Либералчлал нэрийн дор Үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулчих вий дээ…

4-р сарын 9, 2018 8:42 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 66
энх амгалан

Б.ДОРЖ

 УИХын гишүүн Б.ЭнхАмгалантай ярилцлаа.

  –Хаврын чуулганы эхний өдөр байнгын хорооны хурал дээр та Иргэний нисэхийн либералчлалын асуудлаар ярьж байсан. Тойрог гэдэг утгаараа ярив уу, эсвэл өөр байр суурьтай байгаа юм уу?

Аль аль ньНэгдүгээрт, манай улс далайд шууд гарцгүй орон учраас стратегийн маш чухал ач холбогдолтой, үндэсний эрх ашигт онцгой нөлөөтэй салбар болох Монголын Иргэний Агаарын Тээврийг либералчлал нэрийн дор дампууруулчих вий гэж санаа зовсондоо. Хоёрдугаартбусдын болоод өөрсдийн алдааны том сургамжийг эргэж хараасай. Казахстан улс эрчим хүчний салбараа хувьчлаад маш хүнд байдалд орж байсан туршлага байна, Гүрж улс иргэний агаарын тээврийн билетийн үнээ бууруулах зорилгоор гадны авиа компаниудад найр тавиад асар хүнд байдалд орсон жишээ бий. Бид нефтийн бүтээгдэхүүний импортоос шууд хамаа­ралтай, энэ салбараа хувьчлаад юу боловМонголын төр хувийн компанийг царай алдаж, хэлэлцээрийн ширээний ард сууж, гуйж аргадах болсон. Үүнтэй адил иргэний нисэхээр хамаагүй оролдож нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Гуравдугаарт, энэ салбарт өмнө нь давтагдаж ирсэн алдаа дутагдлыг засч мэргэжлийн хүмүүсийнхээ дуу хоолойг сонсч долоо хэмжиж нэг огтлоосой, ниргэсэн хойно нь хашгирдаг богинохон ой санамжтай битгий байгаасай гэсэндээ л хэлсэн юм.

Та энэ салбарт либералчлал хэрэггүй гээд байгаа юм уу. Салбарын яамны бодлогыг буруу гээд байгаа юм уу. МИАТийг дагасан их олон асуудал байдаг биш үү?

Либералчлал энэ салбарт одоо ч явагдаж байгаа гэж би ойлгодог.  2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримт гарсан, түүнийгээ дагаж хэрэгжүүлж яваа, ажлын явц, үр дүнг нь мэргэжлийн үүднээс, зөв дүгнэж цэгнэх ёстой гэж бодож байна. Ер нь аливаа улс орны агаарын тээврээ либералчилсан туршлагаас харахад үе шаттай, хамгийн гол нь үндэсний тээвэрлэгч компаниудаа сайтар бэлтгэж байж хийсэн байдаг. Манайх эс­рэгээрээ бэлтгэгдээгүй, хүнтэй зүйрлэвэл дөнгөж хөлд орж ухаан сууж буй ганц хүүхэдтэй тэр нь МИАТ. Зөв явж буй процессыг буруу тийш мушгиж болохгүй, замаасаа гарна.

Нөгөөтэйгүүр либералчлалыг агаарын тээвэр нь хүчирхэг хөгжсөн улс орнууд дийлэнхдээ хийдэг. Учир нь энэ замаар өөрсдийн зах зээлийг улам томруулж, бэхжих боломжтой, харин бидний хувьд эсрэгээрээ байна. Манай үндсэн тээвэрлэгч МИАТ найман чиглэлд нисдэг, зургаахан онгоцтой, 670-800 орчим ажиллагсадтай. Монголын Иргэний Агаарын Тээврийн хөгжлийг манайх руу нисч байгааАйр Чайна”, “Аэрофлот”, “Корейн Айр”, Туркийн авиа компаниудтай боловсон хүчин, нисэх онгоцны тоо, нислэгийн чиглэл, хүчин чадал, туршлага, хөрөнгө санхүү, зах зээлд эзлэх байр суурь гэх мэт олон хүчин зүйлтэй харьцуулшгүй. Ийм нөхцөлд эрх тэгш, шулуун шударга өрсөлдөөн ярих утгагүй. Мэдсээр байж галын шугам руу зэвсэггүй гар хоосон илгээсэнтэй адил.

Бас нэг зүйл нт бид өмнөх алдаагаа санах хэрэгтэй. 2000 он хүртэл МИАТ 17 аймаг 100 гаруй суманд орон нутагт нислэг хийдэг байсан, либералчлал хийснээр өнөөдөр ямар байгааг бүгд харж байгаа. Энэ бол зайлшгүй шаардлагатай хийх ёстой байсан ч бэлтгэл хангагдаагүй, мөн чөлөөт өрсөлдөөнийг буруу зохицуулсаны үр дагавар. Тэгвэл одоо агаарын тээврийн либералчлалыг МИАТ буюу үндэсний агаарын тээвэрлэгчийн нисч буй олон улсын хэдхэн чиглэлд хийх тухай ярьж байх шиг байна. Зүйрлэхэд МИАТ Ази, Европын хэдхэн улсад нисээд түүгээрээ талхаа олж иддэг. Тэр талхных нь тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй. Хоёр хувааж иддэг байсан талхаа айлын том хүүхдүүдтэй хорь хувааж идэх тухай л асуудал. Хэн нь түрүүлж турж үхэх вэ бодоод үз.

Аялал жуулчлалын өсөлтийг хангах тухай ярьдаг, тэгвэл зор­чигч эргэлтийг нэмэхийн тулд эхлээд дэд бүтэцээ хий. Бид гад­ныханд ямар аялал жуулч­лалын шинэ бүтээгдэхүүн санал болгох юм бэ. Тэр бүтээгдэхүүнийг авахын тулд яагаад Монголд ирэх ёстой юм. Орон нутагт зорчих тав тухтай тээврийн хэрэгсэл, тэдний хүссэн хоол хүнс, ядаж бие засах орчин үеийн жорлон хэд билээ. Групп жуулчид нэгэн зэрэг олон чиглэлд авах  бэлтгэл бүрэн хангагдсан уу. Бид бэлэн юм уу? Улаанбаатарт авчраад асгачихаар мөнгө орж ирнэ гэж бодвол өрөөсгөл ойлголт. Улсын баяр наадам, зуны гурван сард л зорчигч нэмэгддэг гэхдээ нэг урсгалдаа, наадмын үеэр явах талд нь зорчигч бага, ирэх талд нь их. Наадмын дараа эсрэгээрээ байх жишээтэй. Үүнд зөв зохицуулалт хийх хэрэгтэй.

МИАТын үнийг буулгахын тулд чөлөөт өрсөлдөөнд оруулах гадны компанид нислэг хуваах тухай, МИАТ болохгүй байгаа гэж ярьдаг. Сүүлийн таван жил Европ чиглэлд зорчигч эргэлт 120.000-130.000 мянга байгаа, ерөөсөө нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа. Гэхдээ либералчилна, том жижиг, гадна дотных нь хамаагүй тэгш өрсөлдөөнийг бий болгоно гэдэг. Шатахууны үнэ өндөр талаар ярихаар өргөн нарийн цариг ярьдаг, төрийн яам бодлого гаргадаг бусад нь дагах ёстой гээд зогсч  байгаа яамны түшмэдийг ойлгохгүй байгаа. Хүн чинь эхлээд өөрт байгаагаа өөд нь татдаг биз дээ. Уулын бугыг хараад унасан морио голбол, морь ч үгүй буга ч үгүй болно. Либералчлал ярихын өмнө тэр дэлхийн зах зээлийн үнээс 20-25 хувь өндөр үнээр литр шатахууныг нь 1100 ам.доллараар шахдаг компаниудаа болиул. Гадны чихэр печень, чанаргүй хоол ундаа шахаад байдаг юм бол түүнийг нь болиул! Санхүүгийн сахилга бат зөрчсөн, үргүй зардал гаргасан, компанид ашиггүй хэлцэл хийсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооц! Данс тооцоог нь шилэн болго. Бүтэц орон тоогоо хэтрүүлээд байдаг бол цөөлж бүтцийг нь шинээр батал. Сахилга хариуцлагыг нь дээшлүүл. Төр өмчөө мэд, ТУЗийг нь өөрчил, хөндлөнгийн хяналттай болго. Төрийн Аудит дуртай цагтаа очиж шалгаж болдог болго. Энэ бол бидний дотоод зохион байгуулалтын асуудал. Алдаа дутагдал нь хаанаа байгааг ил гаргаад  тавьчих л даа. МИАТ дээр шахаа, луйвар хийсэн эрхтэн дархтан, эднийхийг сорж амьдардаг цөөхөн бүлэглэл чинь ичээд больдог юм байгаа биз дээ. Хамт олны буруу гэж юу байгаа юм.

Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг хавтгайруулан чичилж болохгүй. Энэ салбарт ажиллаж байгаа бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчнүүд чинь бид хасах 55 тэрбум байсан компанийг нэмэх 55 тэрбум болголоо, гадаадад урилгаар ажиллаж байна, олон улсын авиа компаниудын 55 дахь онгоцыг дотоод­доо засварлаж хү­лээл­гэн өглөө, урс­галаа нэмж байна, үр аш­гаа нэмэгдүүлж байна, үндэсний тээвэрлэг­чийнхээ үүргийг сайн биелүүлж байна, удахгүй долоон шинэ онгоц авна гэж ирээд л ярих юм байна шүү дээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Энэ хамт олонд урам өгч, төрийн зөв бодлогоор дэмжих ёстой.

Ойлголоо. Таныхаар иргэний нисэхийн салбарыг либералчлах, хувьчлах цаг нь болоогүй гэх гээд байна уу?

Төрийн яамны түшмэл үндэсний телевизээр ер нь гадны авиа компаниудын зарим хувьцааг арилждаг тухай, МИАТын зарим хувьцааг зарж болох талтайг ярьж байна лээ. Либералчлал, менежмэнтийн хувьчлал гэсэн гоё шошго дор төрийн өмчийг үнэгүйдүүлж дампууруулаад хувьчилж авдаг, өмнө нь явж ирсэн шиг зальжин бодлого байж болохгүй. Эхлээд төрийн шийдвэр гаргуулж чиний хоолыг булааж иднэ. Мэдээж чи өлсөөд ирэхээрээ гуйхгүй хаачих юм, тэр үед нь хямдхаан өөрийн болгоноШуудхан хэлэхэд би хардаж байна. Надад ингэж уншигдаад байна. Энэ салбар НИКийн хувьчлалын гашуун туршлагынТөрсөн дүүбайж таарахгүй. Туркийн эрх ашиг, Японы эрх ашиг гэж байдаг юм бол Монголын эрх ашиг гээд нэг юм байх ёстой биз дээ. тйимээс цаг нь болсон уу гэдгийг бодож үзээрэй дээ гэж хэлье.

Хөшигтийн хөндийг анх 250 сая ам.долларын өртгөөр барих шилжүүлэх концессын нөхцлөөр босох тухай яригдаж байсан санагдаж байнаОдоо 500 сая ам.доллар болсон, хөнгөлөлттэй зээл болсон, дээр нь менежментийнх нь 51 хувийг Япон тал, 49 хувийг Монгол тал авах тухай яригдаж байна. Хэзээ хэний хийсэн бодлогыг бид дэмжээд, сэвээд байна вэ. Бид чинь одоо өөрийнхөө нисэх буудлаар хэдэн хүн бүртгэж, шалгаж оруулж гаргаад, үйлчилгээ үзүүлээд, ачаа барааг нь ачиж буулгаад, баригдсан объектоо харж хандаад явж чадахгүй болтлоо дорд орчихсон улс уу? Өр бас дахин өр л хийх гээд байдаг, дээр нь гадны зөвлөхүүдийн, мэргэжилтнүүдийн өндөр  цалинг бас бид төлөх үү?

Улс орны маань асар их цаг хугацаа, үнэ өртгөөр бэлтгэсэн суурь бүтэц, өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин, олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаан шингэсэн бүтээн байгуулалт салхинд хийсчих вий гэж санаа зовж байна. Бодлогоо ил ярьж, эрдэмтэн мэргэдээр, мэргэжлийн хүмүүсээр тал талаас нь хэлэлцүүлж зөв гаргах нь чухал.

Тэгвэл яагаад заавал МИАТ гэжТөрд хөрөнгө байхаараа үнэгүйддэг, төр хамгийн муу менежер гэдэг биз дээ. Ер нь танд ямар ашиг сонирхол байна? 

Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс. Ард иргэдийнхээ, улс түмнийхээ язгуур эрх ашгийг төр нь хамгаалдаг, түүний тулд төр байдаг. Одоо агаарын тээвэрт ядарсан зүдэрсэн өндөр настан, хэвт­рийн өвчтөн, гэр бүл, оюутны хөнгөлөлтийг хэн өгдөг  билээ үндэсний тээвэрлэгчид. Дэлхий нийтэд дайны гал энд тэнд асч байна, дайн болоод дайн бүхий байдал үүссэн, дотоодын үймээн самуун дэгдсэн тэр газраас өөрийнхөө иргэдийг хэн очиж авах вэ, үндэсний тээвэрлэгчид. Дотоодынх нь компаниудын хүч нь сулраад, өрсөлдөх чадваргүй болоод муужраад ирэхэд манай зах зээл дээр байр сууриа бэхжүүлсэн гадны компани, харийн хүмүүс үнээ нэмэхгүй гэсэн баталгааг хэн өгч байгаа юм бэ, хэн нь ч таашгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн нэр барьж луйвар хийж ирсэн учраас хүмүүст тэгж харагдаад байгаа юм. Хөршүүдээ хараарай, стратегийн ач холбогдолтой онцгой салбартаа төрийн хяналт нь өндөр байгаа.

Уучлаарай, надад нисэхийн салбарт ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй. Санаа зоволтгүй, би катеринг авна хоол шахна гэхгүй, би шатах тослох материал оруулж ирээд давуу эрх олж нийлүүлнэ гэхгүй, би онгоц, объект хувь­чилж авахгүй. Нэг л зүйлийг ойлго!!! би Буянт Ухаагийн буурал дэнж, Өлзийт, Морингийн даваа, нисэхийнхний дэмжлэгийг авч төрд сонгогдсон төлөөлөл нь. Тиймээс дуугарч байгаа юм. Дуугарч ч ирсэн, цаашид ч дуугарах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Amoxil Dosing Guidelines Cytotec Pregnancy cialis 5 mg Achat De Vrai Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *