Лондонд халдлага болж таван хүн амь насаа алдлаа

3-р сарын 24, 2017 8:38 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 38
3-24-4

Н.МӨНХЖИН

Их Британийн парламентын ордны гадаа, Вестминстер гүүрэн дээр халдлага гарсны улмаас таван хүн амиа алдаж 40 хүн шархдаж бэртээд байна. Автомашин  жолоодож явсан балмад этгээд гүүрэн дээр явж байхдаа явган хүний зам руу орж хүмүүсийг дайрч гурван хүний аминд хүрчээ. Дараа нь парламентын ордны хашааг автомашинаар мөргөж хамгаалалтыг эвдэх гэж оролдсон байна. Улмаар автомашинаас гарч парламентын ордон руу нэвтрэх гэж гүйж байхдаа саад болсон цагдаа руу дайрч хутгалжээ. Үүний дараа цагдаа нар ирж танхай этгээдийг буудаж устгасан байна. Хутгалуулсан цагдаа эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж. Тэр бол СкотландЯрд буюу Британийн цагдаагийн албанд 15 жил ажилласан Кит Палмер байсан юм.

Британийн парламентын ордны гадаа халдлага үйлдсэн этгээд хэн болохыг тодруулсан хэмээн СкотландЯрдын терроризмын эсрэг хэлтсийн тэргүүн Марк Роули мэдэгдлээ. Гэвч түүний нэр, хаанахын иргэншилтэй зэргийг зарласангүй. Энэ нь ард иргэдийн дунд айдас хүйдэс бий болгох гэсэн санаатай террорист халдлага хэмээн үзэж байна. Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газрын онцгой хуралдааныг зарлажээ. “Халдлага үйлдэх газрыг санаатай сонгож авсан. Алан хядагч манай нийслэлийн зүрх болсон, бүх улс үндэстний хүмүүс цугладаг газарт цохилт өгөхийг зорилгоо болгожээхэмээн Т.Мэй ярилаа. Их Британид террорист халдлага гарах аюултай хэмээн үзэж, цагдаа тусгай хүчнийхэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Халдлага үйлдсэн этгээд нь ази төрхтэй, 40 орчим насны хар хувцастай сахалтай эрэгтэй байсан, мөн автомашинаас бууж ирэхдээ хоёр гартаа том хутга барьсан байсан хэмээн гэрчүүд өгүүлж байна. Цагдаа нарт буудуулсан тэр этгээд эмч нарыг ирэхэд амьд байсан ч удалгүй шархныхаа улмаас амьсгал хураажээ.

Халдлагын улмаас парламентын ордныг Лондоны тусгай цагдаагийн ажилтнууд хамгаалалтад авч, Ерөнхий сайд Тереза Мэй болон парламентын гишүүдийг ордноос гарахгүй байхыг сануулж байв. Вестминстерийн ордныг таван цаг хаасны дараа улстөрчдийг нягт хамгаалалт дор ордноос гаргасан байна. Халдлага үйлдсэн этгээд нь ганцаараа байсан хэмээн СкотландЯрдаас мэдэгдэв. Мөн түүнд хамсаатан байсан эсэхийг шалгаж байгаа аж. Хамсаатан байсан бол мөн иймэрхүү аллага үйлдэх магадлалтай тул цагдаа, тусгай хүчнийхэн сонор сэрэмжээ дээд зэргээр дээшлүүлээд байна.

Эрх баригчид халдлагад өртсөн хүмүүс хэн болохыг тогтоожээ. Халдлага болох үеэр Вестминстерийн гүүрэн дээр Францаас ирсэн сурагчид байсан аж. Тэдний гурав нь автомашинд мөргүүлэн бэртжээ. Мөн гүүрэн дээр явж байсан гурван цагдаа, дөрвөн оюутан дайралтад өртсөн байна. Хүнд гэмтэл авсан 12 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэлээ. Найман хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн аж.

Одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэг хэт даврагч байгууллага хүлээгээгүй байна. Энэ нь автомашинаар хүмүүсийг дайрсан Францын Ницца, Германы Берлин хотод болсон халдлагатай адилхан байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Мөн Израильд ийм халдлага гарч байсан билээ. Европт болсон эдгээр халдлагыг “Исламын улс” бүлэг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрч байв.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *