Л.Цогзолмаа: ХЭРЭГЦЭЭГЭЭ ДАГАСАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРИНО

2-р сарын 21, 2017 11:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 24
_MG_8738

Д.НАДМИД

Дундговь аймгийн Луус сум олон аварга, алдартантайгаараа аймагтаа тэргүүлдэг. Тус сумын Засаг дарга Л.Цолзолмаатай ярилцлаа.

 Та сумынхаа тухай товчхон танилцуулна уу?

Манай сум 93 жилийн түүхтэй. Арван аваргын өлгий гэж нэрлэгддэг ажилсаг бүтээлч хамт олны нутаг юм. Дэд бүтэц, зам харилцаа сайтай аймгийнхаа төвд ойрхон онцлогтой. Өмнөх үеийнхээ хөдөлмөрч уламжлал, нөөц боломждоо тулгуурлаад иргэд маань сумаа хөгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн нь бас нэг онцлог болно. 2016 оны эцсийн тооллогоор 1800-гаад хүн амтай, 143 мянган толгой малтай болсон. Мал өнгөрсөн оныхоос 4.7 хувь өссөн бол мянгат малчин зургаагаар нэмэгдсэн.

Танай сум нэгэн үед аймагтаа загвар болох үндсэн зорилттой ажиллаж байсан санагдана. Энэ тухайд…?

Тиймээ. Тэр сайхан ажил, санаачилгыг үргэлжлүүлэх нь үе үеийн Засаг дарга нарын үүрэг байх. Загвар сум болно гэдэг нь сумын төвийн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах тэгснээр өмнөх  өнгө төрхийг өөрчлөхөд чиглэгдэж байсан юм билээ. Хамгийн гол нэг үзүүлэлт нь байгууллагуудынх нь ажил үйл, иргэдийн амьдралын чанар жигд болсон байх ёстой байж. Энэ талаар нэлээд юм хийсэн болохоор манай суманд аймгийн хэмжээний үзүүлэх сургуульзагвар сумгэсэн нэрийн дор хийж байсныг мэднэ. Би олон жил цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хүн л дээ.

Засаг даргын албыг хашиж эхэлснээс хойш ямар ажил амжуулж байна даа?

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2017-2020 оныхоо үйл ажиллагааны хөтөлбөр болон энэ онд сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төлөвлөгөөг батлуулаад ажиллаж байна. Эхлээд иргэдийнхээ санаа бодлыг сонссон. Өөрсдийнх нь идэвх оролцоог их чухалчилж байгаа. Орон нутагтаа шаардлагатай үйлдвэрлэлийг бий болгохыг эрхэмд үзэж байна. Энэ нь урьд нь олдоц муутай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, Луусынх гэх брэндтэй болох гээд юм юм л бодож байна даа. Гэхдээ мөнгө хөрөнгө тааруу шүү дээ. Сум хөгжүүлэх сангийн хамжээ их багассан. Нөгөө талаар юм бүхнийг үйлдвэрлэе гэхээр аймагт ойрхон учир борлуулалт муу. Энэ мэт зовлон бий.

Сумын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй тал байнаа даа?

Тийм шүү. Мал аж ахуйгаа түшиглэн хөгжиж ирсэн туршлага бол байнаа. Гэтэл өнөөгийн иргэд чинь нийгмийн хэрэгцээ шаардлагаар өөрчлөгдөж цэвэр орчинд сайхан тохилог гэр, сууцанд амьдрах, үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгохыг эрхэмлэдэг болж. Зах зээлийн үеийн зарчим ч тийм юм. Тэгэхээр тэр хүсэл зорилгыг нь биелүүлэхийн тулд төрийн туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ өөрсдийнх нь санал санаачилгад тулгуурласан ажил чухал байгаа юм. Засаг даргын албыг аваад багийн нийтийн хурлуудад оролцлоо. Ахмадуудтайгаа уулзаж санаа бодлыг нь сонслоо. Эндээс асар боломж бололцоо харагдаж байна.

Ер нь танай иргэдийн аливаа ажилд оролцох идэвхи хэр байдаг юм бэ?

Ямар нэг ажил зохиоход иргэдийн оролцоо янз бүр байх юм. Залуучуудын хувьд нийгмийн идэвх тийм сайн биш нь харагдлаа. Шинэ жил тэмдэглэх болон баярын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиоход тэд сүрхий ирдэг. Гэтэл хурал цуглаан, сургалт гэхээр ирц муу. Үүнийг ахмадууд хэлээд байна лээ. Иймээс залуучуудтайгаа ажиллах олон нийтийг хамарсан ажлаа шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байна.

Сумын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хэр өрнөлттэй байдаг юм бэ?

Сүүлийн найман жилд бүтээн байгуулсан ажил гэвэл 100 хүүхдийн цэцэрлэг барьсан. Суманд цагдаагийнКобанбаригдсан гээд улсын төсөв хөрөнгөөр бүтсэн ажлууд бий. Үүнээс гадна сүсэгтэн олны хандив хөрөнгөөр хийдээ шинэчилж чадлаа. Өөрсдийн хичээл зүтгэл, нэмэр хандивын үр дүн болохоор иргэд их талархалтай байгаа.

Тэгвэл мөрийн хөтөл­бөртөө ямар бүтээн бай­гуу­лалт хийхээр тусгасан бэ?

Иргэдийнхээ саналын дагуу хэд хэдэн ажил төлөвлөсөн. Тэр дотор хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт заалтай болох. Сургуулийн дотуур байр, сумын Засаг даргын тамгын газрын байр барих ажлыг эхлүүлнэ. Ямартай ч зураг, төсвийг бэлдэх, шийдүүлэх бодолтой. Мөн төрийн албан хаагчдаа сууцжуулах ажил бий.

Суманд чинь жижиг, дунд үйлдвэрийн ямар салбар ажилладаг вэ?

Гэрийн бургасан хана гурван газарт хийдэг. Энэ маань сумын брэнд бүтээгдэхүүн болсон. Олон жилийн уламжлалт бүтээгдэхүүн энэ. Блокны нэг жижиг үйлдвэр байна. Малчид маань малын шилмэл үүлдэр бий болгохоор ихээхэн чармайж байна. Одоо нэн шаардлагатай арьс шир боловсруулах цех байгуулахаар 11 малчин нэгдээд байна.

Амжилт хүсье. Ярилцлагаа дуусгах уу?

Сар шинийн босгонд ийм завшаан олдсон болохоор сумынхаа малчид хөдөлмөрчид, эх орны өнцөг булан бүрт байгаа Луусын уугуул, суугуул иргэдэд цагаан сардаа сайхан шинэлж үргэлжийн аз жаргалтай, олзтой омогтой амьдрахын ерөөл дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

GoldenTabs
2017 оны 12-р сарын 7

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *