Л.Тунгалаг: Бизнес эрхлэгчдээ унагахгүйн тулд төр зохистойгоор дэмжих хэрэгтэй

4-р сарын 13, 2016 8:54 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 70
4-13-3х

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбулангийн зочноор Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ТУЗийн гишүүн Л.Тунгалагийг урилаа.

Сайн байна уу. Саяхан эдийн засгийн форум болж өндөрлөлөө. Энэ үеэр бизнесийнхэн ямар нэгэн шийдэл гарах байх гэсэн хүлээлттэй байсан. Таны хувьд?

Сүүлийн хоёр жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид түр зогсолт хийсэн. Зарим нэг нь дампуурсан гэдгийг ажилгүйдлийн тоо өсч байгаагаас харж болох байх. Яагаад гэвэл, дулаан цахилгаан, түрээсийн мөнгөө төлж чадахгүй байна.

4-13-3Ажилчдынхаа цалинг хүртэл тавьж чадахгүй байна. Үүнээс болоод үйлдвэрлэлийн зардлаасаа үйл ажиллагааны зардал нь илүү гараад байгаа юм. Ингээд өртөг өндөртэй бүтээгдэхүүн зах зээлд гарахаар эсэргээрээ худалдан авалт нь багасдаг. Монголын зах зээл жижиг хэрнээ маш олон шимэгчтэй. Дэлхийн бүх брэндүүд, үнэтэй машинууд Монголын зах зээлд нэвтэрчихсэн. Ийм тохиолдолд дотооддоо үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулж, түүнээсээ тодорхой хэмжээний орлого олж байж сая нэг өмсөх хувцсаа нэмнэ шүү дээ. Гэтэл тэр нөхцөл нь бүрдэхгүй байгаа болохоор бүгд зэрэгцээд уналтад ороод байна. Энэхүү уналтыг тэг цэг гэж үзээд байгаа.

Монголын зах зээл жижиг хэдий ч шингээх багтаамж сайтай гэдэг. Гэхдээ одоогоор худалдан авалт эрс муудсан нь үйлдвэрлэгчдэд бэрхшээл болж байгааг бизнесийнхэн хэлж байна?

Манай улс жилийн дөрвөн улиралтай. Хүмүүс улирал бүрт тохирсон хувцас сольдог. Бас бусад орныхныг бодвол их ганган, гоё сайхан байхыг хичээдэг ард түмэн. Хэрэв халуун оронд амьдардаг байсан бол даавуун даашинз нэгийг худалдаж авахад 2-3 жил өмсчихдөг юм шүү дээ. Тиймээс л үйлдвэрлэлийг шингээх чадвартай орны тоонд ордог гэж болно. Тэгэхээр хүмүүсийнхээ хэрэглээг хангах хэмжээний үйлдвэрлэл шаардах нь зүйн хэрэг. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн салбар унаж байсан үе бий. Харин одоо сэргэж байгаа гэж болно. Гэхдээ бодлогын дэмжлэг дутаад байна. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлт нь байгаа ч огтлолцох цэг алга. Жишээлбэл, дэлхийн стандарт, жишигт нийцсэн ноос ноолууран болон оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээл рүү нийлүүлсээр байна. Мэдээж хүмүүст хэрэглэх зайлшгүй шаардлага бий ч худалдан авах чадвар эрс муудсан нь борлуулалтад нөлөөлж байна шүү дээ. Энэ хэрээр эргэлтийн хөрөнгө түгжигдэх, түүхий эдээ худалдаж авах чадамжгүй болох хэмжээнд хүрч байгааг үгүйсгэх аргагүй.

Худалдан авалт хийх чадамжид тулгуурласан үнэ тогтоож болохгүй юм уу?

Худалдан авах чадвар юугаар тодорхойлогдох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал, ноолууран цамц үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэл эрхлэх зардал, үйлчилгээний төлбөр, ашиг орлого, цалингийн хэмжээ болон бусад зардлыг шингээдэг. Гэтэл нийтийн худалдан авах чадварт тулгуурласан хамгийн доод үнийг санал болго гэвэл үйлдвэрлэл хөгжихгүй. Дотоодын бү­тээг­дэхүүнийг үнэгүйдүү­лэх сонирхол нь үйлд­вэрлэлээ татаж унагаах нөхцөл болж болохгүй. Тэгсэн хэрнээ гадны брэнд хэмээх бүтээгдэхүүнийг өндөр үнэ төлөөд авчихдаг шүү дээ. Магадгүй загвар, өнгө үзэмж тааруу байна гэх биз. Нэг үеэ бодвол бид сайн чанарын, загвар сайтай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Тэгэхээр үйлд­вэр­лэгчдээ дэмжихийн тулд дотоодын бүтээгдэхүүнийг хямд байх учиртай гэдэг сэтгэлгээнээс гармаар байгаа юм. Үүнээс үүдэн таваарын эргэлт хийгдэхгүй байна.

Үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй гэх юм. Чухам ямар бодлого хэрэгтэй вэ?

Төрийн дэмжлэг гэхээр бизнестэй хэт хутгалдахыг хэлэхгүй. Магадгүй импортын бараанд хязгаар тогтоох шийдвэр гаргаснаар дэмжлэг боллоо гэх биз. Гэвч төдийлөн хүртээмжтэй биш. Мэдээж импортоор ямар бараа оруулах вэ гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Манай үйлдвэрлэгчид зарим түүхий эдээ импортоор оруулж ирдэг. Гэтэл хаалт хийчихвэл бас л хүндрэл учруулна. Дотоодоос түүхий эдээ авна гэхээр хүрэлцэхгүй. Зайлшгүй 40-60 хувийн импортын бүтээгдэхүүн авах болдог юм. Тэгэхээр валютын ханшийн өсөлт бас дарамт болж байна. Хэрэв байдал ийм хүнд байвал манай улсын үйлдвэрлэлийн салбар уналтад орно. Энэ нь эргээд эдийн засагтаа ч нөлөөлнө шүү дээ. Түүнчлэн НӨАТын хуулийн шинэчилсэн найруулга бас дарамт учруулж байгааг хэлэх хэрэгтэй. Дийлэнхдээ НӨАТ төлөгч биш байгууллага болон хувь хүнээс түүхий эдээ авч байгаа газруудад энэ нь татварын дарамт учруулж байна. Магадгүй үйлчилгээ эрхэлсэн бол татвараа төлөх нь зайлшгүй гэх биз. Гэсэн хэдий ч орлогогүй байгаа аж ахуйн нэгжүүд юугаараа татвар төлөх билээ. Энэ нь эдийн засаг, нийгмийн байдал хүндрээд байгааг харуулж байгаа юм шүү дээ.

Энэ хүнд байдлаас бид яаж гарах вэ?

Мэдээж, аливаа зүйлд гарц байдаг. Жишээлбэл, Европын улс орнууд зах зээлээ яаж шийдэж байна гэдгийг анхааралтай ажигла. Бизнес эрхлэгчдээ зөв дэмжсэнээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна. Мөн төр нэгэнтээ бизнес эрхлэгчдээс татвар авч байгаа болохоор тэднийг аль болох унагахгүй арга сийлэх учиртай. Яагаад гэвэл, бизнес нь дампуурчихвал татварын орлого дутна. Энэ нь эдийн засагтаа нөлөөлнө. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжид зээл олгохдоо ядаж хугацааг нь уртасгах хэрэгтэй. Түүнчлэн зээлийн хүүгээ бууруулах ёстой. Учир нь манайд үйлдвэрлэл явуулах хөрс байхгүй. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь өндөр хүүтэй зээл гэдгийг бизнесийнхэн хэлдэг. Орон сууцны зээлийг буурууллаа. Тиймээс үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа гэдэгт найдаж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулж буй газрууд 10-20 хувийг нэмэх тухай хуулиар зааж өгөх нь зүйтэй. Учир эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүх зардлыг дааж бараагаа гаргадаг. Гэтэл борлуулагчид үндсэн үнэ дээр дор хаяж 50 хувийг нэмж байгаа нь үнийг өсгөх нэг шалтгаан болдог юм. Ийм тогтолцооны гажгаас үүдэн үйлдвэрлэл ашиггүй, бүтээгдэхүүний үнэ хэт өндөр болж байгааг талууд ойлгох хэрэгтэй. Хэрэв борлуулагч 50 хувийг нэмэх шаардлагатай гэвэл түүнийгээ батлах ёстой.

НӨАТын шинэ хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд дарамт болоод байна гэдэг шүүмжлэл гарч байна?

Үнэн шүү дээ. Уг нь зах зээлийн нийгэмд хөлөө олж амьдрахын тулд дор бүрнээ л эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байна. Харамсалтай нь төр боломж олгохгүй байна л даа. Би дахиад хэлье. Зах зээлийг элгээр нь хэвтүүлэхээсээ өмнө дорвитой шийдэл гаргах хэрэгтэй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт босгох зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулах шийдвэрийг хуульчилмаар байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хамгийн бага хүүтэйгээр зээл авлаа гэхэд доод тал нь 2-3 хувь байдаг. Тэгэхээр, жилдээ 24-36 хувийн хүү төлнө гэсэн үг. Энэ нь үйлдвэрлэлээ хөгжүүлж, техник технологио шинэчлэх, ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг боомилж буй хэрэг. Хэрэв үйлдвэрлэгч зээл авсан бол нэг сарын дараа хүүгээ төлж эхэлдэг. Жишээлбэл, “Агэдэг компани 10 сая төгрөгийн зээл авчээ. Үйлдвэрлэлээ эхэлж амжаагүй байтал зээлийнхээ хүүг төлөх хугацаа тулчихаж байгаа юм. Ингээд л зээлийн дарамт үүсч байна. Монголын компаниудыг дэмжихийн тулдМонгол 999” гээд нэгдэл бий болсон. Гэсэн ч биднийг дэмжсэн зүйл алга. Бизнес эрхлэгчид маш их ачаалал үүрч явна. Гэтэл маш их дарамт, хууль дүрэм, санхүүгийн асуудлаа шийдсээр эцсийн дүндээ үр дүн нь тэг байдаг. Уг нь тодорхой хэмжээний нэмэх тэмдэг гарч байж л цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

asics running shoes
2016 оны 9-р сарын 21

This is really unbelievably generous of people like you to deliver publicly what a number of people could possibly have advertised as an electronic book to make some cash on their own, and in particular now that you could possibly have tried it in the event you desired.
asics running shoes http://www.asicsshoes.us.com

asics outlet
2016 оны 9-р сарын 21

Thanks a lot for providing individuals with an extraordinarily spectacular opportunity to read in detail from here.look forward to so many more cool times reading here. Thanks once more for all the details.
asics outlet http://www.asicsshoes.us.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *