М.Ахмет Язал: Монголчуудад 304 цэгт шууд нисэх боломж нээхийг хүсч байна

2-р сарын 7, 2018 9:29 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 24
2

С.УЯНГА

 Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмет Язалтай ярилцлаа.

 Турк, Монголын соёлын салбарт хийж буй томоохон ажил нь хоёр орны эрдэмтдийн багийн түүх, соёлтой холбоотой өв дурсгалыг тодруулах судалгаа юм. Энэ судал­гааны үйл явц, үр дүнгийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?

Хоёр улс соёлын салбарт олон жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Томоохон төслүүд хэрэгжиж байна. Соёлын салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг.

 Энэ хүрээнд Туркээс цөөнгүй эрдэмтэн ирж хамтарсан судалгааг эхлүүлсэн. Мөн Турк улсын Засгийн газар болон бусад олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Орхоны хөндий дэх музей, Түрэгийн гэрэлт хөшөөг хамгаалалтад авсан. Орхоны хөндийд хөшөө дурсгалыг хамгаалсан музей, авто зам барьсан. Налайх дүүрэгт байрлах мэргэн Тоньюкукт  жанжны хөшөөнд авто зам барьсан. МУИСийн Гадаад хэлний сургуулийн харъяа Турк судлалын тэнхим, ТИКАгийн хамтарсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Цаашид соёлын талаарх эрдэм шинжилгээний хурал үргэлжилж Налайхад буй мэргэн Тоньюкукт  жанжны хөшөөний дэргэд музей байгуулах ажлыг эхлүүллээ. Урт хугацаанд гэвэл Орхоны хөндийн музейг өргөжүүлж үйл ажиллагааг нь сайжруулахыг зорьж байна. Музей байгуулах асуудлаар Монголын талтай ярилцаж байна. Музейн үйл ажиллагаа эхэлсний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд бэлэглэлийн зарчмаар шилжүүлж өгнө. Түүхэн дурсгалт газрыг хамгаалаад орхих биш аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутагт нэмэр болох эдийн засгийн үр нөлөөг авчрах ёстой. Туркийн архитекторууд зураг төслийн ажлаа эхэлсэн.

Бидний хамгийн их хүчин чармайлт гаргаж байгаа нэг төсөл бол энэ оны зургадугаар сард Турк, Монголын эрдэмтэд хамтарч чуулна. Туркээс 130 орчим профессор, эрдэмтэн ирнэ. Уг нь  100 орчим хүнийг урьж авчрах төлөвлөгөөтэй байсан ч хүсэлт 130 даваад байна. Монгол Улсаас мөн адил нэр хүндтэй  эрдэмтэд оролцоно. Бидний түүхийн өв соёл хэчнээн өргөн цар хүрээтэй юмЭнэ өв санг олон жилийн турш эрдэмтэдтэй хамтарч судлаад баршгүй гэдгийг харуулж байгааг хэлмээр байна.

 –Хоёр улсын бизнес, худалдааны салбарт ямар хөгжил дэвшил  гарсан гэж бодож байна вэ?

Худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгааХудалдааны салбарыг ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газрын хамтарсан эдийн засгийн комиссын хуралдааны үеэр өргөн хүрээнд хэлэлцэнэ. Энэ үеэр Турк, Монголын хамтарсан бизнес форумыг зохион байгуулна. Нөгөө талаас Монголын дотоод зах зээл, бизнесийг Туркийн бизнес эрхлэгчдэд таниулах, сурталчилах ажлыг хийнэ. Туркээс ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх асуудлыг ч хөндөнө.

Хоёр улсын гадаад худалдааг өнгөрсөн жилээс нэг дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 30 сая ам.доллар байсан. Бидний зорилт бол үүнийг 300-500 сая ам.долларт хүргэх юм. Үүнийг хэцүү зүйл биш гэж харж байна.

-“Turkish airlines” компанийн нислэгийг шууд болгох яриа хэлэлцээ ямар шатанд байна вэ. Ер нь хоёр орны  зам тээвэр, агаарын салбарын хамтын ажиллагаа хэр өргөжиж байна?

Хоёр улсын Засгийн газар хоорондын иргэний нисэхийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж “Turkish airlines” компанийн нислэгийг долоо хоногт долоон өдөр гаргахаар ажиллаж байна. Бидэнд нислэгийн хязгаар тавигдсан байдаг. Энэ бол долоо хоногт хоёр улсын хооронд 500 суудлын хязгаар бий. Энэ хязгаарлалтын хүрээнд долоо хоногт том онгоцоор хоёр удаа юм уу, жижиг онгоцоор гурван удаа нислэг үйлдэх боломжтой. Иргэний нисэхийн салбарт долоо хоногт шууд нислэгийн тоо гурваас буурсан тохиолдолд алдагдал хүлээдэг. Хэлэлцээрт заасан 500 суудлын хязгаарлалтыг цуцалсан тохиолдолд 6-7 цагаас илүү богино хугацаанд зорчих боломжтой. Энэ хязгаарлалт Монголыг зорин ирж байгаа бизнес эрхлэгчид, жуулчдын тоог хязгаарлаж байна. Хоёр улсын зорчигчдыг илүү тухтай нислэгээр богино хугацаанд тооны хязгааргүйгээр тээвэрлэх нь бидний үүрэг. Монголчууд хүссэн үедээ Европын хамгийн шилдэг авиа компаниар дэлхийн 304 цэгт шууд нислэг үйлдэх боломж нээхийг хүсч байна. Яриа хэлэлцээ Монголын албаны хүмүүстэй үргэлжилж байгаа.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн хөтөлбөрийн чиглэлийг өөрчлөх талаар өмнөх уулзалт дээр мэдэгдэж байсан. Хөтөлбөр хэр амжилттай хэрэгжиж байна вэ?

ТИКАгийн хувьд орон нутгийн удирдлага, төрийн байгууллагуудын хүсэлтийг үндэслэж төслөө хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, манай сургуулийг засвар хийхэд туслаач гэсэн төсөл ирүүлэхэд сургуулийн захирлаас өөр хэн ч мэддэггүй. Орон нутгийн удирдлага, төрийн байгууллагууд асуудлынхаа хэрэгцээ шаардлагыг илүү сайн мэдэх юм болов уу гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, юунд илүү хөрөнгө оруулах ёстой юм гэдгийг мэдэх боломжтой. Нөөц бололцоогоо зөв салбарт үр ашигтай ажилд зарцуулахыг зорьж байна. Энэ өөрчлөлтийн үр дүнд эерэг хандлага гарч байгааг тэмдэглэх хэрэгтэй. ТИКА байгууллага өнгөрсөн хугацаанд 500 гаруй төсөлд гарын үсэг зурснаас 2017 онд 80 орчим төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн тогтвортой байдал, хэрэгжилтэд бид анхаарал тавьж байна.

Турк сургуулиудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх үү. Төгсөгчид хохирох асуудал бий юу?

Монголд байгаа сургуулиуд Туркийн Засгийн газартай  холбоогүй. Сургуулийн удирдлагууд 2016 онд Туркт болсон төрийн эргэлт, томоохон хууль бус үйл ажиллагаанд оролцсон террорист бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын хэлбэрээр холбоотой болохыг тогтоосон. Нөгөө талаас тэнд суралцагсад болон эцэг эхчүүдтэй асуудал байхгүй. Тэдэнд итгэдэг. Харамсалтай нь сургууль аж ахуйн нэгжийн олж байгаа орлогоос хууль бус үйлдлийг санхүүжүүлнэ гэдгийг бид огт хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс  нэр бүхий таван сургуулийн төгсөгчдийн дипломгэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг гаргасан. Тогтоол 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Сурагчдын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэлд хүрэх талаар Монголын талын хүмүүстэй яриа хэлэлцээ хийж байна.

Турк, НАТОгийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

Турк бол НАТОд олон жил хүчээ өгсөн үнэнч хамтрагч. Одоогийн нөхцөл байдлын хувьд тухайн бүс нутгийн аюулгүй байдал, эрсдэлтэй холбоотой асуудал юм. Турк улс Сири, Иракыг нийлүүлээд 1200 км хуурай замаар хиллэдэг. Тухайн хилийн бүс нутагт олон тооны террорист бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жилүүдэд олон удаагийн алан хядах үйл ажиллагаа явагдсан. Дэлхий нийтийн анхаарлаа хандуулж байгаа гол бүлэглэл болох ДАЕШ Турк улсад ноцтой хохирол учруулж байна. Туркийн зэвсэгт хүчин лалын улсын олон мянган террористыг аюулгүй болгосон. Товчхондоо бол заналхийллийн эсрэг Турк улс өөрийгөө хамгаалахаас өөр аргагүйд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд террорист бүлэглэлүүд Туркийн хил доторх энгийн иргэдийн амьдарч буй хот тосгонд 700 удаа халдсан. Турк улс Африн дахь цэргийн ажиллагаагаа олон улсын хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа. Олон улсын идэвхтэй дэмжлэг туслалцааг ч мөн хүсч байна.

Дээрх бүс нутгуудад манай улсын иргэд ажиллаж, амьдарч байна уу?

Бидний мэдээллээр бол байхгүй. Тухайн улсад амьдарч байгаа гадны харъяалалтай иргэдээс үл хамаарч энгийн иргэдийг цэргийн ажиллагааны үеэр амь эрсдэх, эрүүл мэндэд нь хохирол учрахыг дээд зэргээр сэргийлэх зарчмыг баримталж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *