шүү дээ. Харин үр дүнтэй ажиллахын тулд УИХ хяналт тавих чадавхаа сайжруулах ёстой. Түүнээс эрх үүргийг нь салгахаар Засгийн газар нь дийлдэхээ байна гэдэг яриа бол шаардлагатай өөрчлөлтийг хийхгүй байх шалтаг төдий. Эрх мэдэл нь салахаар аяндаа үүрэг, хариуцлага нь сална. Бие биеэсээ нэхэх хариуцлага ч сайжирна. Өнөөдөр хүнээ томилоод, мөнгөө хуваарилчихаж байгаа УИХ хэнээс хариуцлага нэхэх юм. Өөрийнх нь томилсон хүмүүс, өөрийнх нь хуваарилсан мөнгө шүү дээ. Тэгэхээр гүйцэтгэх бодит эрх мэдлээсээ салсан парламент Засгийн газрыг харин ч илүү хянана гэж бодож байна.

Тэгвэл хуваарилалтыг хийснээр ямар өөрчлөлт гарна гэж?

-Өнөөдөр хэн нь хэнийгээ хянаж, хэн нь ямар ажил хариуцаж байгааг хэлэхэд маш төвөгтэй. УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаг. Засгийн газар улс орны эдийн засаг, аж ахуйг авч явна гэдэг суурь зарчмыг Үндсэн хуульд тусгасан. Гэхдээ яаж хийхийг нь заагаагүй учраас Засгийн газарт байх ёстой сайдын томилгоо, төсөв мөнгөний эрх мэдлийг УИХ эдэлж байна. Нэг талаас гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлээд байгаа, нөгөө талаас хууль тогтоогоод, хянах гээд байгаа УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө хянаж чадах уу. Улс төрийн тогтворгүй байдалд хамгийн ихээр нөлөөлж, хүмүүсийг хүсээгүй байхад байнга хооронд нь тэмцэлдүүлж байгаа, эдийн засгийн чухал шийдвэрүүд нь гарч чадахгүй, улс орны хөгжлөөс хойш татаж байгаа гол хүчин зүйл энэ мөн. Мэдээж энэ асуудлыг нэг удаагийн хуулийн өөрчлөлтөөр өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй. Нийгмийн хөгжлийн өөрийнх нь зүй тогтол гэж бий. Яагаад энэ өөрчлөлт дээр УИХ, Засгийн газрын харилцаа хамгийн их анхаарал татаад байна вэ гэхээр хүмүүст хамгийн ихээр мэдрэгдэж, засах хэрэгцээ шаардлага нь тулгамдсан учраас тэр. Цаашид засаглалаа улам боловсронгуй болгох өөрчлөлтүүд цаг нь ирэхэд, нийгмийн шаардлага, хүмүүсийн ойлгож мэдэрснээр хийгдээд явах болно. Үндсэн хууль гэдэг онолоор тодорхойлогддоггүй, тэнгэрээс бууж ирдэггүй. Тухайн улсын хөрсөн дээр бодитой бууж байж ард иргэдийн амьдралыг зохицуулах чухал хууль юм.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол асуудал нь УИХ 99 гишүүнтэй болох тухай байгаа. ЭнэУИХ чадамжгүй байна, тиймээс тарах хэрэгтэй гэдгийг та хэлдэг. Гэтэл 99 гишүүнтэй болсноор байдалдээрдэх найдлага байна гэж үү?

-Өнөөдөр бид 76-хан гишүүнтэй ажилласнаар юу алдаж байгаа юм бэ. Нэгдүгээрт, УИХ нөлөөнд автамхай байна. УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудыг шийдэхэд байнгын хорооны хуралдаан хамгийн чухал. УИХ-ын нэгдсэн чуулганаар ихэвчлэн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг баталгаажуулдаг. Гэтэл байнгын хороо 19 гишүүнтэй, 10 хүнээр ирц бүрддэг. Зургаан хүн санал өгөхөд, ямар ч чухал шийдвэрийг батлах боломжтой гэсэн үг. Тиймээс өнөөдөр УИХ нөлөөнд автамхай байна гэдгийг үнэхээр үгүйсгэх аргагүй. Олуулаа ярьж хэлэлцэх тусмаа олон талын эрх ашгийг төлөөлж, нөлөөнд бага автсан шийдвэр гаргах магадлалтай. Хоёрдугаарт, тоо чанарын шууд хамаарал харагдаж байна. Өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг. Гэтэл бусад дийлэнх оронд нэг гишүүн нэг л байнгын хороонд харъяалагдаж, тэр асуудалдаа төвлөрч мэргэшдэг байх жишигтэй. Манай парламент жижиг байх ёстой гээд бүхэл бүтэн улсын аль нэг салбарыг хаяж, байнгын хороогоо татан буулгах боломжгүй. Тухайлбал, хөдөө аж ахуйн эсвэл нийгмийн бодлогын байнгын хороогүй байж болохгүй шүү дээ.

Тэгэхээр гишүүдийн тоо олон байх тусам энэ байдал үгүй болно гэж үү?

-Далан зургаан гишүүн байнгын хороодод хүрч хуваарилагдахын тулд 2-3 байнгын хороонд заавал ордог. Ингээд ажлын ачааллаас болоод бодит амьдрал дээр тэр бүр хуулиа нарийвчилж унших цаг зав гардаггүй. Тэр бүү хэл байнгын хороодын хурал давхцах үед хоёр танхимын хооронд гүйдэг. Ийм нөхцөлд чанартай судалж бодож боловсруулсан, мэргэжлийн байнгын хороогоор нухацтай хэлэлцэгдсэн хууль гарахад маш хэцүү. Тиймээс УИХ төсөв мөнгөний эрх, сайд нараа томилох, огцруулах эрх мэдлийг байх ёстой газарт нь буюу Засгийн газарт өгөөд, өөрөө хуулиа сайн хийж, хүчтэй Засгийн газраа хянаад явах ёстой. Харин ийм чадавхтай байхын тулд гишүүдийн тоог нэмэх шаардлага байна гэдэг харагдаж байгаа юм. Мэдээж энэ өөрчлөлттэй холбоотой хүмүүсийн болгоомжлолыг сайн ойлгож байгаа. Би ч гэсэн өнөөдөр яриад байгаа энэ хоёр эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлээгүй нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэвэл эсэргүүцнэ. 76 хүн эрх мэдэл дээр зодолдож байхад дахиад 99 болвол бүр хэцүү шүү дээ. Тэгэхээр эрх мэдлийг нь шилжүүлээд, олон улсын жишгээр үндсэн ажлаа хийдэг парламентын гишүүнээ нэмэх ёстой гэж бодож байна.

Харин олон жил яригдаж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа асуудалдямар хязгаарлалт тавихаар тусгасан бэ?

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж тусгасан. Мөн төсөлд есөн яамтай байхаар орж ирсэн. Магадгүй энэ тоог хэлэлцүүлгийн явцад ганц, хоёроор нэмэгдүүлэх шаардлага гарч болох юм. Төр ажлаа хийж чаддаг байх нь чухал болохоос биш яамдын тоо чухал биш. Үүрэг, зорилгодоо нийцэж явах ёстой. Тухайлбал, есөн яамаар бодвол гурван сайд нь УИХ-ын гишүүн байхад Засгийн газрын үйл ажиллагаа болоод УИХ-д Засгийн газар шууд үзүүлэх нөлөөлөл харьцангуй багас­на. Тодорхой хэм­жээнд үндсэн чиг үүргийн яамдын сайд нар Их хуралд байх нь УИХ, Засгийн газрын уялдаа холбоог сайн хангаж өгдөг гэсэн судалгаа, дүгнэлт бий.

Өөр нэг анхаарал татаж буй өөрчлөлт бол Ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилээр томилдог байх тухай.Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь ард түмний элч байна. Түүнчлэн иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгохэрхтэй гэж заасан нь энэ хуулийн төсөлтэй зөрчилдөхгүй юу?

-Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн учраас энэ зүйлийг ярьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай ярих боломжгүй. Төсөлд УИХ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нийлээд Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн заалт орж байгаа. Цаг хугацаа бага байгаа учир бид асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлж харах нь чухал. Бага хугацаанд бүх асуудлыг шийдэж чадахгүй ч байж магад. Тиймээс юуны түрүүнд Засгийн газарт эрх мэдлийг өгөх асуудал байна. Дараа нь УИХ-ыг чадавхжуулахын тулд гишүүдийн тоог нэмэх асуудал бий. Гуравдугаарт, маш тодорхой бөгөөд олон хүн дэмжиж байгаа асуудал нь Дархан, Эрдэнэтийн хотын статусыг шийдэх тухай юм. Энэ нь зөвхөн Дархан, Эрдэнэтийн иргэдийн асуудал биш Монгол Улсын хувьд ч чухал ач холбогдолтой. Улаанбаатараас гадна улс орныхоо эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын нэг төв болоод явах том хотууд байх нь Монгол орны эрх ашигт нийцнэ. Мөн Ерөнхийлөгчийг сонгох асуудал. Үнэхээр парламентын сонгодог засаглал руу шилжинэ гэдэг ойлголцолд олон нийт, улс төрийн намууд хүрч чадвал энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт хийх л зүйл. Харин энэ удаа цаг давчуу байхад ийм ойлголцолд хүрч чадах эсэхийг сайн мэдэхгүй байна.

Өнөөгийн хуульд заасан шүүх эрх мэдлийг цаашид ямар байдлаар тусгах нь зүйтэй гэж харж байна вэ?

-Өөрчлөлтийн гол зорилго нь засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг илүү боловсронгуй болгох. Хүний эрх зөрчигдөхгүй, цаашид дарангуйлал тогтох­гүй байх том батал­гаа бол төрийн үндсэн гурван том эрх мэдэл салангид бөгөөд харилцан биенээ хянах чадвартай байх явдал. Тэнцвэртэй бөгөөд хянах чадвартай гэсэн үг шүү дээ. Өнөөдөр шүүх эрх мэдэл улс төрөөс ихээхэн хамааралтай байна. Төдийлөн яригдахгүй байгаа ч цаашид бид шүүх эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг ярилцах л ёстой. Гэхдээ яг өнөөгийн байдлаар хүмүүсийн хувьд хамгийн их тулгамдаж, анхаарал татаж байгаа асуудал бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалтын асуудал байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

batnasan
2015 оны 11-р сарын 18

Tanai sonin tagnuulchaar undsen huulin asuudlaar yariulj bolohvuishte.Suhjargalmaa batchimegiin oroltsson undezni ayulgui baidlin barimt bichig mash muudsan bur hamgaalah chadamj ni 5 huvi bolson gegiig medej baina u

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *