Лицензийн хар сүүдэр

6-р сарын 21, 2012 12:27 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 426

Доктор   Ш.ПҮРЭВСҮРЭН          

Их Монгол улс бай­гуу­лагдсаны 800 жилийн ойг орон даяар тэмдэглэж байсан цагаас хойш зур­гаан жил өнгөрчээ.  Гэвч тэр өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийг эрх ба­ригчид лиценз нэрээр ху­ваан авч, харийнханд 70 хүртэл жилээр түрээслэх, худалдах эрх олгосон хуу­лийг хоёрхон хоногийн өмнө нь шинэчлэн баталс­ныг мэдэх хүн хөөрсөн олны дотор тун цөөхөн байлаа.  1924 оны анхны Үндсэн хуульд газрыг улсын өмч хэмээн тус­га­сан байсан учраас га­зартай холбоотой бүх ха­рилцааг төр дангаараа зохицуулах эрх мэдэлтэй байв.  Харин ардчилсан засаг төр тогтсоноор энэ харилцаанд зарчмын өөрчлөлт орж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд томьёолсноор “Газар  ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гээд заачихсан юм. Харамсалтай нь үүнээс тавхан жилийн дараа буюу 1997 онд ашигт малтмалын хуулийг бараг гадныхны захиалгаар гэлтэй, хам хум баталж орхисны уршгаар Үндсэн хуулийн дээрх заалтыг эрх мэдэлтнүүд уландаа гишгэж, уул уур­хайг дэмжиж улс орноо хөгжүүлэх лоозон өлгө­чихөөд харин газар нутгаа гадныханд сорчлон  зарах их наймаанд ханцуй шам­лан орцгоосонтой одоо хэн ч маргахгүй биз ээ.

Ашигт малтмалын хуу­лийг батлагчид “Монгол оронд хөрөнгө оруулагчдыг далласан хууль” болсон хэмээн тэр үед тунхаглан сүржиг­нэлдэж байсан боловч үнэн хэрэгтээ Монголын баялгийг харийнханд үнэгүй бэлэглэн дараа нь өөрсдөө дааж давшгүй өрөнд орох үүд хаалгыг нээж өгсөн гэж би хувьдаа боддог. Бидний хийж бай­сан судалгаагаар зөвхөн Сэлэнгэ аймгийн нутагт 1997-2000 онуудад 35 лиценз олгогдож байсан бол 2000-2004 онд 480 лиценз тараагдаж, Мандал сумын нутаг 100 хувь “ли­ценз­л­эгдэж”, Ерөө сумын нутагт 247  ашиглалтын лиценз  хэн нэгэн овс­гоотны гарт орон худал­даг­даж эхэлсэн байлаа. Хууль батлагдсаны да­раахнаас алтаар баялаг энэ нутагт  Оросын “Алтан дорнод” компани  40ш, Өмнийн говийг тэр чигээр нь эзэгнэж байгаа “Айвенхоу Майнз” хүртэл ашиглалтын 12 лиценз авчихсан байгаа гээд бод доо. Өнгөн дээрээ лиценз эзэмшигч  нь хэнбугай ч байж харагдах боловч, газар нутгийн далд наймааны жинхэнэ эзэд нь төрийн өндөр албан тушаалтнууд. Хэрэв хү­мүүс мартаагүй бол Гер­маны “Шпигель” сэтгүүлд ч энэ тухай бичигдэж л байсан. 

Энэ хуулийг даруй өөр­чилж засаж зал­руулахгүй бол алсдаа улс орныг эгзэгтэй хүнд бай­далд хүргэж болзошгүйг манай нэрт эрдэмтэд, суд­лаа­чид, ТББ, хөдөлгөө­нүүд олон удаа ярьж, би­чиж, жагсаал цуглаан хийж шаардсанаар нийт­лэлийн эхэнд дурьд­санчлан УИХ  2006 оны долдугаар сарын 8-ны өдөр буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жи­лийн наадмын яг өмнөхөн нэмэлт өөрчлөлт хийсэн дүр эсгэн Ашигт малт­малын тухай хуулийг ба­раг хуучнаар нь буцаагаад баталчихсан билээ.

Нэгэн зүйл. Ашигт малтмалын хэрэгжүүлэх, хяналт тавих онцгой эрхийг Засгийн газар,  тодруулбал яамны нэгэн агентлаг, бүр АМХЭГ-ын даргын мэдэлд өгснөөр Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах хэмжээнд хүрсэн талаар олон хүн харуусан ярьдаг. Уул уурхай хөгжсөн орнуудын жишгээс харахад тухайн орон нутагт компани нь лиценз эзэмшихийн тулд санхүүгийн болоод техно­логийнхоо чадварын хувьд өрсөлдөхүйц гэдгээ ха­руулсан бүх үзүүлэлт, ба­та­л­гаажсан тайлангуудаа вэб сайтдаа байршуулж, зар­лагдсан нээлттэй тен­дерт өрсөлдөн ялж эрхээ олж авдаг жаягтай байдаг. Манайхан шиг хэн нь үл мэдэгдэх нэг нөхөр хэдэн зуугаар нь лиценз ямар ч замаар юм бүү мэд олж авчихаад “зарна” гэсэн пайз зүүчихээд Эрээний зах дээр явдаг жишиг дэлхийд хаа ч байхгүй.

Нэгэн зүйл. Өнөөдөр мөрдөгдөж буй Ашигт млтмалын тухай хуулийн 17.4-т “Нэг тусгай зөв­шөөр­лөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гекта­раас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. 17.5. Нэг хуулийн этгээ­дэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй” гэж бий. Энэ мэт балмад заал­туу­дын хар балгаар нэг хүний хувийн эзэмшлийн компанийн нэр дээр хэдэн зуун лиценз бүртгэгдэн  сая, сая га газар гараас гар дамжин зарагдаж, Мон­голын нутгийг бүрхсэн газрын их наймаа нь энэ өмчийн эзэн ард түмэн, түүнийг хамгаалах үү­рэгтэй төр гээчийн хянал­таас хэдийнэ гарсан байна. Мөн орд бүхий газар нутгийг эхлээд 30 жилээр эзэмшиж, дараа нь 20, 20 жилээр сунгах эрхийг нь олгохдоо тухайн хуулийн 26.3.2-т зааснаар “Ажлын гурван өдөрт баг­таан 30 жилийн хугацаа­гаар олгох” гээд биччих­сэнээс харахад л энэ хуу­лийг хэний эрх ашигт нийцүүлж хийсэн нь илэрхий. Жирийн иргэд маань амьдарч байгаа ха­шааныхаа алга дарам газрынх гэрчилгээг ава­хын тулд хэдэн хоног сараар өчнөөн байгуул­лагын хаалга үүд сахиж, яаж үйлээ үздэг билээ.

 

Нэгэн зүйл. Энэ хуу­лийн 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төл­бөр эхний жилд 0,1 ам доллар, II жилд 0,2$, III жилд 0,3$,   IV-VI жилд 1,0$, VII-IX жилд тус бүр 1,5$ байна.  Мөн 32.3-т Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь га тутамд 15$, харин нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд га тутамд 5 ам.доллар байна” гэсэн заалтууд буй. Одоо­гоос 150 жилийн өмнө Оросын эзэн хаан II Александр Аляскийн хойгийн эзэнгүй их хөлдүү тайгын нэг га-г таван центээр үнэлэн  АНУ-д зарсан тухай яригддаг байсан болохоос алт эрдэнэсээр арвин баялаг нутгаа гектарыг нь 10 центээр үнэлэн түрээ­сэл­дэг мунхаг хуультай улс орон гэж би л хувьдаа сонсоогүй юм байна. Али­ваа эд хөрөнгийг үнэ­гүй­дүүлж байгаад хувьчилж, тэндээсээ дараа нь асар их ашиг унагадаг аргыг зах зээл эхэлсэн ерээд оноос манай овсгойтнууд гайгүй сайн эзэмшсэн. Яг ийм замаар СЭВ-ийн орнуудын тусламжаар 40-50 жил босгосон үйлдвэр аж ахуйн газруудыг 4-5-хан жилийн дотор бүгдийг нь дампууруулсан шүү дээ. Одоо бид эх орон газар нутгаараа  ингэж “наа­даж” хэрхэвч болмооргүй.

 

Нэгэн зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг шил­жүүлж болно. 51.1-д … банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно” гэсэн заалтууд буй.

Зөвхөн энэ хоёр заалтыг хуульд оруулснаар Ашигт малтмалын хууль гарсан өдрөөс эхлэн улс төрийн хүчнүүд бие биенээсээ уралдан газар нутгаа яаж зохистой ашиглах талаас нь биш, гаднынханд хурдан түргэн дамлан худалдаж ашиг олох сонирхлын үүднээс хувааж авах ажилдаа чухам ханцуй шамлан орц­гоо­сон билээ. Эзэм­ших эрхээ алга урвуу­лахын төдий өмчлөх эрх болгон өөрчилж, хотон дахь бог борлон шигээ зарж наймаалцдаг хуультай орон энэ орчлонд манайхаас өөр хаа ч бай­даггүй. Лицензийн барь­цаанд хуурагдсан хичнээн ч банк дампуурав даа. Наймаачдын гар дээр одоо эргэлдэж байгаа 5000 гаруй лицензийг нэг­бүрчлэн шалгаж, авилгын  энэ аймшигт торон сүл­жээг задлахын тулд одоо­гийнх шиг орон тоотой АТГ арвыг нэмж бай­гуул­сан ч хүчин мөхөсдөх буй заа.

Өнөөдөр газрын наймаач­дын хөлд өртөөгүй аймаг, сум, баг, бригадыг Монголын нутгаас хайхад хэцүү. Лиценз эзэмшигч улсуудын жагсаалтыг ажи­хад Хятад-232, Солон­гос-70, Австрали-28, Ир­ланд-1, Кайманы арлууд-59, Орос-248, Канад-76, Унгар-2, Бермуд-156, Малайз-1, Япон-141, Герман-16, Люксембург-8, Болгар-8, Бельги-1, АНУ-12, Украйн-3,  Багами-98, Шинэ Зеланд-36, Англи-443, Чех-4, Франц-14, Антигуа, Барбода… гээд зарим нь дэлхийн газрын зураг дээр хаа байдаг нь мэдэгдэхгүй шахам улсууд харагддаг юм билээ. Ийнхүү Монгол Улс өнөөдөр хүс­сэн болгонд нь газар нут­гаасаа мянга мянган га-гаар, хамгийн хямд үнээр, 70 жил хүртэл хугацаагаар зарах, худалдах эрхийг нь дагуулан эзэмшүүлдэг дэл­хийд хосгүй өгөөмөр засаг төртэй орноор тод­роод байна. Энэ тухай 2005 онд Лондонд болсон дэлхийн уул уурхайн том хөрөнгө оруулагчдын ху­рал дээр Айвенхоу Майнз компанийн захирал ноён Фрийдланд “Бид монголд Итали, Япон шиг том газар нутгийг эзэмшиж байна. Энэ асар их газар нутаг баялгийг би Монголын төр засаг, удирдлагуудын сэт­гэл харамгүй тусламжийн ачаар авсан” гэж сайрхан тэнд хуран цугласан олныг алмайруулж байв.

Хоёр жилийн өмнө Ерөн­хийлөгч ашигт малт­малын тусгай зөвшөөрөл олгох, лицензийг шил­жүүлэн наймаалдгийг зог­соох үүрэг өгсөн боловч хэрэгжилт үр дүн нь өнөөх “урт нэртэй хуулийн” нэгэн адил урагшлахгүй байна.  

Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал нь улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай салшгүй хол­боотой. Үе үеийн эх оронч баатарлаг эрс энэ газар нутгийг эрдэм ухаан, авьяас билиг, хөлс цусаа  урсган байж өнөө vеийн бидэнд өвлүүлж vлдээсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсыг гаднаас нь харахад бүрэн бүтэн мэт харагдавч, дотроо өтсөн гүзээтэй тос шиг болчихсон нь гол харламаар. Бид нэгэнт лицензээр 40-50 жилээр харийнханд эзэмшүүл­чих­сэн нутгаа эргүүлээд авья гэтэл лицензийн эздийнх нь аманд орсон үнээр худалдан авахаас өөр аргагүйгээр урхидуулсан байна. Ойрхоны ганц нэг жишгээс харахад тэдний лицензийг цуцлахад тэрбум, тэрбум долларын нөхөн төлбөрийн асуудал яригдсан. Иймэрхүү маягаар хэдэн мянган лицен­зийг цуцалж, най­маачдын гараар орсон га­зар нутгаа эргүүлэн авахын тулд сая, сая дол­лараар өмгөөлөгч хөлслөн  олон улсын шүүхийн хаалгыг дараагийн хэдэн жил сахиж таарах нь.  Хатуу­хан хэлэхэд улс үндэстнээ хэдэн ногоон цаасны золиосонд ийм байдалд хүргэсэн  өнөө­гийн эрх баригчдыг бид эх орноосоо урвагчдын зиндаанд авч үзэхэд буруудах юм алга.

XXI зууны эхэн энэ цаг мөч алсдаа Монголын түүхэнд томоос том толбо, бидний үр ач нарт хамгийн шившигт дурсамж болон үлдэх нь. Ашигт малтмалын хуульд дорвитой өөрчлөлт хийж лицензийн “но”-г нэн даруй хумих ажилд түрүү түрүүчийн их хуралд сууж, гадныхны захиалгаар “гал голомтыг маань самарсан хууль” батлахад гар бие оролцсон луйварчид лав тус болохгүй. Харин энэ нөхдийг цаашдаа Монгол төрийн хойморт гишгэх газаргүй болгох цаг нэгэнт болсон байна.

                   

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *